Албан тушаалтнууд ашиг л олж байвал ард түмэн ч падгүй бололтой
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар сайд санал оруулсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр уналаа.
Тэрбээр Монгол Улсын их хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 27.4.4, 27.4.5 дахь заалт нэмэхийг санал болгосон аж. Тодруулбал, уг хуулийн 27.4.4 спирт, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч этгээд биш байх, “ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж, тэдгээрийн хувь нийлүүлэгчидтэй аливаа хэлбэрээр нэгдмэл ашиг сонирхолгүй байх, 27.4.5 мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүнийг нэр дэвшүүлэх гэсэн утга санаатай байсан юм байна.
Өөрөөр хэлбэл уг заалтын утга нь архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэр үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийгУИХ-ын сонгуульд нэр дэвшихийг нь хязгаарлах тухай байсан аж. Гэвч байнгын хороон дарга Ж.Сүхбаатар гишүүн санал хураалгүй шууд унагасан юм. Хуулийн төслийг харахад өнөөгийн нөхцөлд заавал оруулахаар зөв зүйл заалт байсан ч энэ удаа эрхэм түшээд эрх ашгаа эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлаас дээгүүр тавилаа.
Тэгээд ч өнөөгийн парламентад Г.Батхүү архины бизнес эрхэлдэг, Д.Дашдорж тамхины бизнес эрхэлдэг учраас хамт олноороо зарим нэг нөхдийнхөө эрх ашиг, орлого зарлагыг хамгаалахаар шийдлээ гэхээс өөрөөр эл явдлыг хэрхэн тайлбарлах билээ. Тэгээд ч ямар нэг байдлаар архи, тамхины бизнес болон мансууруулах бодистой холбогдсон этгээдийн Их хуралд нэр дэвших эрхийг хязгаарлаваас парламентын цөөнгүй гишүүд хориглолтын бүсийн ард хоцрох нь тодорхой. Хамгийн наад зах нь үр хүүхэд нь мансуурлын асуудалд орооцолдоогүй гишүүн хэд билээ, энэ парламентад гээд бодохоор… Уг нь бол сүүлийн жилүүдэд согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээ хавтгайрч, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаа. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн. Монгол Улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд сануулах болсон. Тэгээд ч аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулшгүй өндөр тоо. Манай улсын насанд хүрэгсдийн 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг. Түүнчлэн архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэдэг. Мөн архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тооцоо бий.
Нөгөөтэйгүүр өнөөдөр архины үйлдвэр манай улсын хамгийн их ашиг орлоготой үйлдвэрлэл болоод байгаа. Эдгээрийн ард байгаа эздийнх нь олонхи нь УИХ-ын гишүүд болон тэдний ар гэр, хамаатан садан байдаг нь нууц биш. Тиймдээ ч архи тамхины онцгой албан татварыг нэмэх тхай яригдах үед парламент нэгэн дуугаар нам унагадаг нууц биш. Тэр ч утгаараа архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэх болсон гэх гээд байна л даа. Дашрамд дуулгахад дэлхйин улс орнуудад нийгэм, эдийн харилцааны онцлог, улс төр, эрх зүйн соёлын хүрсэн түвшнээс хамааран парламентын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах тусгай шалгуурыг хуульчилсан байдаг юм байна. Тухайлбал, Турк улсад ажил хэргийн нэр хүндгүй болсон, авлига, хээл хахууль, санаатайгаар дампууруулах, хууль бусаар бараа хил давуулах, нууц хуйвалдаан, төрийн нууцыг задруулсан гэмт хэрэг үйлдсэн, өдөөн хатгасан, турхирсан, эсвэл ийм төстэй үйл ажиллагааг явуулсан гэмт хэрэгт шийтгэгдсэн этгээд сонгуульд нэр дэвших эрхгүй.
Эдгээр этгээд өршөөлд хамрагдсан байсан ч нэр дэвших эрхийг хязгаарладаг. Харин Энэтхэг улсад төрийн хяналт дор байх аливаа ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бол, Унгарт шүүхийн шийдвэрээр төрийн алба хаах эрх нь хязгаарлагдсан, эсвэл авлига, албан тушаалын хэргээр урьд нь шийтгэгдэж байсан бол, Иранд авлига болон бусад ёс зүйгүй үйлдлээс болж нэр төр нь нийгэмд унасан этгээдийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хуулиар хязгаарладаг юм байна. Тэр ч утгаараа Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шалгуурыг тодорхой болгон хуульчлах нь зүйтэй гэсэн гишүүний санал унасан нь төрийн түшээд түмэн олноо төгрөг мөнгөнөөс доогуур үздэгийн тод жишээ боллоо.
З.Тэргэлжин
URL: