“Дарханы мисс” хэмээн нэрлэгдэж явсан үзэсгэлэнт бүсгүйн харамсалтай үхэл болох “Үгээр хүн алсан үнэн түүх”

4e64594a18014246053bfbf001011bd3Залуу насандаа “Дарханы мисс” хэмээн өргөмжлөгдсөн гоо үзэсгэлэнгээрээ хэний ч харцыг бишрүүлж явсан сайхан бүсгүй Болорчулууны эмгэнэлт түүхийн талаар цөөн хүмүүс мэддэг. Түүний үхэл, амьдралын түүхийн гашуун үнэний мөрөөр орж, амь насыг нь авч одсон алуурчин этгээдийг шудрага шүүхийн өмнө авчрахын тулд би хэсэг нөхдийн хамт “Үнэний эрэлд” хэмээх баримтат кино бүтээж, уг киногоороо дамжуулан олон нийтийг гэгээрүүлэх, төр засагт үгээ хэлэх гэж зорьсон билээ. Сайхан бүсгүйчүүдийг сайхан төрснийх нь төлөө ялладаг уламжлалт сэтгэлгээ ба эмэгтэйчүүдийн ажлын байран дахь бэлгийн дарамтын хохирогч болон хэвлэл мэдээллээр гүтгүүлэн нэр төрөө сэвтүүлж, зовж шаналан явсаар хайртай хэмээн нэгэн цагт ханилан суусан хүнийхээ гарт амь насаа алдсан энэ  эмэгтэйн түүх бол энэ үеийн манай нийгмийн түүх юм.

Хорвоогийн амьдралыг хорин гуравхан насандаа орхин хоёр бяцхан үрээ өнчрүүлж одсон энэ эмэгтэйн эмгэнэлт хувь тавилан бидэнд ямар сургамжийг үлдээв ээ?

2003 оны хавар. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын нэг давхарт байрлах ажлын өрөөнд маань өндөр нуруутай, дугуй цагаан царайтай, тас хар богинохон үстэй, цагаан өнгийн пальто өмссөн үнэхээрийн хөөрхөн бүсгүй гэрэл цацруулан орж ирж билээ. Тэр бол “ДОХ-той” хэмээн “Үг” сониноор гүтгүүлэн бичүүлсэн учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд өргөдөл өгч явсан Болорчулуун бусгүй байлаа. Өмгөөлөгч Цэнд-Аюуш тэр хоёр тухайн үедээ ардчилалын дуу хоолой хэмээгдэж явсан “Үг” сонинтой зарга үүсгэн нэр төрөө сэргээлгэхээр хөөцөлдөж явсан үе.

Ийнхүү уулзсанаасаа хойш арваадхан хоногийн дараа “Болорчулуун нөхрийнхөө гарт амь үрэгджээ” гэсэн гашуун мэдээг сонсоход бидэнд үнэхээрийн хүнд тусаж билээ. Түүний амь нас хохирсон нь дэмий бүү өнгөрөөсэй нийгэмд оршин байж болох эмэгтэй хүний эсрэг хүчирхийлэл дарамтын бүх хэлбэрийг өөртөө үүрэн амь насаа алдсан ийм  явдал дахин бүү давтагдаасай, бусдад сургамж болоосой гэж ярилцаж билээ.

Дараа нь түүний тухай кино хийх гэж зорилгоо тодорхойлж суухдаа бид яагаад ийнхүү ярьснаа улам сайн ойлгосон юм даа.

Түүнд чухам юу тохиолдсон талаар тодорхой өгүүлье. Тэр үед Болорчулуун Сэлэнгийн гаалийн газарт ажиллаж байжээ. Гоолиг биетэй, царайлаг төрсөн нь түүнд гай авчрах нь дэндүү олон. Дарга нар нь холоос ирсэн хүндтэй гийчдийг зугаацуулах ажилд дайчлах гэнэ. Зарим нэг нь өөрийн эрхшээлд оруулахыг хүсэж дарамтлах гээд зовлон мундахгуй их. Үгэнд нь орж бусдыг зугаацуулаагуй, эрхшээлд нь автан хүслийг нь хангаагүйнх нь төлөө шийтгэхийг  хүсдэг нэгэн ч байсан гэх. Болорчулуунд атаархан хорсож явдаг нэг хүн нэргүй захидал бичиж “Үг” сонинд илгээжээ. Түүнийг “ДОХ”-той, өвчнөө бусдад тарааж явдаг, эрчүүдийг бээлийгээ мэт сольдог” гэж бичиж. “Үг” сонин энэ өчүүхэн зурвасын үнэн мөнийг магадлалгүйгээр нэгэн дугаартаа нийтэлсэн нь түхайн үеийн томоохон сенсаац болсон юм. Болорчулуун өмгөөлөгч хөлслөн авч, гүтгүүлэн нэр төрөө сэргээлгэхээр сонины эсрэг гомдол гаргасан. Гүтгэлэг ч газар аван тархаж, мөдхөн асар их ичгүүр, айдас, дарамтыг араасаа дагуулжээ. Сэлэнгэд түүнд ресторанд хүртэл үйлчлэхгүй хэмээн татгалзаж байв.

