Соёлын сайд асан Н.Энхбаяр соёлын өвүүдийг устгаж эхэллээ

Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудлаар хэрэгт татагдан шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Чойжин ламын сүм музейн

газрын багагүй хэсгийг хумсалжээ. Н.Энхбаяр ч гэж энэ музейн газраас хороолцсон хүн нь эксийн эхнэр Ж.Цолмон. Гэхдээ бусдын гараар могой бариулж сурсан Н.Энхбаяр хэний нэр дээр, юу авахаа мэддэг зайтай эр гэдгийг ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бэлхнээ дэлгээд буй.Тэрбээр эхлээд туслах мэт хүмүүсийнхээ нэр дээр их хэмжээний үл хөдлөх хөрөнгө бүртгүүлж дараа нь хүүхэд болон дүү, эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж авдгийг хууль шүүхийнхэн илрүүлсэн. Ирэх оныхоо “стратеги” төлөвлөгөөг гаргаад хамгаалах бус дайрах “тактиктай” ажиллаж байгаа тэрбээр уртаас урт гартай.

Эхнэрээсээ эхлээд төр барьж ахуй цагт туслахаар нь ажиллаж байсан Б.Тулга. төрсөн дүү Н.Энхтуяа, тэдний араас хүү, бэр гээд хийхээр зорьсон их ажлынхаа ард олон хүиийг дайчилдаг сураг ил, талд цөөнгүй. Харин түүний энэ олон төлөвлөгөө эхнээсээ биеллээ олж, буруу баригдсан, сууриа буруу цутгасан гэх мэтээр удаан хугацааны турш гацчихаад байсан “Blue sky” цамхаг юу юугүй ашиглалтад ороход бэлэн болоод буй.

Энэ өндөр барилга түүний эхнэрийн нэр дээр байдгийг эх сурвалжууд баталж байгаа юм. Гэтэл энэ барилга Монгол Улсад ганц байх хосгүй үнэт түүх дурсгалуудыг хадгалан байдаг Чойжин ламын сүм музейн газраас багагүй хэсгийг нь хумсалчихсан байх юм. Ер нь нийслэл”хотын маань аль л зэрэглэл өндөртэй, байрлал сайтай газрууд эрхэм эксийн гарт хэдийнэ орчихсон бололтой.Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах хэвлэх үйлдвэр, “Blue sky” гэх өндөр цамхаг гээд хэд л бол хэдийг нэрлэж болно. Ингээд олон зүйлийг нуршилгүй Чойжин ламын сүм музейн менежер Н.Ангирмаатай уулзаж зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

-”Blue sky” цамхагийг барихын тулд танай музейн газраас багагүй хэсгийг авчихаад байгаа гэсэн. Ийм асуудал гарсан юм уу?
-Энэ барилгыг “Чоно” корпораци бариулсан. Тэд эртнээс манай музейтэй гэрээтэй ажиллаж ирсэн. Барилгаа барихдаа автомашины зогсоолгүй барьчихсан юм билээ. Ингээд манай газрын тодорхой хэсгийг зогсоол болгочихоод байгаа юм. Манай музейн өмнөх захирал “Чоно”-той гэрээ байгуулж, хэрмэн хашааны гадна талаар явган хүний зам тавиулахаар болж, газраа өгсөн юм билээ. Тэр нь зөвхөн “Чоно”- ын талд үйлчилсэн гэрээ болсон гэж хэлж болно.

Гэрээ цуцлах санал гаргасан тал нь тохижуулалтад зарцуулсан хөрөнгийг хариуцна гэж гэрээнд тусгасан байгаа. Гэрээг манайх цуцлах нь мэдээж. Түүнээс болоод бид яаж ч чадахгүй л сууна. Тэр гэрээгээр далимдуулаад “Чоно” корпорацийнхан үнэхээр дураараа аашилдаг.

-Энэ талаар гомдол санал гаргаж, холбогдох байгууллагуудад хандсан уу. Ямар хариулт өгч байх юм?
-Өнгөрсөн жилээс хойш энэ газрын асуудлыг шийдүүлэхээр холбогдох газруудад хандсаар ирсэн. Хамгийн сүүлд Нийслэлийн газрын албанд хандсан. Гэвч өнөөг хүртэл төдийлөн үр дүнд хүрсэн зүйлгүй л байна. Учир нь бид дээрх гэрээнд хүлэгдчихээд байна. Асуудлаа шийдүүлж, газраа чөлөөлж авах нь бүү хэл өрөнд орчихоод байгаа. “Чоно”-ынхон “гэрээний дагуу ажиллаж байна” гээд халгаадаггүй. “Газраа чөлөөл” гэж байгаа бол машины зогсоол хийхэд зарцуулсан мөнгийг гаргаж өг гэдэг. Гэтэл бидэнд тэр их мөнгийг төлөх боломж байхгүй.

-Тэд танайхаас хэчнээн төгрөг нэхэмжилж байгаа вэ?
-Лав л манай музейд байхгүй их тоо харагдсан. “Машины зогсоол барихын тулд нэлээд их хөрөнгө гаргасан. Энэ хөрөнгийг одоогийн ханшаар бодож олго” гэдэг шаардлагыг тавьж байгаа. Газрын албанаас бидэнд албан ёсоор хариулт ирүүлэхгүй байсаар өдийг хүрсэн. Гэхдээ “Чоно” корпорациар өөрийнхөө газрыг чөлөөлүүлж ав гэж албан бусаар л хэлдэг. Бид тэднийг хүлээхээс өөр аргагүй болчихоод л байна. Ямар ч байсан манай эзэмшлийн газарт машины зогсоол бүү хэл ямар нэгэн үйлчилгээний юм уу музейн зориулалтаас өөр газар байх ёсгүй.

Хуучин захирлын үед хийсэн гэрээ өнөөдөр ийнхүү чагталчихаад байгаа аж. Холбогдох байгууллагууд эл байдалд анхаарал хандуулж, улсын хамгаалалтад байх тусгай зөвшөөрөлтэй, түүх соёлын өвөө хамгаалах цаг нэгэнт ирснийг энд дуулгая. Хайрлаж хамгаалах эзэнгүй явсаар бидэнд дурсах зүйл, дуулгах сонин үгүй болох вий. Хэн нэгэн эрх мэдэлтэн хүссэн газартаа гар сунгадаг болсон эл бусармаг үйлдлийг зогсоох цаг нэгэнт иржээ. Чойжин ламын сүм музей 104 жилийн түүх өгүүлэх зузаан намтартай. Анх 1941 онд улсын хамгаалалтад орсноор зөвхөн гадаадын зочид төлөөлөгчид үйлчлүүлдэг байсан гэдэг.

Харин 20 жилийн дараа үнэт олдворуудаа олон нийтэд дэлгэн үзүүлдэг болсон. Хуулийн дагуу бол авран хамгаалах ажлын нэг гол чиглэл бол түүх, соёлын үл хөдлөх дурсгал, түүний ойролцоох хамгаалалтын бүсийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.3,17.6 дахь заалтыг үндэслэн яаравчлан хамгаалалтад авах, хамгаапалтын бүс тогтоох ёстой. Үүний дагуу музейн ажилтнууд 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор өөрийнхөө газрыг тогтоолгосон байна. Ийнхүү өөрийн эзэмшлийн талбайг тогтоолгочихоод байхад өөрсдийн талд үйлчлэхээр хийж чадсан гэрээгээр шантаажлан, “Чоно”-ынхон “Blue sky” цамхагийнхаа машины зогсоолыг хэдийнэ бариад тохижчихсон байх юм.

Одоо энэхүү гацааг гагцхүү Нийслэлийн газрын алба л тайлах учиртай. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр төрийн эрхэнд дахин гарч, дарангуйлахаар зүтгэж, магадгүй бүр улайрч байгаа. Иймийн тул тэрбээр их ч олон янзаар хүч үзэж буй бололтой. Эрх мэдлийг ямар ч үнээр хамаагүй буцаан авч, өөрийнхөө гэмт үйлдлийг улстөрийн хөшигний цаана нуух гэсэн түүний улайрал бараг солиорол болоод байгааг бид харж байгаа билээ.

М.ӨНӨРЖАРГАЛ

mongoliin vnen


URL:

Сэтгэгдэл бичих