Мал өсч байхад мах сүүний үнэ нэмэгдэх урвуу хамаарал

16833

Жилийн эцэст мал тооллогын дүн гарч Монгол Улс 66.2 сая толгой малтай болсныг албан ёсоор зарласан. Үүнийг нийт хүн амынхаа тоонд хуваавал 20.6875 буюу нэг хүнд 20 сая гаруй мал ногдоно гэсэн үг. Шууд утгаараа монгол хүнд өлсөх шалтгаан алга. Хувьдаа чаа гэх малгүй ч Монгол нутагт ийм тооны мал бэлчиж байхад махны үнэ магнаг болж, сүүний үнэ нэмэгдэх зэрэг нь урвуу хамаарал шиг санагддаг.

“Хэл, хил, мал гурав минь байхад хэн баян Монгол баян” гэдэг шиг малын тоо толгой жилээс жилд өссөөр. Өнгөрсөн жилд улсын хэмжээнд адуу 3.939сая, үхэр 4.388сая, тэмээ 434.1мянга, хонь 30.109сая, ямаа 27.346саяар тоологджээ.

Харин малчин өрхийн тоо 228.9 мянга. Жил ирэх тусам тоо толгой нь өссөөр байгаа болохоор малын ашиг ч тэр хэрээр нэмэгдэж таарна. Харин нийслэлчүүдэд малын ашиг шимийг хүртэх боломж малын тоо өсөхийн хэрээр үнэ нэмэгдсэн хандлагатай байдгийг юу гэж тайлбарлах вэ. Цагаан сарын тавгийн боов, ууцны сурталчилгаа явагдаж эхэлмэгц мах, сүүний үнэ огцом өгсч эхэлдэг. Үүнд нь бид бүр дасч орхисон. Жилдээ ганцхан удаа юм даа гээд л наашаа харж инээж, цаашаа харж уйлах шахаж байж, цагаан сарынхаа бэлтгэлийг базаадаг. Үндэсний хэв маягтай баяр юм болохоор үндэсний зоог, шүүс тавьж, ирсэн зочдоо цагаан идээгээр дайлна.

Ураг төрлийн баяр гэдэг утгаараа аль болох нүүр улайхгүй гаргахыг боддог ч хэтэвчиндээ захирагдахаас аргагүй. Чухам энэ л үед нь малчид ууц, цагаан идээнийхээ үнийг сэтгэл гаргаад бууруулж болмоор санагддаг юм. Яахав дээ, аль нэг аймаг нь санаачлаад нутгийн зөвлөлөөрөө дамжуулаад ийм арга хэмжээ авч болмоор.

Зуд турхан боллоо, байгалийн хүчний өмнө малчид сөхөрлөө гэхэд нөгөө муу нийслэлийнхэн чинь л боломжоороо хэд гурван төгрөг хандивлаж, өвс тэжээл ачуулахаас эхлээд сургуулийн хүүхдүүд нь таван хошуу малаа ч тэр бүр мэдэхгүй атлаа хурга тугалын нэмнээ, лаа шүдэнз гэх мэтийг цуглуулж илгээдэг гэдгийг хааяа нэг санамаар.

Үнэндээ бол таван хошуу мал гэдэг малчин өрхийн өмч болохоос биднийх биш. Малынхаа ашиг шимийг тэд хангалттай хүртдэг болохоос нийслэлчүүд биш. Харин хотын бид өөрсдийн хэтэвчний хэмжээндээ захирагдаж, мах сүүгээ авдаг. Буцалсан ус, баахуу цайгаа уучихаад, хоногийн хоолтой байгаадаа сэтгэл ханах нь олонтаа.

“Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олддоггүй” гэсэн хэлц бий. Хайрлаж, хариулж өсгөсөн болохоор хайран санагдахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бэлчээрийн даац, сүргийн бүтэц гээд дан тоо толгойн араас хөөцөлдөх аргагүй хүчин зүйлүүд байдгийг бодолцох л хэрэгтэй. Сүүлийн үед малчид адуугаа азарга азаргаар нь хөөж авчирч нядалгаанд оруулж байгаа.

Мөнгөний үнэр авсан хүнд мал нь ч хайран санагдахаа больдог бололтой. Монголын төр хэзээнээсээ нааш малчдад ээлтэй хандаж ирсэн. Түүний нэг тод жишээ нь, малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлууллаа. Төв суурин газрын албан хаагчид энэ жилээс эхлээд тэтгэвэрт гарах нас нь зургаа зургаан сараар цааш сунгагдаж, нийтдээ 20 жил гурван сар Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн 60 насандаа тэтгэвэрт гарах боломжтой гэсэн хууль хэрэгжиж эхэлсэн бол малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулав.

Энэ нь малчдыг хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг гэж үзсэнтэй холбоотой байх. Уг нь бол мал маллах гэдэг малчин хүний өөрийнх нь эрхэлж байгаа хөдөлмөр шүү дээ. Тэднийг хэн ч малчин бол гэж шахаагүй, нутаг заагаагүй. Хүсвэл хотод ирж суурьшаад амьдарч ч болох. Өөрийнхөө малыг малласны төлөө өрөөлд ялархах хэрэг байна уу гэж хааяа боддогоо нуухгүй. Бид цалин цагтаа буухгүй байна гээд зээлээр мах, сүү авъя гэвэл малчид яах бол.

Н.Төгөлдөр

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/content/158685.shtml


URL:

Сэтгэгдэл бичих