Монголчуудын энэ насны мөрөөдөл орон сууцтай болох

“Цалингаа арван жил хураагаад телевиз Хорин жил хуримтлуулаад хоёр дугуй
Тавин жил хадгалж байж тансаг сайхан сууцтай болно доо” гэсэн яриа өнөөгийн залуусын дунд ихэд тархжээ.

Монгол залуусын 61,6 хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гудамжинд яваа залуугаас “Хэрвээ бурхан гарч ирээд гурван хүслээ хэл” гэвэл эхний хүсэл нь “орон сууц” гэх нь гарцаагүй. Ямар ч залуу хүн байртай, ажилтай болохыг юу юунаас илүү хүсдэг. Тэгэхдээ өнөөгийн нийгэмд ажил хийхгүй ийнхүү бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус хуруу дарам цөөхөн болсон. Залуус боловсролгүйдээ орон байргүй байгаа юм биш, Өөрсдөө ажиллая, хийж бүтээе гэж бодох ч дөнгөж төгссөн тэднийг тэр бүр ажилд авдаггүй.

Манайд дорвитойхон тооцогдох компаниуд мэргэжилтэй боловсон хүчин байхгүй гээд л гомдолсоор гадаадаас ажиллах хүчин аваад байдаг. Гэтэл ажилгүйдлийн 71 хувь нь залуус. Эдгээр хүмүүс ажиллах хүчин биш гэж үү? Ямарваа нэгэн компанид тогтвортой ажиллая, орлогын эх үүсвэртэй больё гэж хүссэн залууст дэндүү өндөр шалгуур тавьдаг. Монголд баклавар зэрэгтэй, улаан диплом өвөртлөгч, гадаадад төгссөн залуу хоёрын хэнийг нь шууд авах бол? Мэдээж л хоёр дахийг нь. Ядаж л хэл устай, юмыг өөр өнцгөөс харж чадна хэмээн дүгнэдэг. Үүнээс гадна царай төрхийг нь харж сонгоно.

Мэдлэгээр маруухан боловч гайгүйхэн царайтай бол ажлын ирмэгээс атгаад авлаа л гэсэн үг. Иймээс мэдлэг чадвар, царай зүс чухал. Хүндхэн даваа байгаа биз. Мөн танил тал өнөө цагт томоохон албан тушаалтан найз нөхөд, ах дүүсгүй бол ажилд орж байр сууцтай болж амьдрах нь биелэшгүй мөрөөдөл мэт. Амьдралаа залгуулъя гэхээр ажилд авахгүй, эцэг эхээсээ хараат бус амьдаръя гэхээр орлогогүй хүмүүст эцсийн арга л үлддэг. Энэ нь хүнээс царайчлан гуйж хэдэн төгрөг зээлж зардлын мөнгө босгож аваад гадаад руу гэрээгээр болохгүй бол хараар гарах.

Өнөөгийн нөхцөлд ингэж л ганц өрөө байрныхаа мөнгөө цуглуулах боломжтой болж байгаа юм. Харийн нутагт ажиллагсдын дийлэнх нь 20-35 насны эрчүүд байдаг. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар 100 мянга хол давсан иргэд харийн оронд хөрөнгө мөнгөтэй болохын тулд боолын хөдөлмөр эрхэлж байна. УИХ-д нэр дэвшигчид хүртэл гадаадад хэдэн мянгаар ажиллах хүчин явуулна гэсэн мөрийн хөтөлбөрөөр сонгогдсон. Гэтэл явуулж байгаа хүмүүс нь эмнэлгийн бүх төрлийн шинжилгээгээр батлагдсан манай хамгийн эрүүл чийрэг, нийгэмдээ ихийг хийж бүтээж чадахуйц сор болсон залуус.

Эргээд нутагтаа ирэхдээ эрүүл мэндийн хувьд асар их хохирсон байдаг нь даанч харамсалтай. Өвчтэй хүнээс эрүүл хүүхэд гарах уу? Тэгэхээр энд нөхөн үржихүйн бодлого ч алдагдаж байна. Ингэж харийн нутагт цөлж байхаар залуу хосуудад олгодог байсан 500.000 төгрөг, одоо эх орны хишиг хэмээн 10, 20-иор нь цувуулан өгөх 1 500,0 мянгаа орон сууц авах үед нь дэмжлэг болгон өгдөг бол ч өгч байгаа төрд ч авч байгаа иргэнд ч тус болох байсан болов уу? Уг нь тэднийгээ эх орондоо байгаа дээр нь дэмжээд өгвөл эх орны маань хөгжил тун ойрхон байгаа.

Өнөөдөр төрийн байгууллагын дундаж албан хаагчийн цалин 200-400 мянган төгрөг. Гэр бүлийн хүнтэйгээ ажилладаг бол сарын орлого нь 600 мянган төгрөгөөс хэтрэхгүй. Түүнээсээ байр, хоол, унааны мөнгө гээд жижиг сажиг ахуйн зардалаа хасахаар багахан хэсгийг хадгалж чадах байх. Ийнхүү цалингаас цалингийн хооронд өр тавьж амьдрах нь их. Хуучин байр 57-62 сая, шинэ барилгын нэг м2 нь 850-1500 ам.долларын үнэтэй байхад хэрэглээнээсээ илүү гарч чадахгүй байгаа залуус хэрхэн хуримтлуулж орон сууцтай болох билээ. “2009 оноос хойш орон сууцны үнэ нэлээд тогтвортой байна. Ер нь эрэлтээсээ шалтгаална” гэж “Барилгын зөвлөгөө мэдээллийн төв”-ийн захирал Г.Батсүх хэлсэн.

Үнэ нь тогтвортой байгаа гэх эдгээр өндөр үнэтэй орон сууцны мөнгийг дөнгөж өрх тусгаарлаж буй залуу хосууд хаанаасаа олох билээ. 40 000 л гэнэ 4 000 л гэнэ айлын орон сууцны хөтөлбөрт хамрагдаж болох тухай сурталчилдаг. Гэтэл урьдчилгаа төлбөр нь 30-40 хувь, жилийн хүү нь 17-18 хувьтай байгаа нь залууст өнөөгийн нийгэмд том дарамт болж байгаа нь тодорхой. Иймээс бидэнд насан туршдаа байрны мөнгө цуглуулсаар дөнгөж байрандаа ороод л нас барах хувь тавилан хүлээж байна гэхэд хилсдэхээргүй болжээ.

Төр засаг залуусаа дэмжиж тэднийг орон байртай болоход нь багахан ч атугаа дэмжиж болмоор юм шиг. Ядахдаа урьдчилгаа мөнгөнөөс багахан багасгавал ихээхэн хандив болох болов уу? Залуусаа гадаад руу тавиад туучих биш харин эх орондоо ихийг хийж бүтээх нөхцөлийг бүрдүүлж өгмөөр юм шиг санагддаг.

Б.Бэлгүүн

Бизнесийн мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих