Ахмад настнууд иргэний үнэмлэхээ үзүүлж үнэгүй зорчих эрхтэй

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих үнэмлэхийг баталгаажуулах ажил эхэлжээ. Энэ тухай Нийслэлийн нийтийн тээврийн газрын Захиргааны албаны дарга Г.ЛхагваОчироос тодрууллаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих үнэмлэхийг баталгаажуулах ажил оны эхээр эхэлсэн. Энэ талаар тодруулаач?

-Улаанбаатар хотын дотор нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий ахмад настны 2008, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2009 загварын үнэмлэхийг энэ онд баталгаажуулах ажлыг эхлээд бараг дуусч байна. Оны өмнө гэхэд бүх үнэмлэхийг баталгаажуулаад дуусах байх.

-Баталгаажуулсан үнэмлэхийг хэдэн иргэнд олгоод байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй 18 мянга иргэнд, ахмад настны үнэмлэхийг 49 мянга гаруй иргэнд олгосон. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврээр үнэгүй зорчих хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнууд гэх 113 мянга гаруй хүн бий. Эдгээр иргэдэд олгоод дуусч байгаа. Ирэх сарын дунд гэхэд бүх хүмүүсийн баталгаажсан үнэмлэхийг олгож дуусгавар болгоно.

-Баталгаажуулсан үнэмлэх олгохдоо хураамж авч байгаа юу?

-100 төгрөгийн хураамж авсан. Зарим иргэд дээрх үнэмлэхийг баталгаажуулахаар ойлгохгүй төрөөс илүү татаас авч байгаа мэтээр ярих нь бий. Хэрэв ингэж баталгаажуулахгүй бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, нийтийн тээврээр зорчих нь их байна. Тиймээс баталгаажуулж байгаа юм.

-Хөдөө орон нутгийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлд нийтийн тээврээр зорчих үед яаж зохицуулж байна вэ?

-Эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд орон нутгийн иргэд иргэний үнэмлэхээ үзүүлээд, нийтийн тээврээр зорчих эрхтэй. Түүнчлэн манай ахмадууд он гарсан даруйд би 55 нас хүрч байгаа. Тиймээс нийтийн тээврээр үнэгүй зорчих үнэмлэх авах ёстой гээд зүтгээд байдаг. Гэтэл дээрх үнэмлэхийг төрсөн сар, өдрөөр нь хөөж олгож байгааг сануулах хэрэгтэй. Харин орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд манайхны хэлж сурснаар группийн дэвтрээ үзүүлж, нийслэлд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй юм. Үүнийг тэр болгон хүмүүс сайн мэддэггүй юм билээ. Тиймээс дахин сануулж хэлэхэд, хөдөөнийхөн группийн дэвтрээрээ нийтийн тээврийн том оврын автобусанд үнэгүй зорчиж болно.

-Тэгвэл зарим нийтийн тээврээр зорчих үед халамжийн дэвтэр үзүүлэхээр үйлчлэхгүй гэдэг. Энэ ямар учиртай юм бол?

-Үүнийг иргэд салгаж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбогдох газруудаас нь цэнхэр дэвтэр олгодог. Энэ дэвтрээр нийслэлийн тээвэрт үнэгүй зорчихгүй. Зөвхөн дээр хэлснээр группийн дэвтрээр нийтийн тээвэр үйлчилдэг. Иргэд бас л буруугаар ойлгосноосоо болоод янз бүрийн дэвтэр үзүүлж, автобусанд үнэгүй зорчих гээд бөөн асуудал үүсгээд байдаг. Энэ талаар баг, хорооны нийгмийн ажилтнууд иргэддээ сайн мэдээлэл өгдөг баймаар байна.

Д.Сүхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих