Агаарын бохирдлоос дутахааргүй хөрсний аюул айсуй
Аюулын харанга дэлдсэн агаарын бохирдлыг бууруулах, арилгах аргаа олж ядсан өдөр хоногууд өмнөх жилүүдийн адил л үргэлжилж байна. Хүн амын өвчлөл, нас баралтын суурь шалтгааны нэгд зүй ёсоор тооцогддог агаарын бохирдол цагийн аясаар ирэх гуравдугаар сарын дунд гэхэд аяндаа “замхарна”.
Үүнийг дагаад агаарын бохирдол, нийслэлийн утааг арилгах тухай шат шатны дарга нарын олон зуун арга, санаачилга ч ирэх арваннэгдүгээр сар хүртэл замхарна. Гэхдээ улаанбаатарчуудыг нэрвэх аюул ингээд алга болчихгүй. Агаарын бохирдол, хорт утаанаас ч аюултай хөрсний бохирдол урь орохтой зэрэгцэн нийт хүн амын эрүүл мэндэд заналхийлсээр “гэснэ”. Өөрөөр хэлбэл, амьсгалах, эргэн тойрноо харах ч аргагүй болтол өтгөрсөн их утаа шингэрэв үү, үгүй юү хөрсний бохирдол аюулын харанга дэлдэнэ гэсэн үг. Үүнийг Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний явцад хийсэн судалгаа, баримтууд бэлхнээ гэрчилнэ.
Хөрсний бохирдол SOS зарлах хэмжээнд хүрсэн
Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотод хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн (шивтэр) бохирдолт байх ёстой хэмжээнээс хэд дахин давсныг тодотгосон байна.
Түүнчлэн нийт 77 цэгээс хөрсний дээж авч нян болон хүнд металлын, цацрагийн бохирдлыг шинжлэхэд хөрсний бохирдол аюултай төвшинд хүрсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нийт газар нутгийн 12 хувь нь нянгаар бохирлогдоогүй буюу 88 хувь нь бохирлогдсон ажээ. Бохирдуулж буй хүчин зүйл нь нүхэн жорлон болон ил задгай бие засах газар шингэн болон хатуу хог хаягдал, мөн хөрсний хүчтэй эвдрэл, үйлдвэрийн хог хаягдал, лагаас болж байгааг судалгаа харуулж байна. 184 мянган өрхтэй нийслэл хотын 90 хувь нь нүхэн жорлонтой. Мөн оношилгоонд хамрагдсан 331564 авто машин утааны шүүлтүүргүйгээс хүнд металлаар хөрс бохирдож буй ажээ. Үүнээс улбаалж хүн амын эрүүл мэндэд хортой нөлөөллийн хэмжээ ихэсч 10 хүн тутмын нэг нь нян болон хүнд металлын хороос болж хорвоог орхиж байна. Тэдний дийлэнхийг хүүхэд эзэлж байна гэж НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал хэлсэн. Өөрөөр хэлбэл, гэр хороололд амьдарч буй айл бүрийн нүхэн жорлон өөрийнх нь гэрээс 10, хажуу айлынхаас 12 метрийн зайтай байрладаг. Мөн арван өрх тутмын долоо нь ялаатай, үнэртэй байдаг бол дөрөв нь булж шинээр ухсан байдаг. Үнэртэй, ялаатай жорлон хөрсийг эргэн тойрондоо 20 орчим метр зайнд бохирдуулдаг аж. Гэр хорооллын 184 мянган өрх гээд тооцохоор нүхэн жорлон хөрсийг ямар ихээр бохирдуулж байгаа нь ойлгомжтой ч тооцоход хүндрэлтэй. Тиймээс стандартын шаардлага хангасан нүхэн жорлонг хэрэглэхийг айл өрх бүрээс шаардахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Нүхэн жорлонгийн стандарт батлагдаж энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн ч хөрсөн дээрээ хэрэгжилтийг шалгах, нягтлах боломж хомс.
Манай улс хөрсний бохирдлын 77 стандарт, байгаль орчин, эрүүл мэндийн сорилын долоон лаборатори, цэвэрлэх байгууламжийн 20 гаруй стандарттай. Гэвч амьдралд мөрдөж хэрэгжүүлэх тухайд учир дутагдалтай.
Судалгаа юу өгүүлж байна вэ
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний дагуу улсын хэмжээнд нийт 320 цэгт хяналт шинжилгээ хийсэн байдаг. Хяналт шинжилгээнд Улаанбаатар хотын найман дүүргийн 90 цэг буюу Багануур дүүргийн ес, Хан-Уул дүүргийн 18, Налайх дүүргийн дөрөв, Баянзүрх дүүргийн 21, Чингэлтэй дүүргийн найм, Багахангай дүүргийн тав, Сүхбаатар дүүргийн 13, Сонгино-Хайрхан дүүргийн 12 цэгт, Орон нутагт 21 аймгийн 230 цэг буюу Архангай аймгийн 16, Баян-Өлгий аймгийн 12, Баянхонгор аймгийн 14, Булган аймгийн 13, Говь-Алтай аймгийн 16, Говьсүмбэр аймгийн найм, Дархан-Уул аймгийн 13, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 20, Өвөрхангай аймгийн 14, Сэлэнгэ аймгийн 15, Хөвсгөл аймгийн 18, Төв аймгийн 14, Увс аймгийн 10, Хэнтий аймгийн 10, Дорноговь аймгийн тав, Дорнод аймгийн гурав, Дундговь аймгийн гурав, Өмнөговь аймгийн дөрөв, Сүхбаатар аймгийн гурав, Ховд аймгийн таван цэгийг хамруулсан байна. Шинжилгээгээр хөрсөн дэх кадми, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлыг рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан нэг кг хөрсөнд агуулагдах агууламжийг тодорхойлсон байна. Эндээс Улаанбаатар хотын хөрсний чанар болоод бохирдлын хэмжээг хэрхэн дүгнэснийг хүргэе.
Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хөрсөнд агуулагдах хүнд металуудын дундаж агууламж кадми 2.3 мг/кг, хар тугалга 18.8 мг/кг, мөнгөн ус 0.4 мг/кг, бром 0.8 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 225.4 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 30.8 мг/кг, стронци 593 мг/кг байжээ. Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сүхбаатар дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдол хэвийн хэмжээнд байсан бол мөнгөн ус, хром, цайр, стронцийн хөрсөнд агуулагдах агууламж өссөн дүн гарчээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хөрсөнд агуулагдаж буй дундаж кадми 0.5 мг/кг, хар тугалга 23.8 мг/кг, мөнгөн ус 0.5 мг/кг, бром 1.1 мг/кг, хром 14.3 мг/кг цайр 219.5 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 29.4 мг/кг, стронци 544.2 мг/кг байна. Үүнийг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сонгинохайрхан дүүргийн хөрс нь кадми, хартугалга, мөнгөн ус, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй харин хөрсөнд агуулагдах мөнгөн ус, хром, цайр, стронци нь өмнөх жилүүдээс өссөн агууламжтай гэж дүгнэжээ.
Харин Чингэлтэй дүүргийн хувьд хөрсөнд агуулагдаж буй дундаж хэмжээ кадми 0.4 мг/кг, хар тугалга 21.1 мг/кг, мөнгөн ус 0.9 мг/кг, бром 0.7 мг/кг, хром 0.6 мг/кг цайр 330.1 мг/кг, зэс 27 мг/кг, кобальт 32.4 мг/кг, стронци 703.1 мг/кг байна. Энэ нь хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Чингэлтэй дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 30.1 мг/кг-ээр давж бохирдсон байна. Тус дүүргийн Цэцэг төвийн цэгээс авсан хөрсний дээжинд цайр 655.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.2 дахин давж бохирдсон байна гэсэн дүгнэлт гарчээ. Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадми 0.2 мг/кг, хартугалга 16.8 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.4 мг/кг, хром 1.4 мг/кг цайр 139.7 мг/кг, зэс 26.8 мг/кг, кобальт 21.6 мг/кг, стронци 590.2 мг/кг байна. Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Багануур дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин тус дүүргийн баруун цэгээс авсан хөрсний дээжинд стронцийн агууламж 981.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 181.3 мг/кг-аар давж бохирдсон байна. Харин Хан-Уул дүүргийн хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадми 0.3 мг/кг, хар тугалга 16.6 мг/кг, мөнгөн ус 0.5 мг/кг, бром 1.2 мг/кг, хром 38.7 мг/кг цайр 163.7 мг/кг, зэс 27.7 мг/кг, кобальт 26.1 мг/кг, стронци 520.9 мг/кг байна. Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Хан-Уул дүүргийн хөрс нь кадми, хартугалга, мөнгөн ус, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин Харгиа (47°53’31.8”, 106°53’32.5”) орчмын хөрсөн дэх хромын агууламж 612.4 мг/кг, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс дөрөв дахин их буюу аюултай агууламжинд хүрч бохирдсон байна. Түүнчлэн хүн ам олноор төвлөрсөн Баянзүрх дүүргийн хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадми 0.5 мг/кг, хартугалга 26.3 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.4 мг/кг, хром 0.9 мг/кг, цайр 253.3 мг/кг, зэс 26.3 мг/кг, кобальт 22.2 мг/кг, стронци 509.5 мг/кг байжээ. Энэ нь хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Баянзүрх дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, хорм, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Нарантуул” зах, Төмөр замын засварын газар, XIII хорооллын ШТС, “Да хүрээ” захын хөрс цайрын бохирдолтой буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1-2.1 дахин их агууламжтай байна гэж гарчээ.
Орон нутагт ч хөрсний бохирдол асуудал дагуулж эхэллээ
Эдгээрээс гадна орон нутгийн хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын үнэлгээг хүргэе. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний нэг хэсэг болох хөрсний бохирдлыг шинжлэн тогтоох судалгаа, шинжилгээний хүрээнд орон нутагт 298 цэгт хөрсний чанарын хяналт шинжилгээ хийсэн байна. Хөрсөнд агуулагдах хүнд металлын шинжилгээгээр нэг кг хөрсөнд агуулагдах кадми, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлыг рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүнгээс харахад, Архангай аймгийн хувьд зарим газар жишээ нь, Цагаан давааны цэгээс авсан хөрсний дээжинд стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 185.2 мг/кг-аар давж бохирдсон байна. Мөн Баянхонгор аймгийн “Магнай трейд” цэгийн хөрсний дээжинд цайр 359.2 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 59.2 мг/кг-аар, стронци 931.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 131.3 мг/кг–аар давж бохирдсон байна. Баянхонгор станцын хөрсөн дэх цайрын агууламж 318.1 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 18.1 мг/кг-аар, I сургуулийн хашаанаас авсан хөрсний дээжинд стронцийн агууламж 971.8 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 171.8 мг/кг-аар давж бохирдсон гэсэн дүн гарчээ. Түүнчлэн Булган аймгийн Дээд дөрвөн замын цэг дэх хөрсний дээжинд кадмийн агууламж 3.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.3 мг/кг-аар давж бохирдсон байна. Бүх цэгийн дээжинд стронцийн агууламж 59.3-аас 943.2 мг/кг-аар давж бохирджээ. Харин Говь-Алтай аймгийн хөрсөнд кобальт зөвшөөрөгдөх хэмжээнээс өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд цэгчилсэн байдлаар харахад, “Шинэ-Алтай” зах, I сургууль, хангамж, дулааны цахилгаан станц орчмын цэгийн хөрсний дээжинд хромын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20.9-86.7 мг/кг-аар, Говийн нурууны цэгт стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 366.6 мг/кг-аар давж бохирдсон нь тогтоогджээ. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Баян нексус цэгийн хөрсний дээжинд кадмийн агууламж 4.6 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.6 мг/кг-аар, хар тугалганы агууламж 680.5 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 580.5 мг/кг-аар давсан ба хортой агууламжийн түвшинд хүрч бохирдсон байна. Дээрх цэгт цайрын агууламж 2356 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.8 дахин давж аюултай агууламжийн түвшинд хүрч бохирдсон байна. Харин Дархан хотын Кремцийн үйлдвэр, Төрөхөөс зүүн түүш 300-т гэр хороолол, ТЭЦ, Эрэл цементийн цэгүүдэд стронцийн агууламж 2.3 мг/кг-аас 206.3 мг/кг-аар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон байна. Бусад аймгийн хувьд Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймагт хийгдсэн хөрсний чанарын хүнд металлын хяналт шинжилгээний дүнгээс харахад MNS 5850:2008 стандартаас давсан агууламжгүй хэвийн үзүүлэлттэй байна гэсэн дүгнэлт гарчээ.
Хөрсний нян шинжлэх лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байна
Эндээс тус судалгаа, шинжилгээг хийсэн албаныхан “Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн хөрсний бохирдол ихсэх хандлагатай байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 60 хувь буюу 1.8 гаруй сая хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашигладаг. Үүний улмаас хүний ялгадас хөрсөнд шууд шингэж, хөрс, усны бохирдол үүсэх гол шалтгаан болж байгаа бөгөөд гэр хорооллын зарим бүсэд гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлын бохирдол жилээс жилд өсч, зарим газруудад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжтай байгаа учир бохирдлыг бууруулах, саармагжуулах арга хэмжээг цаг алдалгүй төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг нотолж байна. Улаанбаатар хотын хэмжээнд жилд нэг удаа 102 цэгт хүнд металл болон агрохимийн хяналт шинжилгээ хийж байна. Энэ нь тухайн орчны хөрсний бохирдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Тиймээс жилд хоёр удаа хяналт шинжилгээ хийх, хөрсний хяналтын цэгийн тоог нэмэх, хөрсний нянгийн шинжилгээ хийх, лабораторийн хүчин чадлыг сайжруулах чухал шаардлагатай байна. Орон нутагт хоёр жилд нэг удаа 296 цэгт хүнд металл болон агрохимийн хяналт шинжилгээ хийж байна. Энэ нь тухайн орчны хөрсний бохирдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Тиймээс жилд нэг удаа хяналт шинжилгээ хийх, хөрсний хяналтын цэгийн тоог нэмэх, хөрсний нянгийн шинжилгээ хийх, лабораторийн хүчин чадлыг сайжруулах чухал шаардлагатай байна.
Шат шатны байгууллагынхан арга хэмжээ авч, хөрсний бохирдлыг бууруулах, арилгахаар ажиллаж буй ч агаарын бохирдлын нэгэн адил улирлын чанартай SOS зарлаж, газар гэсэж, халдварт өвчин дэгдэх үеэр холбогдох албаныхан хийж буй ажлаа тайлагнадаг ч дорвитой үр дүн хараахан гараагүй л байна. Үүний хамгийн том жишээ бол гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжаар солих ажиллагааны хайнгадуухан бөгөөд урагшилж өгдөггүй байдал юм.
Үндэсний шуудан сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you12
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
thank you21
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/