УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн “санаачлага”-ыг АН ташуурдав
-АН мэдэн будилаад байна уу, мэнэрч төөрөөд байгаа юм уу-
Өчигдөр Ардчилсан намынхан улстөрийн нэг акц хийв бололтой. Тус намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй нөхөд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хугацаатай шаардлага хүргүүлж, эс биелүүлбэл Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараана хэмээн мэдэгдэв. Ингэхдээ татвар, утаа, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн гурван учиг зангилааг хөвөрдөж, улсаа цэгцлэх юм байх.
Улс төрийн нэр нөлөөтэй намын хувьд, сөрөг хүчин гэдэг утгаараа Монголын төлөө шинэ сэдэл, оновчтой шийдэл, боломж бололцоог олж санал болгох тийм зангараг уг нь энэ намд баймаар. Гэтэл бүр эсрэгээрээ Засгаа огцруулж, төвхнүүлсэн төрөө тараах тухай л танил ганц хоолойгоороо гоцолж эхлэв. Уг нь хаврын синдром эхлэх ч арай л болоогүй баймаарсан даа.
Тэр шаардлагад шинэ сэргэг, өлгөөд авчихаар санаа ердөө алга. Угаас одоо яригдаж, учрыг нь олж хужрыг нь тунгаахаар төлөвлөж байгаа илэрхий тодорхой асуудлууд. Тухайлбал, халуун сэдэв болоод байгаа долоон төрлийн татвар МАН бүлэг, Удирдах зөвлөл дээр хэдийнэ яригдсан. Энэ сард ОУВС-ийн төлөөлөгчдийг Монголд ирэх үеэр татварыг хөнгөвчлөх асуудлаар хэлэлцээрийн ширээний ард дахин сууна гэдгээ Сангийн сайд илэрхийлчихээд байгаа. Уг нь асуудлыг араас нь бус угтуулан тавьж, байр сууриа илэрхийлэх нь зөв байх. Хамтдаа сууж баталчихаад хэрэгжиж хэвшээд эхлэхээр нь эргэж мурьж, татаж унагах нь урвуу хамаарал лугаа. Үүнийг олон нийт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адилаар харна.
АН-ын өлгөж авч, өндөрт гаргаж байгаа хоёр дахь шаардлага нь Улаанбаатарын утаа. Хэрэв утааны асуудлаар АН гэнэт эх орончийн дүрд хувирбал “хэрээ хэрээнийхээ харыг гайхахтай” адил явдал болно. Хамаагүй дуугарвал амаа таглуулах ч магадлалтай. Тус намыг эрх барьж байх үеийн Ерөнхий сайд нь “Улаанбаатарыг утаатай байвал надтай яриарай” гэсэн хэрнээ ахлах зөвлөхөө Багануурын хямд нүүрсний “ченж”-ээр ажиллуулж байсан нэн шинэ түүх буй.
Харин одоо Улаанбаатарын утааг ярих бус хийхээр хаана хаанаа барьж авч, ажлаа эхлүүлээд байгаа болохоор ирэх өвөл ямар ч гэсэн нааштай дүр зураг харагдах байх. Яг ийм үеэр АН-ынхан утаагаар пополж байгаа нь хожмын гавьяа ирвэл хамтдаа шүү гэсэн холын санаа агуулсных уу.
Гурав дахь асуудлын тухайд гэвэл АН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг МАН-ынхан бус өөрсдөө хийх ёстой гэж эндүүрч байгаа бололтой юм. Учир нь тэд энэ шаардлагадаа “МАН-ын 65 гишүүнтэй бүлэг Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй” гэжээ. Эцэг хуулийн өөрчлөлт танай манай нам гэлгүй, Монголын нийт ард түмнээрээ хамтарч хийх ёстой ажил. Энэ ч утгаараа өнгөрсөн зун, намаржин ард түмнээрээ хэлэлцүүлсэн дүн мэдээ байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр цахимаар саналаа өгөх Таны эрх одоо ч нээлттэй хэвээр байгаа байх.
Гэтэл С.Эрдэнэ тэргүүтний шаардлагад “Өөрийн намын гишүүд, дэмжигчид болон төрийн албан хаагчдыг хүчээр цуглуулан авсан санал нь нийт ард түмний дуу хоолой болж чадахгүй” хэмээн онцолжээ. Хот хөдөөд болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт оролцоход ямар нэг шалгуур тавиагүй, ирж буй хүмүүсийн намын гишүүнчлэлийг шалгаагүй, товчхондоо хүссэн хүн бүхэнд нээлттэй байсан гэдэг нь туйлаас үнэн. Энд хуулийн өөрчлөлтийн агуулга талаас нь бус оролцох боломжийн тухайд ярьж байгаа гэдгийг уншигч Та болгоох биз. Зүй нь АН парламентад суудалтай намын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр саналаа боловсруулаад ард түмнээрээ хэлэлцүүлэх боломж ч бас байсан биш үү.
Нэг иймэрхүү угтуулж бус дагаж дуугарсан шаардлага 218 оны эхээр АН-ын байр суурийн илэрхийлэл болов.
Улс төрийн нэр нөлөөтэй намын хувьд, сөрөг хүчин гэдэг утгаараа Монголын төлөө шинэ сэдэл, оновчтой шийдэл, боломж бололцоог олж санал болгох тийм зангараг уг нь энэ намд баймаар. Гэтэл бүр эсрэгээрээ Засгаа огцруулж, төвхнүүлсэн төрөө тараах тухай л танил ганц хоолойгоороо гоцолж эхлэв. Уг нь хаврын синдром эхлэх ч арай л болоогүй баймаарсан даа.
Монголын улстөрийн намуудын уулзах цэг, хүрэх газар ганцхан. Тэр нь Монголын төлөөх эрх ашиг. Гэнэхэнээр бид ингэж л төсөөлдөг байлаа. Гэтэл АН-ын өчигдрийн мэдээлэл шаардлагаас харахад 2020 оны сонгуулийг ээлжит бусаар наашлуулж, намаа ялалтад хүрнэ гэсэн сохор итгэл, хоосон горьдлого тээж яваа нь харагдлаа. Аль ч талаасаа улсын бус намын эрх ашиг энд явж байна. Үүний задаргаа нь цааш эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэсэн хувь улстөрчдийн эрх ашиг, амбиц болж задарна. Парламентыг тараах Ерөнхийлөгчийн “сэрүүн зүүд”-ийг АН ташуурдаж буй нь энэ болов.
Улстөрийг ингэж гэнэн тэнэгээр хийдэггүй байх. Бас ийм жижигхэнээр. АН мэдэн будилаад байна уу, эсвэл мэнэрч төөрөөд байгаа юм уу.
М.Нэргүй
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
AN -n zov.
Эрхэм ерөнхийлөгч та өөрөө УИХ-д өчнөөн жил суухдаа УТААГАА арилгахгүй яасан билээ.