Хотын дарга С.Батболдын хэлсэн онцлох 25 эшлэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр “ХОТ БА СЭТГҮҮЛЧ” зангиагүй уулзалт хийлээ. Уулзалтаар өнгөрсөн онд хийсэн ажил болон хотоос хэрэгжүүлж байгаа бодлогоо танилцуулав.
Энэ үеэр тэрбээр сонирхолтой хэд хэдэн мэдээллийг хүргэсэн юм. Ингээд түүний хэлсэн онцлох 25 эшлэлийг түүвэрлэн хүргэж байна.
- Эдийн засаг санхүүгийн хүндрэлээс гарахын төлөө ажилласны үр дүнд 2018 онд концессын гэсэн тодотголтой 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг Улаанбаатар хот барагдуулж, өргүй хот болж байна.
- Ипотекийн зээлийг оновчтой олгож, газраа байраар солих гарцыг илүүд үзнэ.
- Яндангийг тоог буурулж, орон сууцанд орж, газар зөв чөлөөлөх менежмент хэрэгжүүлнэ.
- Өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн орон сууцанд орж, газраа чөлөөлж, яндан буулгасан.
- Утааг бууруулахад 198 тэрбум төгрөг шаардлагатай.
- Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот бий болгох, утаагүй хот болох зорилтыг хэрэгжүүлнэ.
- Улаанбаатар хотын захиргааг Яармагийн дэнж руу нүүлгэнэ. Нийслэлийн 3500 төрийн албан хаагч болон эндээс үйлчилгээ авдаг 30 мянган гаруй иргэн хотын төвд түгжирч, бухимдал үүсэхгүйгээс гадна шинэ төлөвлөлт хийгдэнэ.
- Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын зам дагуу хотын захиргааг нүүлгэснээр хөгжлийн шинэ концепци гарч, их дээд сургууль болон төрийн яамдыг ч нүүлгэх бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна.
- “Сервис центр” барих ажил хийгдэж байна. 200-аас 400 өрх айл өөрсдийн сайн дураар нэгдэж, дэд бүтэц бүхий амины орон сууцтай болох боломжийг хот олгож эхэлнэ. Эхний ээлжинд 4 байршилд “Сервис центр” байгуулна. 11 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
- Иргэд дунджаар 60 сая төгрөгөөр амины орон сууцанд амьдрах орчин бүрдэнэ.
- Түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барих ажил эхэлнэ.
- Мянган айлын газар чөлөөлж, орон сууцны хороолол барих ажлуудыг шат дараалан хийснээр агаарын бохирдлыг бууруулахад ахиц ирнэ.
- Түүхий нүүрсний хэрэглээг хориглоно.
- Эко түлш хэрэглэх бодлого барина.
- Дэлхийн жишигт нийцсэн дүүргийн эмнэлэг ашиглалтад оруулна.
- Боловсролын салбарт бол хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын хувийг 85 хувьд хүргэнэ.
- Төрийн алба хүнд сурталгүй ажиллах, авилгаас ангид байхад онцгойлон анхаарч байна.
- Улаанбаатар хотынхоо ганц том гудамжиндаа ТҮЦ ажиллуулахгүй.
- Багануур, Багахангай, Налайх дүүргийг Зуунмод, Майдарын хамтаар дагуул хот болгоно.
- “Жайка” байгууллага, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл гээд нийт 15 тэрбум төгрөгөөр шинэ сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн.
- Ногоон орчныг бүрдүүлнэ.
- Асуудлыг заавал даргаар биш хууль ном, журмын дагуу өөрсдөө шийдэж, иргэн хүнд чирэгдэлгүйгээр хариултыг заавал өгөх ёстой.
- Ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ.
- Хот бол өөрөө хамтын амьдрал. Нэг хүний хувийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашгийг хүндэтгэнэ.
Б.Анир
URL: