ОРОСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ЗАРТАЙ АЛУУРЧНЫГ ӨЧИГДӨР ШҮҮЖЭЭ
ОРОСОрчин үеийн Оросын түүхэн дэх хамгийн том цуврал алуурчин цагдаагийн офицер асан Михайл Попковт холбогдох шүүх хурал өчигдөр Эрхүү хотод болжээ. Тэрбээр 22 эмэгтэйг хүчиндэж, амийг нь бүрэлгэн, хоёр хүнийг алахыг завдсан хэргээр 2015 онд насаараа хоригдох ял сонссон.
Өдгөө 53 настай Михайл Попков нь 59 хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байгаа аж. Үдшийн бүрийгээр хүний хөл татрах үед Ангарск хотод машинаар явж, хохирогчдыг суулган авч явдаг байсан гэнэ. Заримдаа тэр цагдаагийн машинаа ашигладаг байжээ. “Хүн чоно” хочит Попков нь эдгээр хэргийг 1992-2010 оны хооронд үйлдсэн байдаг аж.
Хэрвээ Попков нийтдээ 81 хүн алсан нь тогтоогдвол алдарт алуурчид болох 48 хүний аминд хүрсэн Александр Пичушкин, 52 хүний амь бүрэлгэсэн Зөвлөлтийн үеийн Андрей Чикатило нарыг хол хаях юм.
Попков өөрийгөө “цэвэрлэгч” гэж нэрлэж, төрөлх хотоо биеэ үнэлэгчдээс цэвэрлэж байна гэж боддог байсан гэнэ. Хохирогчидын дотор биеэ үнэлэгчид, хар тамхичид байгаа ч ихэнх нь гэр бүлтэй, энгийн 16-40 насны эмэгтэйчүүд байсан бөгөөд зөвхөн нэг эрэгтэй байв. Тэрбээр согтуу хөлчүү явж байсан, ёс зүйгүй амьдралаар амьдарч байгаа гэж үзсэн эмэгтэйчүүдийг авладаг байжээ. Эл аймшигт хэргүүдээ албан хаагч байхдаа, мөн 1998 онд тэтгэвэртээ гарснаасаа хойш үргэлжлүүлэн үйлдэж байсан нь тогтоогдсон юм.
Попковын хэргийг мөрдөж буй байцаагч Карчевский түүнийг сэтгэцийн эмгэгтэй гэж үзэж байгаа ч үйлдсэн хэргээ хүлээх чадвартай гэж дүгнэжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Jun 2, 2019 -