Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

17198

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай өнгөрсөн онд “Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны эзнээр тодорсон билээ.

БНСУ-ын Сөүл хотод төвтэй Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Иран гэсэн дөрвөн орны найрагчдаас тус бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлжээ. Тэд манайхаас Д.Урианхай зохиолчийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл, шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан, шүүгчдэд хүргүүлж байсан аж. Ингээд сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи, франц, солонгос шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын зохиолч шалгарчээ.

“Асар хурдацтай хувиран өөрч­лөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийнх нь харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир…” хэмээн энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд олгох болсон үндэслэлдээ тодорхойлсон аж.

Тэгвэл саявтархан Шведийн Нобелийн хорооноос манай улсын ШУА-д 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд өөрийн орны зохиолчоо нэр дэвшүүлнэ үү гэсэн албан ёсны захидал иржээ. Энэ дагуу МЗЭ тэргүүтэй мэргэжлийн байгууллагууд Дамдинсүрэнгийн Урианхайг 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, холбогдох бичиг баримтыг Шведийн Нобелийн хороонд хүргүүлэхээр зэхээд байгаа юм байна.

Дамдинсүрэнгийн Урианхайн намтар:

1940 оны 7-р сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. Яруу найрагч үргэлжилсэн үгийн зохиолч. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн дээд сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1968 оноос уран зохиол бичиж роман, тууж, өгүүллэгийн номууд хэвлүүлжээ. 1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002 онд Алтан-Өд, 2003 онд Болор цом яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд МЗЭ-ийн Алтан Өд шагнал авчээ.

Х.Онон

http://www.zuv.mn/page/newsmore/16918


URL:

Сэтгэгдэл бичих