Онцгой татварын өөрчлөлт овилгогүй ченжүүдийг хөөргөсөн үү
Ирэх оны төсвийг батлах дөхөж байгаа энэ үед онцгой татварын хуулиудад өөрчлөлт нэлээд ороод байгаа. Тухайлбал автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тухай тогтоолын төсөл. Харин энэ тогтоолын төслийн ажлын хэсэг байгуулагдангуут л автомашин импортлогч компаниудын дунд үнэ өсөх тохиолдлууд гарсан гэж болно. Тэр нь аргагүй биз. Зах зээлийн хуулиараа арай илүү ашиг олох жам. Гэхдээ тогтоол гараагүй байхад нийгэм даяар хий хөөрөгдөл үүсгэж байгаа автомашины ченжүүдийн бас хянах газар гэж үгүй бололтой. Дур дураараа үнээ нэмж авбал ав авахгүй бол боль гэсэн байдалтай байгаа ченжүүдийг хянах шаардлага тавих хэрэгтэй юм шиг. Саяхан нэг найз маань суудлын жижиг тэрэг авахаар сонирхсон гэнэ. Гэтэл түүний сонирхож байсан машин хоёр сарын өмнө найман сая төгрөг байсан бол харин одоо даруй хоёр сая төгрөгөөр нэмэгдэж 12 сая төгрөг болсон байна гэх юм. Ямар шалтгаанаар үнээ нэмсэн гэдгийг машины ченжүүдээс лавлахад шинэ оноос татвар нэмэгдэнэ гэсэн болохоор гэсэн тайлбар хэлж хээв нэг зогсож байна гэлээ.
Улс татварынхаа бодлогын хүрээнд автомашинтай холбоотой олон асуудлыг цэгцлэх гэж татвараа нэмсэн нь тодорхой. Харин энэ нэмэгдэл нь амь амьжиргаагаа халтуураар залгуулахаар хүнд тусах нь гарцаагүй. Гэвч нэг хэсэг хүмүүсийн эрх ашгийг бодож нэлээд олон хүний эрх ашиг зөрчигдөж байснаас төр бодлогынхоо зохицуулалтыг хийж эхлээд байгаа. Гэтэл нийгэмд үүссэн зээлийн хүүгийн өсөлт тэр дундаа арилжааны банкуудын зээл олголт зогссон зэрэг нь иргэдийг нэлээд төөрөгдөлд оруулаад байгаа тал ажиглагдах болсон. Ингээд зээлээр шахуу амьдардаг иргэд маань хямд машин лизингээр авах гэхэд банкууд богино хугацааны зээлүүдээ түр хугацаанд хаасан нь иргэдийг бүүр ч эргэлзээнд оруулаад байгаа. Харин яг үнэндээ бол арилжааны банкууд ямар шалтгаанаар хаасан талаар сонирхоход оны эцэс болж зээлийн үзүүлэлт нь хангагдсан учраас түр хугацаанд зээл олгохгүй байдаг. Энэ бол жил бүр арилжааны банкуудад байдаг л хэвийн зүйл гэсэн тайлбарыг албаны хүн өгсөн байлаа. Харин шинэ он гарахаар бүх төрлийн зээл хэвийн олгогдож эхэлнэ гэсэн. Гэхдээ банкуудын урт хугацааны зээлэнд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд ороод байгаа үүнийгээ тэд тайлбарлахдаа арилжааны банкуудын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлнэ гэсэн Монголбанкны Ерөнхийлөгчийн тогтоолтой холбоотой гэсэн яриа ч байна. Арилжааны банкуудын хүү одоогийн байдлаар ХААН банк долоо хоногийн өмнөөс урт хугацаатай зээл олголтыг зогсоосон бол Голомт банк 15-20 жилийн хугацаатай зээлийн урьдчилгаа төлбөрөө 20-30 хувь болгоод хүүг 1,3-1,35 хувь болгоод байгаа гэнэ.
Харин Худалдаа хөгжлийн банк 1-15 жилийн хугацаатай зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-41 хувиар тогтоон хүүг 1,3 хувь болгосон бол Хас банк 0,6-15 жилийн хугацаатай зээлийн урьдчилгаа төлбөрийг 30 хувь, хүүг 1,42-1,57 хувь болгож өөрчилсөн. Дээрх байдлаас харахад автомашины лизингийн хугацааг ч мөн өөрчлөх болзошгүй юм. Ингээд бодоход онцгой албан татвараар улсын төсөвт багагүй хөрөнгө оруулах төлөвтэй. Тэгвэл харин хяналтгүй ажилладаг ченжүүд дур мэдэн үнээ нэмэх байдал гаарах бололтой. Яг үнэндээ ченжүүдийн ярьж байгаагаар суудлын тэрэг тэр дундаа шатахуун бага зарцуулдаг автомашинууд Монголд яваагүй бол 10 саяас буухгүй байгаа гэж байлаа. Харин 20 сая төгрөгнөөс дээш үнэтэй автомашин төлөх татвар өндәр гарах зардал нь өндәр тул худалдан авагч бага байдаг гэнэ.
Эдгээр автомашинуудын үнэ нэг их өөрчлөгдөхгүй байх гэсэн яриа ч ченжүүдийн дунд байна. Хэрэв энэ янзаараа байвал автомашины тоо тэр дундаа хуучин автомашин цөөрөх нь сайн талтай. Гэхдээ гар утас
шиг хэрэглээ болсон автомашины үнийг хэт хөөргөж хэсэг хугацаанд үнийн хөөрөгдөл явуулж байгаа хэсэг бүлэг хүмүүсийг хянах систем шаардлагатай байгаа нь гарцаагүй. Онцгой албан татварын тухай хуульд зааснаар батлагдсан тогтоолд суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэсэн оноос хойшхи хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой татварыг ноогдуулахаар болсон. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа билээ.
Нөгөөтэйгүүр манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний наймдугаар сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500/смЗ/-ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын / жийп/ машинууд эзэлж байгаа гэсэн албан ёсны тоо гарсан байгаа юм. Хуулийн төслийн шинэчлэлд бүхэлд нь нэмэгдүүлээгүй харин тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж өндөртэй, он хөгшинтэй авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн болно. Хуулийн төслийг дараах байдлаар өөрчилсөн.
Үүнд:
Мөн агаарын бохирдлыг бууруулахаар энэ оны эхний есөн сарын байдлаар АТБӨЯХ-ийн агаарын бохирдлын төлбөрөөр улсын төсөвт 964.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 611.8 сая төгрөг төвлөрүүлсэн байгаа юм. Дээрх хуулийн төслийн шинэчлэлтээс бага хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай шинэ машин татвар бага ч цилиндрийн багтаамж ихтэй хуучин авто машинууд оруулж боломжгүй байхаар зохилцуулалт хийгдэж байна. Тиймээс яг одоохондоо бол хөөрөгдөлд авталгүй он гараад шинэ хуулийн хэрэгжилтийн дараагаар автоамшины үнэ тогтворжих магадлалтай хэмээн зарим нэг албаны зарим нэг хүмүүс үзэж байна.
Н.Бэлгүтэй
URL: