Д.Сумъяабазар, Д.Загджав хоёрын ХУВИЙН байр суурь!
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав “Оюутолгой төслийг удирдагч “Рио Тинто” компанид хэлье, Монголчуудын тэвчээрт хязгаар бий!” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр мэдээлэл хийж, дэд сайдаа хувь хүний тоглолт хийж байна хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Дэд сайд Д.Загджав “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь яамны, засгийн газрын байр суурь биш. Сайдын байр суурь биш. “Оюутолгой”-д ажлын хэсэг хоёр сарын турш их сайн ажилласан. Гэхдээ тус компаниас авсан, Засгийн газрын хүүний зардлыг бууруулах, өгөөжийг эргэн харах шаардлага бий. Ерөнхийлөгч өчигдөр телевизээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солих талаар ярьж байна лээ.
ТУЗ бол ТУЗ шигээ ажиллах ёстой. Бүгдээрээ үлбэгэр байна. Засгийн газар “Рио Тинто”-д 6.5+лайбор=8.4 хувийн хүүг зээлд төлдөг нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд энэ асуудлуудад анхаарна. Дубайн гэрээг өөр улсад байгуулсан нь шүүмжлэл дагуулдаг. Миний хувийн бодлоор Оюутолгойд худалдагдсан олон хүн бий. Засгийн газрын боловсруулсан мэдээ, мэдээллийг очиж, тэр айлд худалддаг, эрх баригчид
Оюутолгойтой холбоотой ямар нэг асуудал шийдэх гэхээр урьдчилан нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх зорилгоор элдэв мэдээлэл тараах явдал их элбэг байна. Өнөөдрийн хоолноос илүүтэй ирээдүйн ашгаа бодолцох нь зөв.Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эгүүлэн татах асуудлыг би Засгийн газрын хуралдаанд оруулна. Хувь хүний тоглолт хийж болохгүй” гэлээ.
Ер нь бол тус яамны Сайд болон Дэд сайдын өгч буй мэдээллүүдийг харахад хэн хэн нь хувийн байр сууриа хавчуулаад л байгаа харагдана. Д.Сумъяабазар сайд Оюутолгойд худалдагдсан олон хүн бий гэж хэлэхдээ хувийнх нь бодол гэдгийг тодотгосныг анзаарах л хэрэгтэй юм.
URL: