80-д оныхон бол АЛТАН үеийнхэн

16864

Урлагийн Алтан үеийхэн 40-өөд оныхон гэдэг шиг өнөөдрийн Монголын улс төр нийгмийн алтан үеийхэн 80-аад оныхон. Сайнтай, муутай өөрийн үедээ хүн бүхэн хайртай. Үе үеийн жаргал, зовлон, амжилт, алдаа цаг үеэ дагаад харилцан адилгүй нь жам.

Бид бүгд шинэхэн Ардчилалын зам, ядуу зах зээлийн нийгэмд өсөж торнисон үеийхэн. Монголын нийгэм хүн төрлөхтөний ядуурал тэмцлийн сургууль, хөрөнгө шүтэх капиталист далайд луужин, газрын зураггүй шумбан орсон 90-ээд оны хүүхдүүд.

Итгэл тээсэн Улаанбаатарын тэн хагас хагас, бүтэн сайнгүй Дэнжийн мянгын захад бөөгнөрч, хажуу айлын эгч том гахай үүрэн Эрээнийг зорьж, авчирсан амттан нь хөршийн хүүхдүүдэд үнэгүй тараагдах биш хажуугийн ТҮЦ-нд борлогдох өдрүүд. Түүнийг нь авах гэж ундаа, архины шил 50-н төгрөгөөр тушааж, харахад харгис юм шиг ч шударга нүцгэн үнэнтэй нүүр тулсан нийгмийн хүүхдүүд бол бид. Социолизмд байгаагүй өртөгийн тогтолцоо зах зээлийн төлөөс болон ирсэн нь тэр аж.

Бид өрсөлдөхгүй бол өлсөж үхдэг бодит үнэнтэй хүйгээрээ холбогдсон үеийхэн. 90-ээд оны өрсөлдөөн 80-аад оны хүүхдийн мэдрэмжээр баяжих биш хоолтой байх өрсөлдөөн байсан.

Өөрөө зовоогүй ч өөртэй минь ижил балчир хүүхдүүд хэрхэн зовж өсөхийг бид андахгүй. Аав ээж нь хамгийн хэрэгтэй 10-н нас хүрээгүй хүүхдүүд тараншейнд тэнүүчлэн өсч эхэлсэн үеийхэн 80-д оныхноос байлаа. Нийгмийн хамгийн хүнд асуудлаа дагаад шийдэл хайдаг, чөлөөт нийгмийн эрэлтээр Скаут, Нэг ертөнц, Дэлхийн зөн, Мини Парламент гээд хүүхдийн байгууллага шил шилээ даран байгууллагдаж Монголын хүүхдүүдийг оролцоотой олон ургалч үзлээр хөгжүүлсэн анхны бүтээлүүд бол бид.

Нийгмийн амьдралаа дагаадуу шинээр бүтээгдэж, нээлт хийж байгаа кино нь Бурхан мартсан заяа, Хэлтгий заяа, Ядуугийн зовлон гээд нэг л дарамттай байсныг 80-д оныхон андахгүй.

Бид бол Монголын хамгийн анхны IT технологичид. Анх Хятад Тетрисээр эхэлсэн аялал, Мега дээр танк буудаж, Сега дээр Мортал нүдэлцэж, хожим жинхэнэ компьютер дээр Конторт шилжсэн унаган Мэдээллийн технологичид бол бид.

Бид
Монголын анхны Англи хэлтнүүд
Хэцүү цагт Солонгост ажиллагсад
Гадны тэтгэлгээр Харвард Оксфорд төгсөгчид
Өөрийн гараар бизнес бүтээгчид
Монголын анхны Олимпын медальтнууд
Аралын Японыг шуугиулсан Сумогын аваргууд
Дэлхийн сонгодог урлагыг эзэгнэгч дуучид
Шилдэг хувийн хэвшилийн мэрэгшиж дагнасан боловсон хүчин

Бид Ардчилсан нийгмийн алдаа оноо, амжилт ололтыг амталж өссөн хүүхдүүд.
Бид Батбайгаль, Жүр-Үр, Түлэжүр өмнө нь Напилон торт, 100-н гөөхий байсныг мэднэ
Бид Кола, Пэпси, Фанта цехийн 50-н ундаа байсныг мэднэ
Бид Сникерс, Твикс, Марс 50-н банка, 10-н чавга, 5-н банана байсныг мэднэ
Бид хотын төвөөр сүлжих машин Лада, 24, 69 байсныг мэднэ

Бид жигд ядуу социалист нийгмээс жигд бус баян-ядуу давхаргад шилжих үетэй хамт өссөн үеийхэн. Адилхан халаалт муутай байр, тог хязгаарлагддаг үдэш, усаа зөөдөг худаг, чулуун байлдаантай гудамжинд өссөн найз маань аавынхаа өргөсөх бизнесийн буянаар хунтайж болон өөрчлөгдөхийг нүдээр үзсэн үеийхэн. Найзын маань тансаглал бидэнд гутрал өгөөгүй, урам ч өгөөгүй харин өөртөө найдвал найзынхаа аав шиг томорч болох үнэний ташуур болсон.

Бид цагийн хэцүүд гахай үүрсэн баатарлаг ээжүүдийн үр хүүхдүүд, замын хатууд гадаадад ажилласан тэнгэрлэг аавуудын үр сад.
Бид шатсан социлизмын тоос хоосон лангуунд сааралтаж байсан 90-ээд оны хүүхдүүд.
Бид залхуурал, хомхойрол, боловсролгүйдэл хувь хүнийг арчиж хаядаг Капитализмын эд эс.
Бид төрөөс царайчилж, төрдөө зальбирдаг Социализмыг мэдэхгүй эрх чөлөөтнүүд.

Бид Монголын хэцүү, үсрэнгүй сүлэлдсэн шилжилтийн ниймийн амьд гэрч.
Бид шилжиж дуусдаггүй энэ нийгэмд хөгжил ирдэггүй гацаанд хүлэгдэгсэд.
Бидний эхэн 40, сүүлч нь 30 хүрлээ. Бид одоо хүүхэд биш найзуудаа.

80-аад оныхонд өөрийн гэсэн үүрэг бий.
Бид өмнөх үеийн зарим ах эгч нар дараа үеийнхээ дүү нарыг амжилтын төлөөх хэрэгсэл, хоолоо хүлээсэн оочирынхон гэж боддог шиг 90-ээд оны дүү нарыгаа тэгж бодож болохгүй. Мөн өөрт тохиолдсон алдаа, оноог харамгүй бидэнд зөвлөж, шинэ нийгэм бүтээхийг найдах зарим ахмад үеийхээ итгэлийг алдаж болохгүй.

Мөн буруу хувьчлалд оролцож амжаагүй, гахай зөөхөд өрсөлдөх боломжгүй, дээд боловсролын золионд хохирч, мөнгөгүй эхлэх хатуу амьдралд идэр насаа зольсон 70-д оныхноос илүү боломж бидэнд байсныг, байгааг мартаж болохгүй.

Бид энэ эрх чөлөө үүрд байсан юм шиг гэнэн загнах зарим 1990-ээд оныхон биш. Англи, Америкт сургуульд сурч, аав ээж нь мөнхийн баян юм шиг загнах, хар тамхи, групп сексийг юман чинээ бодохгүй, хайранд хаягдаж мөнгөнд булуулсан зарим 2000-аад оныхон биш ээ.

Бас бид 1990-ээд оны шинэ оюун ухаант дүү нар 2000-аад оны цэцэг шиг үр хүүхдүүд маань биднээс илүү хүн чанар, ёс суртахуун, эрдэм мэдлэг, эрх чөлөөний тэмүүлэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх, тэдэнд ам нээвэл урам хайрлах, бариул таарвал хаалга нээж өгөх, өрсөлдөөнд түлхэж биш өргөж оруулах, эрдэм мэдлэг ёс суртахууныг өөрөөрөө үлгэрлэх 80-аад оны Алтан үеийхэн.

Чамайг жаргаах энэ хөрөнгийг хулгайлан байж цуглууллаа гэж үр хүүхэддээ хэлэх эрх бидэнд байхгүй.

Өөртөө эрх мэдлээ ашиглан тендер зохицуулж хөрөнгөжөөд, улам ихсэх хөрөнгө нь улам бага санагдаж, эцэстээ шуналынхаа боол болон сэтгэлдээ тарчилсан, өшөө хорсол, шорон гянданд хэрүүл нь тулсан нэгэн бурангуй үеийг дуурайх эрх байхгүй.

Өдрөөр тэлэх үрэлгэн төсөвт шим шүүсээ соруулсан эдийн засаг, хүү нь өсөх банкны тогтолцоонд туйлдсан бизнесүүдийг шинэчилж, Монголыг мөлжих гадны Гегант уул уурхайн компаниудтай харанхуй хардалтаар хэрүүл хийх биш эрдэм мэдлэг, англи хэл, татварын бодлогоор тулах ёстой үеийхэн.

Бид хэзээ ч 300 сая доллараар үнэлэгдэх 4-р цахилгаан станц 20 жилийн дотор дөрвөн шинэ цахилгаан станц барих мөнгөөр засвар үйлчилгээ нэрээр залгих хулгайг зөвшөөрч болохгүй.
Багшаа дутуу цалинжуулж, хүүхдүүдээ хагас боловсруулж үлгэн салган гэлдрэх боловсролын тогтолцоотой эвлэрэхгүй.
Хүн бүхэн ордог, орсон бүхэн төгсдөг, хувийн хэвшилдээ бүтээгдэхүүн нь гологддог дээд боловсролыг үргэлжлүүлэхгүй
Мөнгө болдоггүй шинжлэх ухааныг жамаараа явсаар байгаад 50 жилийн дараа Инноваци гаргахыг хүлээхгүй
Улсын төсвийг үргүй ууж, өгөөжгүй үрж, үхэхгүй салганах 336 сумыг хадгалахгүй

Бид Монголын төрд хамгийн чадалтай нь ажиллах ёстой Алтан зарчмыг өөртөө тунгаан өөрийгөө чадавхижуулах ёстой үеийхэн. Тиймээс хамгийн чадалтай, хамгийн ухаантай хэсэг нь улс төрд хүчин зүтгэх эрүүл өрсөлдөөнт тогтолцоог бүтээх ёстой.

Энэ өөрчлөлтийг бид улс төрийн намаасаа эхлүүлэх хэрэгтэй. Нам дотроо улс төрийн залуучуудын байгууллагаасаа эхлүүлэх учиртай. Ах нар бидэнд нээлттэй байсангүй, боломж өгсөнгүй гэж гомдоллох эрхгүй өрсөлдөөнт нийгмийн сонголтгүй үр төл 80-д оныхон минь ээ.

Бид хаалга тогшиж, түлхүүр гуйж хөлдөж үхэгсэд биш. Бид хаалгыг зад өшиглөгчид. Тэгэхийн тулд үеийнхнийгээ уриалан дуудах, өөрийнхөө хаалгыг бусаддаа нээж өгөх ёстой үеийхэн. Надаас ухаантай, надаас боловсролтой, надаас илүү бүхэн улс төрийн намд ирээч гэж уриалан дуудъя. Энэ бол эхэлж элссэн миний нам биш – бидний нам. Миний мэдэхгүйг шударгаар хэлж, өөрийхөө мэдлэгийг зөвөөр ашиглах хүсэлтэй чиний нам. Энэ бол Монгол төрд хамгийн эрдэм мэдлэгтэйг эрүүлээр өрсөлдүүлж ирүүлэх, очуулах ёстой, энэ чадвар нь өөрийх нь суурь философид байдаг Ардчилсан тогтолцоо.

Одоо боллоо. Арай л дэндлээ. Мэдэхгүйдээ бид зүгээр суугаад байгаа биш тэвчээр, тэнэглэл хоёр маань эрүүл нүд, цогц ухааныг маань улам хүлэх боллоо. Яах гэж улс төрд орсноо 80-аад оныхон санах цаг болжээ.

Монголын төрийг 27 жил буруу удирдсан утаагаар нь бид амьсгалж байна. Хогоор нь бид туучиж байна. Хөрсний бохирдлыг нь ус болгон ууж байна. Хүйтэн өвлийг Улаанбаатартаа хүн амын тал нь дагдчин даарсаар эсгий гэрт аргалан барж байна.

Бидэнд зэвсэг байна. Хүн төрлөхтөний бидэнд өгч байгаа хязгааргүй боломж байна. Бидэнд ФэйсБүүк байна. Хуучин цагийн сүм хийд шиг хэвлэл мэдээллийг духан дундуур нь нясалъя, хоёр олигархийн хэрүүлийг өглөөний дугаараараа мөнгө авч, ээлжлэн хэвлэх сонинцоруудыг халъя.

Хүн төрлөхтөний мэдлэг бидний хэрэглэдэг интернэт байна. Google scholar, JSTOR-с эхлээд эрдмийн уурхай сайтууд байна. Түүнийг ашиглах боломж боловсрол бидний үеийхэнд байна, Хэлэх үгийг маань ойлгох саруул ухаант ард түмэн байна. Монголын хөгжил мухардаагүй 80-аад оныхныг хүлээж байна.

Мэдлэг боловсролын боол нь биш ХААН нь байя
Мэдэхгүйдээ хүлэгдэн тачаадах биш тас татья
Тас татахдаа мэдээлэл, мэдрэмж биш Оюун дүгнэлтээр тасдья

Бурангуй бүхнийг өмнөх үерүүгээ чичихээ больё
Бадрангуй сайхныг дараа үедээ даатгахаа зогсооё
Би өөрөө улаан туг гэж өөртөө үнэмшүүлье

Мухардсан мэт мэдрэмжинд гацсан ард түмнийхээ зовлонт амьдрал дээр оноо авдаг улс төрийг халья
Улаанбаатарын утааг дарах, улсынхаа ядуурлыг зогсоох нь 80-д оныхны яруу алдраа түгээх боломж гэж харья
Өөдрөг, бодит, хөдөлмөрч, төвлөрсөн, хүлээцтэй, зогсолтгүй мэдрэмжийг өөртөө төрүүлээд
Өнгөлөг, бадрангуй, тодорхой, төлөвлөгөөтэй алсын харааг Монголдоо нээцгээе

Хүний хорвоод мөр зэрэгцэн мэндлэх тавилантай 20-р зууны 80-д оны АЛТАН ҮЕИЙНХЭН минь

Буянаагийн Ган-Очир


URL:

Сэтгэгдэл бичих