Чаддаг юм бол хаагаарай…
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар яригдсан гол асуудал нь хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, нэвтрүүлэг болгоноо нэр хаяг, буух эзэнтэй байлгах асуудал байв. Хэрэв бэлтгэсэн нэвтрүүлэг, нийтлэл нь нэр дэвшигчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмж төлүүлнэ гэсэн заалт маргаан үүсгэв.
УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Г.Баярсайхан нар бусдыг гүтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг дампуурах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд торгуулийн хэмжээг 500-700 дахин болгосон ч яадаг юм хэмээсэн юм. Э.Мөнх-Очир гишүүн хэлэхдээ “Хүн гүтгэчихээд долоохон сая төгрөгөөр торгуулж болохгүй. 20 саяын гэрээ хийгээд түүний долоон саяар торгуулахад 13 саяын ашигтай байна.
Хүний амьдралаар, үр удмаар тоглож гүтгэчихээд ингэж таарахгүй. Тэр гүтгэсэн газрыг сэхэхгүй болтол торгох хэрэгтэй. Би 1992 оноос хойш гүтгүүллээ” гэсэн юм. Харин УИХ дахь хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болсон З.Алтай гишүүн “Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийг хаана, дампууруулна гэж парламентын гишүүн хэлж байгаа нь аймшиг юм.
Үндсэндээ бол та нарын бузар булай явуулгаас болж л хэвлэл мэдэээллийнхэн тийм байдалд ордог. Та нар чаддаг юм бол хэвлэл мэдээллийнхнийг хаагаарай ” гэж хэлэв.
Харин хурал даргалагчийн зүгээс гишүүдийг дэгтэй байхыг сануулж, зарим гишүүд З.Алтай өөрөө УИХ 76 гишүүний нэг гэдгийг сануулав.
mongoliin unen
URL: