Нийслэлийн аюулгүй байдлын индексийг тогтоосон статистик судалгаа гаргахыг даалгалаа
НИТХ-ийн тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Нийслэлийн Статистикийн газрын цаг үеийн мэдээлэл танилцуулга, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгуллагуудын зөвшөөрлийг сунгах тухай, Хуралдаан зарлах тухай зэрэг 7 асуудал хэлэлцэх юм.
Хуралдаанд Нийслэлийн Статистикийн газрын мэдээлэл тайлан танилцуулгыг тус газрын дарга Д.Лхамсүрэн хүргэлээ. Нийслэлийн Статистикийн газар нь Нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаархи статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага гэдгээ илэрхийлээд 297 үзүүлэлтээр нийслэлийн статистикийн мэдээлэл авч хэрэглэгчдэд зориулан инфографик хэлбэрээр мэдээллээ хүргэж байгаагаа танилцууллаа.
2017 оныг Нийслэлээс Иргэдийн оролцоотой, эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласантай холбоотойгоор тус газраас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбар болох Дүнжингарав төв болон Сүхбаатарын талбайд дүүргүүдийн статистикийн хэлтсүүдтэйгээ хамтарч нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна.
Нийслэлийн нийгэм эдийн засгийн байдал болон бусад статистик үзүүлэлтийг байгууллагынхаа сайтаар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа бөгөөд жилдээ 600 мянга гаруй хэрэглэгч тус байгууллагын цахим сайтад хандсан байна гэлээ. Жишээ болгож Нийслэлийн цэцэрлэгүүдийн ачаалал хүчин чадлыг газарзүйн байршлаар дэлгэн харууллаа.
Танилцуулгын дараа хурлын тэргүүлэгчид Нийслэлийн статистикийн газрын даргаас асуулт асууж хариулт авлаа. Тэргүүлэгчдийн зүгээс нийслэл хотод амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй байдлын индексийг, статистик судалгааг тусад нь гаргах, Агаарын бохирдлоос хамааралтайгаар иргэдэд үүсэж байгаа эмгэг, өвчлөлийн тухай судалгаа хийх зэрэг иргэд олон нийт рүү чиглэсэн ажилд анхааран хандуулан ажиллахыг Нийслэлийн Статистикийн газрын даргад чиглэл болгон өглөө гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
НИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах тасаг
URL: