Сэтгүүлч Ерөнхийлөгчтэйн буян
УИХ-ын гишүүд сонгуулийн сурталчилгааны үеэр өрсөлдөгчөө унагахын тулд бузар булай бүхнийг хийж төлбөртэй нэрээр хэвлэл, мэдээллийн байгууллагад шахдаг. Хүн гүтгэж гутаасан эрхмүүд өөрсдөө уснаас хуурай гарахын тулд одоо хэлэлцэж буй Сонгуулийн хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны үеэр худал мэдээлэл тараасан хэвлэл, мэдээллийн байгууллагыг сарын цалингийн доод хэмжээг 35-70 дахин нугалсан хэмжээгээр буюу таван саяас 10 хүртэл сая төгрөгөөр торгох заалт оруулан дэмжсэн. Буруугаа бусдад тохох гэсэндээ ийм заалт оруулсан гишүүд харин өөрсдөө буруудахдаа тулбал ганц сая төгрөгөөр торгуулах юм гэсэн.
Харин сэтгүүлч мэргэжилтэй Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг эсэргүүцэж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн төслийн талаар санал боловсруулан, УИХ-д албан бичгээр хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч “Сонгуулийн тухай хуулийн төслийн 39 дүгээр зүйлд “39.22.Энэ хуулийн 39.1, 39.3, 39.7, 39.10, 39.13-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5.000.000-10.000.000 төгрөгөөр торгоно” гэж заасан нь шударга бус байна” гэж саналдаа тусгасан юм.
Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд хэвлэлд ногдуулах торгуулийг эргэж харан байдал зөөлрөөд байна. Хэн нэг улстөрчийн захиалгат, төлбөрт нийтлэл, нэвтрүүлэг бус, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өөрсдийнх нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл худлаа байвал торгууль ногдуулдаг байх, улстөрчид захиалгат мэдээлэлдээ өөрсдөө хариуцлагаа хүлээх талаар байнгын хорооны гишүүд хэлэлцэн дэмжсэн нь сэтгүүлч Ерөнхийлөгчтэйн буян гэхээс өөр юу гэх билээ. Ямар боловч улстөрчид захиалгат нэрээр бусдыг аль муухайгаар гүжирдэж хэвлэлээр цацуулчихаад хэвлэлийг торгож, хааж, харин өөрсдөө гэмгүй царайлж хоцрох гэсэн санаа ийнхүү бүтэлгүйтэв.
Д.ОЮУН
URL: