Төрийн албаны нэр барьсан багш нарт төсвийн зардал багадаагүй
- Хот хөдөөд цэцэрлэгийн багш, эрхлэгчийг өлхөн хийчих ажилгүй яваа залуучууд олон байна -
Өнөөдөр монголын хүн амын 51,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж түүний 15 хувь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Манай улсад төрийн ажил залгуулдаг төрийн үйлчилгээний албаныханд багш нар багтдаг. Энэ заалтад боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга захирал, эрхлэгч, гээд бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаалтнууд багтана гэсэн хуультай. Тэд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй хүмүүс.
Манай улсын хэмжээнд 150 гаруй мянган төрийн албан хаагчид шат шатны байгууллагад ажиллаж байна. Энэ удаад монгол хүн бүрийн эрхэмлэн хүндэлдэг “Ардын багш” нар ажил хаялаа гэдгийг дуулаад эмзэглэснээ нуух юун. Дүн өвлийн хүйтний эрч чангарч байгаа энэ цагаар цэцэрлэгийн багш нар ажил хаяж байгаа нь бүүр ч хачирхалтай. Хэрвээ хаях байсан бол урин дулаан цагаар эртхэн хэлж зохицуулах нь яагаав гэж хүмүүс бухимдацгааж байна.
Хүүхэд гэдэг хиргүй тунгалаг цагаахан амьтан. Тэд ажил хаях гэдгийг даанч мэдэхгүй. Өнгөрсөн даваа гаригт нийслэлийн хэд хэдэн цэцэрлэгийн багш нар болчимгүйтэж ажил хаях нэрээр балчир хүүхэд, эцэг эхчүүдээр тоглох шиг болов. Яах зорилготой ажил хаясан нь тодорхой. Тэд цалингаа ердөө л 80 мянган төгрөгеөр нэмүүлэх гэж энэ. Дэлхийн олон орны ажил хаядаг жишгийг мэдээд авчихаж. Дараа нь ерөнхий боловсролын сургуулиудын багш нар ажил хаях гэнэ.
Багш гэдэг хүн ямар ёс суртахуунтай эрхэм хүн байдаг билээ дээ. Багш хүн нийгэмдээ оюунлаг хүмүүсийг бүтээж үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Харин өнөөдрийн манай багш нар ямар бүтээгдэхүүн гаргаж байгааг бодож үзүүштэй. Сүүлийн жилүүдэд багш нар цалин нэмүүлэхийг ярьдаг болсон. Өнөөдөр боловсролын салбарт хамгийн бага цалинтай туслах багш гэхэд 250 мянган төгрөгийн цалин авч байгаа. Бусад багш нар 400-600 мянган төгрөгийн цалин авч байна. Одоо болохоор 800 мянган төгрөгийн цалинтай болвол боллоо гэнэ.
Цалин нэмэхээр ард нь ямар үр дагавар гарч ирэхийг эрхэм багш нар ухаарахгүй байна гэж үү. Тэгээд татвар төлөгчдийн мөнгийг хүссэн зоргоор нь жагссаны төлөө улс тараачихдаггүй гэдгийг мэдэж авууштай. Боловсролын салбарт сургууль орчны тохижилт сайжирч багш нарт заах аргын материаллаг баазаар нэг үеэ бодоход хангагдсан байна. Багш нарт үндсэн цалингаас гадна анги даасан, дэвтэр зассан, гээд чамлахааргүй мөнгө олгогддог аж. Бас дээр нь эцэг эхээс боломжийн мөнгө татдаг үзэгдэл арилаагүй л байгаа.
Өнөөдрийн шинэхэн мэндэлсэн монголын үрс авлигаар эхэлж хүмүүжил боловсролын хаалга татаж байгаа. Нийслэлд намар цэцэрлэг олдохгүй эцэг эхчүүд сандардаг. Жинхэнэ авлига үйлчлээд эхэлдэг. Өөр дүүргийн хүүхэд гэж цааргалана. Яах ч аргагүй 80-100 мянган төгрөг атгуулахаас аргагүйд хүрдэг. Танил талаараа хэлүүлнэ. Мөн л гарыг нь хүндрүүлэх болно. Цэцэрлэгийн багш нарт жил бүр анги тохижуулах гэж нэг дуусдаггүй ажил бий. Нэг ангийн 50 хүүхдээс 30-50 мянган төгрөг хураахаар ямар их мөнгө болох билээ. Эцэг эх нь хүүхдээ бодохдоо буруу харж цухалдан зөв харж инээн өгнө.
Ингээд 1,5 сая төгрөгтөй болчих жишээтэй. Компьютер өгчих, сандал ширээ хэрэгтэй байна гэх бол энүүхэнд. Энэ бол бүх цэцэрлэгүүдийн жишээ. Сүүлдээ УМХГ-аас стандартад тохирсон тоглоом ав гэсэн гээд мөнгө татдаг болжээ. Нэг багш нь урагшаа явж хэдэн тоглоом олж ирээд түүнийгээ өндөр үнээр авлаа гэх жишээтэй. Боловсролын системд иймэрхүү үзэгдэл бугшсан хэвээрээ. Өнөөдөр багш нарын цалинг нэмлээ гэхэд хувийн хэвшлийнхэн хөлд нь чирэгдэх гээд байна.
Бага багаар нэмэгдээд байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд хүрэхийг багш нар тооцоогүй байж болмооргүй. Социализмын үеийн арга барилаасаа салаагүй үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд яагаад багш, эмч нарт хайртай болчихов гэдэгт хамаг учир байна. Манай улсад төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн цэцэрлэгийн багш, эрхлэгчийг өлхөн хийчих олон зуун залуучууд ажилгүй явна. Ажил хаясан багш нарыг шууд халж тэднийг оронд нь томилоход болохгүй юмгүй.
Дүн өвлийн хүйтэнд хүүхдээ авахгүй хаалгаа барьсан цэцэрлэгүүдийн эрхлэгч багш нар ямар том зүрх гаргаж чадав аа. Төрийн албаны нэр баригсдад Төрийн албаны хууль гэж бас бий. Төсөвт орж байгаа мөнгийг хэн бүрдүүлдгийг багш нарт тусгайлан заах болж байна уу.
Н.ЛХАГВА
niislel times
URL: