“Өгье гэвэл ганцаасаа”бодит түүх

16700

Одоогоос хоёр жил гарны өмнө юм даг. Хуучин номын сангийн гаднах талбайгаа цэвэрлэж байлаа. Гэтэл хогийн пүнкер ухаж ундааны лааз сав түүж байсан ах халамцуу бололтой гуйвж ирээд “Ахдаа ус өгөөч” гэж хэлээд ундааны сав өглөө.
Гаднаас нь харахад олон жил огт тайлаагүй өмссөн болов уу гэлтэй үнгэгдэж элэгдсэн хувцастай. Архины эхүүн үнэр, хэр дааг нь холилдон нэвчсэн. Олон жил амьдралын эрээн бараанд нухлагдсан гэлтэй үрчлээтсэн баргар царай.
Энэ ахыг харсан надад айх сэтгэл төрж бага зэрэг жийрхсэн ч ундааны савыг угааж цэвэрлээд ус хийж өглөө.
Өнөөх ах “Миний дүү энэ юу вэ, номын сан юм уу?” гэж надаас асуулаа. Тэгэхэд нь би “Орж үзье, гэж хэлээд ном уншиж байгаа хүүхдүүдийг минь айлгачих вий” гэж сэрэмжлэв.
​Тэгээд “Өө ахаа нэг их ном байхгүй болохоор ганц ном ганцдахгүй хандиваар цуглуулдаг юм” гэж хэллээ. Тэгээд бушуухан номын сан руугаа орж хаалгаа дотроос нь янгинатал түгжээд авав. Ахыг оруулахгүй “түргэн яв” гэсэн санаа минь тэр шүү дээ.
Гэтэл хэд хоногийн дараа нөгөө ах маань дахиад ирж байна. Би ч дотроо бас л ус хэрэг болоо биз. Эсвэл өөр юм гуйх байхдаа. Хэрэггүй нүүр өгдөг байж гэх мэт юм бодлоо. Иймэрхүү зүйл бодсоор төвөгшөөнгүй өөдөөс нь тосон очиж “Ахаа яах гэсэн юм бэ” гэж их л дургүй асуулаа.
“Ах нь чамд юм өгөх гээд. Үгүй ээ юм хандивлах гэсэн юм” гэж байна. Би гайхаад “Юу билээ ахаа” гэтэл “Ах нь ном өгөх гээд” гэлээ. Тэрүүхэн хооронд би “Ээ яанаа хог дээрээс ном түүгээд ирж дээ” гэж бодоод амжлаа. Гэтэл өнөөх ах цоо шинэ ном гаргаж ирлээ. Гялгар уутанд нямбайлан хийснийг нь харвал сэтгэл орсон нь илт харагдана.
Энэ бүгдийг хараад би гэдэг хүн шоконд орж хэлэх үггүй гацлаа. Хог дээрээс авсан ном өгөх байх гэсэн хүлээлттэй байсан болоод ч тэр үү, мэл гайхаж цэл хөхрөх нь тэр.
Гэтэл ах гацангуй “Түүсэн ундааны лааз, саваас зараад мөнгөөрөө шинэ ном авлаа. Муухай болгохгүйн тулд уутанд хийгээд дүүдээ аваад ирлээ. Миний дүү энэ сайхан буянтай ажлаасаа хэзээ ч битгий шантраарай” гэж захиад номоо өгөв.
Тэр агшинд…… тэр агшинд…… тэр агшинд…… миний дотор юу бодогдсон гэж санана. “Ээ ээ чааваас даа. Би би би яаж яаж, яасан муухай хүн бэ би чинь. Ёстой өөдгүй” гэж өөрөө өөртөө дэндүү их гомдлоо. Тэгээд үнэр танар нь хамаагүй өнөөх ахаа үг сүггүй тэврэн авч хоёулаа баахан уйллаа.

Өөрөөс нь айж сэжиглэлгүй үнэн сэтгэлээсээ хайрлан хүндэлж, өөрийг нь тэвэрсэн миний сэтгэлийг ойлогсондоо ах бас уйлж байгаа нь тэр шүү дээ.
Хорвоо гэдэг үнэхээр гайхамшигтай, бас дэндүү сайхан, нөгөө талаар хатуу харгис юм даа. Яаж яваад тантай би учирсан юм бол доо. Яасан ч сайхан сэтгэл зүрх, ямар ч их эр зориг танд минь харамгүй заяасан юм бэ дэ. Гэтэл тэнэг би үүнийг нь мэдэхгүй танаасаа төвөгшөөн зугтаах гээд л ёстой мангар гэхээс өөр үг даанч алга даа. Хүнийг гаднаас нь хараад дүгнэсэн өөртөө дэндүү их гомдож өөрийгөө зэмлэж зогссон доо.
Гэтэл хачин хүн тэврээд уйлж байгаа намайг номын сангийн хүүхдүүд маань юу болсныг асуун бүчээд ирлээ. Нэг нь бүр “Багшаа та аавыгаа олсон юм уу?” гээд асуухад ах бид хоёр элгээ хөштөл инээж билээ.
Нээрээ л төөрөлдсөн аав охин гэлтэй чин зүрхний нарийн холбоо надад мэдрэгдсэнийг нуух юун. Гайхаж алмайран элдвийг асуух хөөрхөн шавь нартаа болсон бүх явдалыг ярьлаа. Эвий дээ тэд нар минь өөрт байсан өчүүхэн гэлтгүй 30, 50, 100 төгрөгнүүдээ нийлүүлэн ахад идэх юм авч өгсөнсөн.
Амьдрал гэдэг гайхамшигт явдлаар дүүрэн юм аа. Хүнд хүн л хэрэгтэй хорвоо шүү дээ. Бид хэзээд нэгнээрээ дутах юм. Бие биедээ байхгүй асар олон зүйлсийг бид өөрсдөө л нөхөж өгөх мэт. Тэр цагаас хойш би гэдэг хүн бусдыг гаднаас нь харж дүгнэхээ болин ямар ч хүнийг хайрлах хэрэгтэй юм байна гэдэг ухаарлыг авсан юм.
Номын сан бол ашиг олдог салбар биш. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй. Удахгүй тав дахь хүүхэд минь хорвоод мэндлэх гэж байна. Нөхөр ганцаараа ажилладаг. Олсон тав арван төгрөгөөрөө амьдралаа залган хоёр идэхгүй хоосон хонодоггүй. Үнэндээ энэ нийгэмд өмсөх зүүхээр элбэг биш ч гэлээ дутуу гачуугийн хэцүүг мэдэрч яваа залуу гэр бүлийн төлөөлөл.
Гэхдээ хань бид хоёр хэзээ ч өөрсдийгөө ядарч байна, зовж байна гэж боддоггүй. Болно, бүтнэ гэсэн гэгээн итгэлээр биеэ төөнөж хайр дүүрэн харцаар ширтээд хүүхдүүддээ зөвөөр үлгэрлэхийг зорьдог. Ирээдүйн эх орны эзэд болоход нь одооноос иргэн хүн болон төлөвшүүлж байна. Үүрээ орхин нисэхийн цагт бие биенээ хүндлэн хайрладаг аав, ээжүүд болоход нь бэлдэнэ.
Алсдаа ариун цагаан хөдөлмөр, шударга зөв тууштай шантаршгүй зүтгэлээрээ эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах хүмүүн болгон өсгөнө. Энэ бүхний төлөө бие биедээ дэм өгч халамжлан хайрлах үлгэр дуурайлал нь болж яваа жирийн л нэгэн гэр бүл.
Бидний эхлүүлж буй ирээдүйн нобелийн шагналтгуудад минь зориулсан хүүхдийн номын санг дэмжээрэй. Ганц ном ганцдахгүй хандивлаарай сайхан сэтгэлт найз нөхөд аав ээжүүд, албан байгууллага, хамт олон, албан тушаалтан нар минь.
Өгье гэвэл ганцаасаа гэдэг шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих