“ИКЛЕКТИК” ЭДИЙН ЗАСГИЙН НӨЛӨӨНД АВТСАН МОНГОЛБАНКНЫ “ГАНХАЛТ”-ЫГ ЮУ ӨӨРЧЛӨХ ВЭ

597293cfb50b182b2cb49389b89044df“Иклектик” гэж ямар нэр томъёо гараад ирэв гэж та гайхаж байгаа байх. Үүнийг Монголбанкны мэргэжилтнүүд “Монгол Улсын эдийн засаг хаашаа л бол хаашаа холбирч, гуйвахдаа амархан. Маш эмзэг. Үүний гол шалтгаан нь инфляциа нам тогтвортой төвшинд барьж чаддаггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ханш, мөнгөний нийлүүлэлт, инфляцийн төсөөллөөс гадна өөр маш олон үзүүлэлтийг Төв банк зохицуулах гэж оролддог.

Ийм зарчмаар эдийн засгаа удирддаг орнуудыг “Иклектик” стратегитай гэж тодорхойлдог. Өнгөрсөн хугацаанд Монголбанк нэг бол мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөх, эсвэл бодлогын хүүгээр дамжуулж инфляцийг барих гээд, бүр цаашлаад валютын ханш руу хэт их анхаарал хандуулах гээд олон зүйлийн дунд савласаар ирсэн. Энэ нь эргээд эдийн засагтаа сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй. Тиймээс энэ байдлаас гарч, олон улсын жишигт нийцсэн тогтолцоо руу зайлшгүй шилжих шаардлага гарсан” гэж тайлбарлав. Төв банк нь хэтэрхий олон зүйл рүү анхаарал хандуулаад байхаар бодлогын шийдвэр нь савж, гуйвдаг жишээ олон улсад элбэг тохиолддог байна. АНУ-д л гэхэд улс төрийн нөлөө мөнгөний бодлогод нь орсон тохиолдол цөөнгүй гарч байжээ. Үүнээс зайлсхийхийн тулд АНУ Төв банкны хараат бус байдлыг бий болгож, Засгийн газраас тусдаа бодлого, чиглэлээ гаргадаг болжээ. Тиймээс манай улс олон улсын жишигт нийцүүлэх замаар алдаа, дутагдлаа залруулахын тулд Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж, УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад тус хуулийн зарим заалтыг өөрчилж, заримыг нь хэвээр үлдээхээр болов. Тухайлбал, Монголбанкны үндсэн зорилго нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Үүнийг хуулийн өөрчлөлтөөр “Үнийн тогтвортой байдлыг хангах” болгон УИХ-д оруулсан ч хуучнаар нь үлдээхийг УИХ-ын гишүүд чухалд тооцов. Уг нь дэлхийн Төв банкуудын ихэнх нь үнийн тогтвортой байдлыг чиг шугамаа болгодог байна.
Үүнийг тайлбарлавал, ханш импортын барааны үнэд нөлөөлөх замаар инфляцид дам нөлөөлдөг. Мөн ханшийн хөдөлгөөн нь өрийн хэмжээ, зээлийн эргэн төлөлтөд нөлөөлдөг. Иймд Төв банк хэдийгээр инфляцийг үндсэн зорилго болгосон ч ханшид анхаарал хандуулдаг. Үүнийг “Зохицуулалттай ханшийн дэглэмтэй инфляцийг онилох мөнгөний бодлого” гэж тодорхойлдог байна. Энэ арга хэлбэрийг сонгохоор Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилгыг үнийн тогтвортой байдал буюу инфляцийн тогтвортой байдал гэж тодорхойлжээ. Харин ч Төв банкны үндсэн зорилтыг хоёрдмол утгагүй, “Үнийн тогтвортой байдлыг хангах” болгож өөрчилснөөр ханшийн тогтвортой байдал хангагдах боломж бүрдэнэ гэж Монголбанк харж байгаа аж.
Түүнчлэн инфляцийг нам, тогтвортой төвшинд хадгалж, мөнгөний бодлогын зорилтыг тодорхой болгосноор макро эдийн засгийн орчныг дунд хугацаанд тогтворжуулах, улмаар валютын ханш тогтворжих нөхцлийг бүрдүүлэх боломжтой гэнэ. Төв банк инфляцийг тогтворжуулснаар макро эдийн засгийн тогтвортой байдал бий болох, макро тогтвортой байдал бий болсноор ханш савлахгүй байх нөхцлийг бүрдүүлэх эерэг нөлөө бий болно гэж үзэж байгаа юм байна. Гэвч ихэнх гишүүдийн саналаар дээрх зохицуулалтыг хуульд тусгахгүй байхаар болов.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд дээрх заалт ойлгомжтой санагдсангүй. Мөн хэд, хэдэн заалтыг өөрчлөхөөр болсон юм.  Гэхдээ асуудал үүгээр дуусаагүй. Тус хуулийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригийн чуулганы хуралдаанаар хийх учиртай. Тиймээс гишүүд эдийн засагт эерэг нөлөө авчрах зарим заалтыг эргэн харах болов уу гэж найдна.

Төв банкны тухай хуулийн өөрчлөлтийн талаар талуудын байр суурийг хүргэе.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР: МОНГОЛБАНК УРАГШАА ХАРСАН ЗҮЙЛ ХИЙХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА. ҮҮНИЙГ НЬ ҮГҮЙСГЭЖ БОЛОХГҮЙ

-УИХ-ын чуулганаар Төв банкны тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг хэлэлцэж хэд, хэдэн зүйл заалтыг нь өөрчлөхөөр болсон. Тухайлбал, Төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж, хамтын зарчмаар шийдвэр гаргадаг болно зэрэг заалтуудын талаар тодорхой тайлбар өгөхгүй юү?  
-Эдийн засгийг донсолгож, савал­гаа үүсгэхгүйн тулд Төв банкны тухай хуулийг шинэчлэхээр болсон. Төв банкны ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргадаг байсныг болиулж байна. Хяналтын хороо, Мөнгөний бодлогын зөвлөл, Захирлуудын зөвлөл зэрэг зөвлөл байгуулагдаж, хамтын шийдвэр гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, Мөнгөний бодлогыг мэргэжлийн хүмүүс хамтарч, тодорхой шийдвэр гаргадаг болно гэсэн үг. Нэг ёсондоо Төв банкны ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж бай­гаа юм. УИХ-аас томилж байгаа мэр­гэж­лийн хүмүүсийг УИХ-ын дар­гын санал болгосноор томило­хоор болсон. Төв банкны тухай хуулийн эхний хэлэл­цүүлгийг хийх үеэр 3-4 асуу­далд  гишүүд санал гаргасан. За­рим саналыг нь хүлээж авч байна. Монгол­банкны анх оруулж ирсэн хуулийн нэлээд олон заалтыг цэгцэлж өгсөн.
-Хэлэлцүүлгийн үеэр Монгол­банк­ны ерөнхийлөгчийн цалин, хөлсний асуудлыг хөндөж байсан. Тодруулбал, Монголбанкны газрын захирлууд таван сая төгрөгийн цалин авч байхад, ерөнхийлөгч нь нэг сая төгрөгийн цалин авдаг асуудлыг хөндөж байсан. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ? 
-Арилжааны банкны захирлууд маш өндөр цалин авдаг юм байна. Тэр хэмжээнд байж чадахгүй юм аа гэхэд тодорхой хэмжээний цалингийн  жишгийг  УИХ-аас тогтоож өгөх ёстой л доо. Ерөнхийлөгч нь газрын дарга, хэлтсийн захирлаасаа бага цалин авч байгаа нь мэдээж байж боломгүй хэрэг.
-УИХ-аас цалингийн хэмжээг тогтоож өгөхөөр бол ойролцоогоор хэд байх вэ?  
-УИХ-аас дээд тал нь 5-7  сая төгрөгийг тогтоож өгөх байх.
-Газрын захирлууд нь яагаад таван сая төгрөг авдаг юм бэ?
-Монголбанк ашгийнхаа 40 хувиар төсвөө бүрдүүлдэг хуультай. Тиймээс байгууллага дотроо ярьж байгаад захирлуудынхаа цалинг тогтоодог юм билээ.
-Төв банкны хуулийн шинэч­лэлийн төсөлд мөнгөний бодлогыг гурван жилд нэг удаа батлахаар УИХ-д оруусан. Энэ заалтыг юу болгосон бэ? 
-Үүнийг болиулаад нэг жилд батлахаар болсон. Энэ бол УИХ-ын эрх мэдлийн асуудал. Тухайн эдийн засгийн нөхцөл байдлаа харж байгаад жил жилдээ батлах нь зүйтэй юм байна гэж УИХ-ын гишүүд үзсэн. Бас нэг асуудал байна. Ихэнх улс орнуудын Төв банк үнийн тогтвортой байдлыг барьж ажилладаг. Гэтэл гишүүд “Монгол Улс хөгжлийн шатандаа явж байна. Тиймээс өндөр хөгжиж байгаа орнууд шиг үнийн тогтвортой байдлыг харахаас илүү инфляциа онилж, ханшаа барих хэрэгтэй” гэж үзсэн. Уг нь Монголбанкныхан урагшаа харсан зүйл хийх гэж оролдоод байдаг. Үүнийг нь үгүйсгэж болохгүй л дээ. Нэгэнт хуулиндаа өөрчлөлт оруулж байгаа бол оруулсан шиг оруулах ёстой. Төв банкны тухай хууль шинэчлэгдсэнээр санхүүгийн зах зээл дээрх огцом донсолгоо байхгүй болно. Мөн өмнө гарч байсан алдаанууд давтагдахгүй. Өмнө нь хэдэн их наядаар нь мөнгө хэвлээд гаргачихдаг байсан. Энэ бүгд арилна гэсэн үг. Энэ хуулиар Монголбанк Засгийн газар болон арилжааны банкуудад зээл өгнө. Өөр субъектэд зээл өгөхийг хатуу хориглож байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА: ҮНИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ЗӨВ

-Та Төв банкны хуулийн шинэчлэлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ? 
-Төв банкны тухай хуулийг санал нэгтэйгээр дэмжсэн. Одоо батална. Төв банкны зүгээс хяналтын ажлыг эрчимжүүлэх асуудлыг ярьсан шүү дээ. Арилжааны банкуудад хийх хяналтыг чангална гэдэг дээр хүмүүс эмзэглэж байгаа. Уг нь мөнгө санхүүгийн бодлого хэдий чинээ чанга байна тэр хэмжээгээр эдийн засагт тодорхой үр өгөөжөө өгдөг. Тиймээс хүүг бууруулах, эдийн засгаа томруулах асуудалд шинээр орж ирж байгаа хууль онцгой үүрэгтэй. Хоёрдугаарт, бодлогын зөвлөлүүд гэж байгуулагдсан. Энэ бодлогын зөвлөлүүд маш сайн ажиллавал Төв банкны үйл ажиллагаа сайжирна. Өөрөөр хэлбэл, Төв банкны үйл ажиллагаанд Засгийн газар болон төрийн байгууллагууд шууд оролцдог боломжийг хааж өгсөн хууль гарсан гэдгээрээ ач холбогдолтой.
-Үнийн тогтвортой байдлыг хэрэгжүүлэх тухай заалт дээр ямар бодолтой байна вэ? 
-Үнийг тогтвортой байдлыг хэрэгжүүлэх нь хамгийн зөв санаа гэж харсан. Яагаад гэвэл үнэ тогтвортой байна гэдэг нь валют, төгрөгийн харьцаа харьцангуй  тогтвортой байна гэсэн үг. Яахав ажлын хэсэгт орсон гишүүдийн саналаар хуучнаар нь үлдээсэн байна лээ. Мэргэжлийн хүмүүс сайн ярьсан байх.
-Монголбанкны ерөнхийлөг­чийн цалингийн талаар?
-Үүнийг нийгэмд асар ихээр улстөржүүллээ шүү дээ. Яг үнэн хэрэгтээ Төв банкны захирал хүн гадна, дотнын банкуудтай харьцуулахад  сая гаруй төгрөгийн цалинтай байна гэж байж болохгүй шүү дээ. Төв банкны ерөнхийлөгчийн цалинг нэмэх асуудлыг УИХ шийдэх байх.  Цалин хөлсийг нь нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурин дээр байгаа.

МОНГОЛБАНКНЫ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗРЫН ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ Б.ЭРДЭНЭХУЯГ: ТӨВ БАНКНЫ ОДООГИЙН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ НЬ ХОЁРДМОЛ УТГАТАЙ

-Монголбанк өнгөрсөн хуга­цаанд ханшаа барьж чадахгүй алдсан шүү дээ. Энэ юутай холбоотой вэ? 
-Төв банкны одоогийн хуулийн зохицуулалт нь хоёрдмол утгатай байдаг. Нэг бол ханш, нэг бол инфляциа барина гээд ийш тийшээ хөлбөрдөг. Олон улсын туршлагыг харахад үнийн тогтвортой байдал буюу инфляци нь нэгдүгээр зорилт байдаг. Бусад зүйл нь дагалдах зорилт байдаг. 106 орны 86 Төв банкны бодлого үнийн тогтвортой байдал буюу инфляци руу чиглэж байгаа. Инфляци гэдэг бол эдийн засгийн халууныг хэмждэг. Гэтэл УИХ-ыг гишүүд “Ханшаа орхигдууллаа” гэж үзээд байгаа юм. Тийм зүйл байхгүй. Хуучнаараа явбал хуучнаа давтсаар л байх болно.
Хоёрдугаарт, Төв банкны ерөнхийлөгчийн бие даасан байдал. Энэ хүнийг янз бүрийн буруу үйлдэл хийчихлээ гээд ялалж болохгүй. Бодлогын арга хэмжээ авчихсан байхад яллах гэж оролддог.  Тэгвэл энэ ажлыг хийх хүн олдохгүй шүү дээ. Энэ чиглэлийн зөвлөмжүүдийг ОУВС-гийнхан өгсөн. Удирдлагуудын бие даасан байдал хангагдаж, гаднын нөлөөнд автдаг, улс төрөөс хараат байдлаас хамгааагдах ёстой гэсэн заалт оруулж ирсэн боловч дэмжсэнгүй.

http://www.undesniishuudan.mn/content/read/154830.htm?series=170&page=5


URL:

Сэтгэгдэл бичих