Угаасаа зоддог нөхөр нь түүнийг улам их дарамтлах болжээ. Ингээд нэг өдөр түүний нөхөр дэлүүг нь дэлбэ өшиглөснөөр цус алдан нас барсан юм. Түүний үхэлд “Үг” сонины эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүулч Ханддолгорт үүсгэсэн гүтгэлгийн хэргийн хувь заяанд нөлөөлж, шүүх түүнд нэг жил хорих ял оноосон. Ханддолгор нийтлэлийг өөрөө бичээгүй ч, мэдээллийн эх сурвалжаа нуун ялыг өөрөө үүрч гарсан юм. Түүнд оноосон эрүүгийн ялын талаар тухайн үедээ сөрөг хүчин байсан ардчилсан хүчнийхэн “шүүх эрх баригч намд үйлчилж сэтгүүлчийн эрхэнд халдлаа” гэх шуугианы бай болгосноор Болорчулууны үхлийн талаарх мэдээ харин тэгсхийгээд дарагдсан юм. Хэн ч, ямар ч сэтгүүлч түүний үхлийн үнэн мөнийн талаар, алуурчин этгээдийн талаар ярьсангүй, бичсэнгүй.

Тэр явдлаас хойш нэг жилийн дараа 2004 оны хавар хүний эрхийн талаар баримтат кинон дээрээ ажиллаж эхэлснээр найруулагч маань Болорчулууны ээжийг олж уулзан алуурчин этгээд ямар ч ял шийтгэл хүлээлгүйгээр барахгүй хотын нэгэн томоохон банкинд ажиллаж байгаа талаар мэдэж авсан билээ. Тэгээд бид өмгөөлөгч Цэнд- Аюушийг гуйж хэргийн араас дахин орооч гэж хүссэн юм. Цэнд-Аюуш өмгөөлөгч ч сайн ажилласан. Уранчимэг найруулагч ч бас эрэн сурвалжлах сэтгүүл зүйг ашиглан алуурчин этгээдийн үйлдсэн хэргийн үнэн мөнийг тогтоолгох талаар дорвитой ажиллаж чадсанд би талархаж явдаг.

Ингээд бид киногоо бэлэн болгов. 2006 оны эхээр  нээлтийг нь даруухан хэмжээнд хийсэн. Кино ч олон улсын хэд хэдэн хуний эрхийн кино фестивальд амжилттай оролцсон.

Болорчулууны нөхрийг  Баттөгс гэх. Бидний хамтын хөдөлмөрийн үр дүн болсон энэ киногоороо түүний хүн алсан хэргийг баримтжуулан нийтэд цацсаны хучээр прокурор хэргийг сэргээж, шүүх түүнд хүнд гэмтэл учруулсан хэмээн таван жилийн хорих ял оноосон. Ямар ч гэсэн түүнийг хийсэн хэргийнхээ үр дагаврыг үүрэх хариуцлагад татаж чадсандаа бид баяртай байлаа.

Хүний муу арилдаггүй гэдэг үнэн бололтой. Тэр этгээд хоёр жил ял эдлээд өршөөлөөр суллагдан гарч ирсэн билээ. Угийн Дарханы хүн тэрээр намайг 2008 оны УИХ- ын сонгуульд Дарханд нэр дэвшихэд минь харин өшөө авах ажлаа “амжилттай” хэрэгжүүлсэн юм. Хорвоогийн нэгэн сайхан эмэгтэйн амийг авч нөгөө нэг эмэгтэйг шоронд нэг жил баривчлуулсан тэрээр өөр нэг эмэгтэйн нэр төрд сэв суулган гүтгэх үйл ажиллагаагаа зарим өрсөлдөгчийн маань захиалгаар хийж гүйцэтгэсэн. Сонгуулийн шийдвэрлэх мөч дөхөж ирэх үеэр тэд “Үнэний эрэлд-2″ гэдэг нэвтрүүлэг хийн Дарханы бүх сувгаар давтан үзүүлсэн юм. Уг нэвтрүүлэгт намайг Баттөгсийг хүн алсан гэж гүтгэж, нэр төрийг нь гутаасан хэмээн худал суртал ухуулга хийж байлаа. Тэгээд ч Дарханы шүүхэд миний эсрэг зарга үүсгэжээ. Шүүх өдөрт нь хэргийг шийдвэрлэн миний киног ТВ-ээр гаргахгуй байх шийдвэр гаргав. Кино хийсний гол зорилго бол нийгэмд амь бөхтэй оршиж буй гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг уламжлалт сэтгэлгээ, ажлын байран дахь бэлгийн хүчирхийлэл, хэвлэл мэдээллийн ёс зүйн асуудал, хүний эрхийн өмнө хүлээх хариуцлага, хууль шүүхийн байгууллагын шударга бус байдал зэрэг шийдвэрлэгдвэл зохих олон асуудлыг гоо сайхан төрснийхөө төлөө гашуун шийтгэл болгон өөртөө амссан Болорчулууны эмгэнэлт түүхээр дамжуулан хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүргэх гэсэн хүсэл минь билээ. ХМХ-ээр дамжуулан сэтгүүлч хүний үзэгний үзүүр хөдлөх төдий үүсэж болох захиалгатай, захиалгагүй, тэр бүү хэл хүний амийг ч авч одох аюулын талаар бас сануулахыг хүссэн юм.


URL:

Нэр: Зочин Огноо: 10 January 2018

Ядарч явсан бүсгүй хүний төлөө юунаас ч айхгүйгээр зүтгэснийг тань үеийн үед хүндлэх байх аа.Гэмтнүүд гэсгээгдэх л учиртайдаа.Үгүй байлаа ч үйлийн үр гэж байдаг юи даа

Сэтгэгдэл бичих