Энхбаярын хүү Батшугар гэж хэн бэ?

Дэлхий нийтэд хаалттай гэгддэг Умард Солонгосын удирдагч Ким Ир Сений хүү хэн бэ гэдгийг монголчууд мэддэг атлаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэдэн хүүхэдтэй, том хүү хаана сурч, төгссөн, ямар боловсролтой гэдгийг бид мэддэггүй юм байна. “Ремиф” компанийн захирал Э.Батшугар хэмээх нэр зарим хэвлэлийн хуудаснаа гараад буйг эс тооцвол энэ талын мэдээлэл ер нь ховор аж.

Н.Энхбаярын үр хүүхдүүдийн тухай мэдээлэл тэгэхээр монголчуудын хувьд хэр их хаалттай, бас ямар хэмжээнд нууцлагдаж байсныг гэрчилж буй юм. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсных нь дараа Н.Энхбаярыг олон нийт дөрвөн хүүхэдтэй гэдгийг нь “TV9″ телевизээр мэдэж авсан. Э.Батшугар харин тухайн үед телевизийн дуранд өртөөгүй гэнэ. Дээрх сонгуулийн өмнөх сурталчилгааны хэвлэлд түүний том хүүгээс багахан хэмжээний ярилцлага авч нийтэлж байжээ. Үүнээс өөрөөр хэвлэлд Э.Батшугартай холбоотой мэдээлэл гарч байгаагүй бололтой. Интернэтээр мэдээлэл хайх явцад Facebook рүү орж Э.Батшугарын дээрх зургийг татаж авсан юм.

Н.Энхбаярын том хүүгийн нэрийг лам өгчээ. Ирээдүйн Ерөнхийлөгчийг Монголын зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж байхад нь Э.Батшугар мэндэлж түүнийг аав болгожээ. Э.Батшугар 1987 онд төрсөн байна. Тэрбээр гадаадад боловсрол эзэмшиж, АНУ-ын Бентлигийн их сургуульд хуулийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан аж.

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслах гэж гадаадаас ирж байсан гэнэ. Тэр Э.Бямбадулам, Э.Дашнамжил Э.Ринченлхам гэдэг гурван дүүтэй. Э.Батшугар одоо АНУ, Монгол хоёрын хооронд ирэн очин байдаг гэнэ. “Ремиф” компанийн захирал гэж явдаг бөгөөд энэ компани нь бизнес санхүүгийн чиглэлээр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж. Тэрбээр сүүлийн үед уул уурхайн салбарыг сонирхох болсон гэнэ. Мөн багадаа аавтайгаа хамт уулын спортоор хичээллэдэг бөгөөд шатар яггүй сайн тоглодог хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

Г.Онон

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих