Тарвага агнахаа больсон минь

16696

Өнгөрсөн намраас хойш бүтэн жилжин тэсч ядан хүлээсэн ээлжийн амралт маань эхэллээ. Аанай л аав ээжийнхээ нутагт ан ав эргүүлж амрахаар хуйлаастай хөнжилд нуусан хуучны муу тайрмал калебирь тэргүүтэн аар саарханаа тэврэн шуудангийн ГАЗ-53-ын задгай тэвшинд сууж хагас өдөржин давхиулсаар сумын төв дээр, ах дүүсийнхээ зочломтгой алган дээр хүндтэй зочин болж буулаа. Хөнгөн тэргэнд шилжүүлж суулган хөдөө гэртээ аваачлаа, хотын сульдаа тайлж хонь гаргаж шөл уулгалаа. Хорхойгоо дарж байна гэж би өөрөө хулгар шарын гуяыг хул айргаар даруулаад явуулчихлаа. Хотын боов чихрээр хол ойрын хүүхэд шуухад баярлуулж, авга ахтайгаа агсам цэнхэрийг хундагалаж тулгасхийн хэсэг зуур хөөрөлдлөө.

За тэгж байтал нар баруунаа тонгойгоод сөхөөстэй хаяагаар тарвага хошгорох нь сонсогдон ангийн хорхой асаагаад л, ах дүүсээ амар хажуул гэснийг нь ч тоолгүй хоёр хул айраг нэмж залгилчихаад хойд толгойн баруун бэл рүү гараад өгөв өө.
Ай даа, оройн гараа нь эхлээд, тарвага ч гэж пай…! Хаа сайгүй паацаганаж гүйлдээд л…
Энэ нь жижиг юм нэрийн хор байх, тэр нь ч хашир бололтой мөддөө гарахгүй биз гэж алхсаар байгаад нилээд ч холдчихлоо. Гэтэл нэг дошины ойролцоо гурвын гурван сайхан амьтан хөдөлж ядан бөмбийж тэнтийтлээ идээшилж байснаа дуртай дургүй паанага паанага цогин цувралдаж гүйсээр нүхэндээ орчихлоо шүү.
–За хө энд чинь л, харин ч нэг тухлаад авъя байз, гурван амьтны нэг нь эс гэхэд нөгөө нь гаралгүй яав гэж гэсэн шүү юм бодоод салхийг нь гаргаад доод бутан дунд нь хэвтээд өглөө. Энэтээ энгэрт хонин сүрэг налайж цайвар цамцтай жаалхүү том хээр мориныхоо сүүдэрт сууж харагдана.

Нилээд хэвтлээ. Сумны тусгал хүрэхээргүй газар энд тэндгүй л хашрууд хошгиролдоод л идээшлээд л харагдана. Нандин зоог дотроос, намрын шар нар гаднаас халааж аян замын алжаалдаа аньсага зовхи хүндэрсээр нэг мэдэхнээ түр дугхийгээдхэж… Цочин сэрээд сэмхээн харвал нэг сайхан амьтан гараад ирчихсэн дошин дээрээ погвойж байснаа сэжиг авав уу яав, навтасхийгээд суучихлаа. Энэ намрын анхны ан…
Хар хулхин дээр нь хараалж хараалж буудаадахсан, тусав бололтой тарвага ч тэрий хадаж харагдав. Ухасхийн харайж хүрвэл нүхнийхээ амсарт хэсэг цус хаяад орчихжээ. Бууныхаа хөлөөр сэмхээн хатгаад үзвэл зөөлөн памбалзсан юманд тулаад л… Байж байнаа хөөрхий…

Тоос манан хадтал нь тойруулж ухаж амсарыг нь томруулаад харсан чинь эгц шахуу нүхнийхээ тэртээ дор нойтон шороон дунд сүүл нь цухуйж харагдана. Гар хүрэхээргүй юм. Нэмж баахан ухаад цээж багтахуйц болгоод зүтгэсэн бас л хүрдэггүй ээ. Их доор юм. Шилэн лонход хулгана оруулчихаад гадна байж ядан хавчиганах өлөн муур шиг дороо холхин адгасандаа хөлсөө урстал ухаж малтаж томсгож байгаад, өрөөсөн гараа сунгаад л шумбачихлаа. Хөлөө дээш нь гозгонуулж биеэрээ займчсаар тэмтэрсээр байгаад юутай ч болов тарваганыхаа хойд хоёр хөлийг нь холбоод бариад авлаа. Эргээд гарах гэтэл эгц юмаа, золигийн нүх нь…
Болдоггүй дээ. Баруун гар тарваганд, зүүн гар хавирга нухаад нүхний хананд, хоёр хөл тэртээ дээр…Гарах санаатай биеэ займчаад үзсэн чинь улам доошоо зоогдох янзтай. Хөдлөхгүй байхаар дотор давчдаад… Тарвагаа тавиад доошоо гараараа тулах гэтэл эгц нүх сул нойтон шороотой юмаа. Жаахаан хөдлөхийг андахгүй биеийн жингээр ямх ямх доошилсоор удалгүй хөлсөндөө зууралдаж мэнэрсэн нүүр минь тарваганы цус чацгатай нойтон шороо руу тулаад нүдээ ч харж чадахаа больчих нь тэр ээ.
Сул гараараа нүүрээ арчаад авахад ч үл ялиг доошоо гулсаж санагдана.

Цус толгой руу бууж нүүр минчийтлээ чинэрэн, нүд рүү хөлс урсан орж хорсгоод, ухархай дотор чим чимхийтэл хатгаж, ам хамар, чих рүү шороо чихэгдээд… Зүрх гэнэт томорчихсон юм шиг цээжинд багтаж ядан тэлчигнэнэ. Хөлс хувцастай наалдаж ухаан санаа айдсанд хүлэгджээ.
Гэнэт айж эхэллээ!
Доошоо суусаар байгаад хоёр хөл далд орчихвол толгойгоороо зоогдсон гадас шиг хөөрхийлөлтэй амьтан би амьдаараа булшлагдах нь ээ …!!!
Харанхуй нүхний үнэр танарт дотор муухайран, саяхан уусан шинэ шөл хэдэн хул айраг ходоодноос хоолой хавьд бүлт шахагдаад иржээ… Бүтэж үхдэгийн даваан дээр биеэ нүхний хананд байдгаар нь тэлж байгаад сул гараараа нүүрнийхээ шороог хам хум зайлуулангуутаа:
-Үхлээ, авраарай…!!! гэж бачимдан хашгирлаа. Дуу минь нэг их бүдэг битүү дуулдаж байна. Нүхэндээ байгаа үхсэн амьд нийлсэн тарвагануудад тод сонсогдсон уу гэхээс бүдүүн биеэрээ зайгүй битүүлээд салхи ч багтах зайгүй бөгөлчихсөн нүхнээс гадагшаа бол огт дуулдахгүй л байгаа боловуу.

… Удлаа.
Тун удаж санагдав. Шилбэн дээр шумуул часхийлгэж, өмдөн дотуур шоргоолж ирвэгнүүлэн гүйнэ. Зүүн гар бадайран чинэрэнэ. Өглөөхөн надад үнсүүлээд үлдсэн эхнэр хүүхэд минь нүдэнд тормойж хамар шархиран бүлээхэн халуухан нулимс хөмсөг рүү урсана.
Биеэ жаахаан суллахад доошоо гулсаж санагдаад, нүхний хананд тэвхдэж чангалахаар идэж уусан зоог хальж гарчих гээд…
Мөч хором өнгөрөх бүрийд улам улмаар л “биш болж” байнаа!
Нэг муу үхсэн тарваганы бөгсийг улаан нүүрээрээ хучиж хөлөө чанх дээшээ гозойлгоод амьдаараа битүү булуулж, бүтэж үхэж дуусах л учиртай энэ хорвоо дээр амьдраад явсан юм байж… Хорин хэдэн жил хорвоо дэлхий дээгүүр биеэ зөөж жооргоносон хоёр муу хөлөө л дэмий нэг зүхнэ. Татаад дээш нь гаргачихдаггүй юмаа гэхэд найдвартайхан тулаад өгдөг бол арга байна санж… Даанч ч… Даанч тусгүй ээ…
Арга тасарлаа. Үхэх нь ээ… Дэлхийн татах хүч, биеийн жингээр улам улам сэм сэмээр доошоо л суулт хийхээс өөрөөр ямар ч хөдөлгөөн хийх арга, ямар ч аврал гэж энд алга аа. Амьдаараа үмхүүлээд могойн аманд толгойгоороо залгиулж байгаа азгүй муу хулгана л над шиг ийм арга тасарсан хүнд хэцүү байдалд ордог болов уу гэхээр санагдана.
Энэ зэлүүд газар хэн ирж туслах вэ дээ…
Тусламж эрж бахирхаар цээж тэлсэн агаар амаар гарч бие аанай л дахиад жаахан доошилчих гээд байсан ч эцэстээ аргагүйдэж “-Яана аа!!! Үхлээ ш дээ, надад туслаач дээ…!”-гэж элий солгой өнгөөр бувтнан хэлтэл, хариуд нь …?!!! Ээ, Бурхан шүтээн минь!
…Нүхний гүнээс бие зарсхийж цус царцам чимээ гэнэт дуулдлаа.
Тарвага тэндээс, хүүхдийн шингэн дуугаар хариу ямар нэгэн юм хашгирч дуулдав.
Яагаад ч юм бэ өнөөх тэнтийсэн тарган тарваганууд чихцэлдэн цувралдан дөхөж ирээд хамгийн ойр сунан очсон баруун гарыг минь хуруунуудаас нь эхлэн тавтайхан хэмлэн мэрж байснаа урт хумстай сайран сарвуугаараа нүүрийг минь сарлаж тохуурхаад, тавтайхан даажигнан “инээлдэж” байгаад хөлсөндөө дэвтсэн халимаг үснээс минь доош нь дугтран чирцгээх юм шиг л санагдаад явчихав.
Арга тасарч, цаазын тавцан дээр буу тулгуулсан хүнд ялтан шиг гарцаагүй үхлийг хүлээн нүдээ тас анилаа…
“-Ээ чааваас! Ийм азгүй үхэл гэж бас байдаг аа…

Дахиад л нүхний бөглүү алс гүнээс жаахан хүүхэд маш тодхоноор:
-Хүүе ахаа. Та наанаа юу хийгээд байгаа юм бэ?…-гэх дуулдав. Нуруунаасаа даараад бие хөлдөх мэт таталдаад хөшчихлөө.
Таг дуугүй л байв. Ямар, “-Амь авраарай хүндэт тарвага гуай минь” гэлтэй нь биш, “-Уг нь би сая та нарын нэгийг чинь буудсан юмаа. Түүнийгээ авах гээд ингэчихлээ” гэлтэй нь ч биш…
Арга тасарч, нүүрээ үрчийлгэн арчаагүйхэнээр эхэр татахад дух хацар хавьцаа дэлхийн гадаргуу атиран хуйлрах мэт их хүчээр овон товон атираа үрчлээ түрж байх шиг санагдана…
-Ээж ээ… Ээж минь, би үхлээ ш дээ. Надад туслаач дээ, ээж ээ…

Амьдрал дэндүү баян, тохиол гэгч хэтэрхий тохуутай ажээ. Нас зүс гүйцсэн бүдүүн хадуун эр хар хүмүүн болсон хойноо эрх танхи нялх жаахан охин шиг ээжийгээ дууданхан асгартал уйлах өдөр ирдэг ажээ.
Гэтэл ээжийгээ дуудаж уйлсныг минь газар дэлхийдээ шингэсэн ижий минь сонсоод арга нь барагдсан муу хүүдээ аврал хайрын ариун мутраа сунгавуу гэлтэй хүүхдийн дуу дахин сонсогдохдоо энэ удаад тэртээ дээр хөл хавиас минь тодхон шулганаж:
- Наана чинь тэгээд таны тарвага байна уу гэх цангинасан дуун авралын мөнгөн хонх мэт жингэнэв ээ. Түрүүнээс хойш уруу нь харуулсан онгорхой лонх шиг зогсолтгүй асгараад байсан ч гэлээ хаанаа хадгалагдаж тэсээд үлдчихсэн байсан юм гэмээр бүлээн халуун нулимс хөмсөг дух тийшээ сулдаа урсан асгарч гарлаа.
- Тат…-таарай миний дүү, ах нь гарч чадахгүй байна. Туслаарай… гэж уйлагнан бахирсанд хөл хавьцаа уриалгахан цолгиун дуугаар:
-За ахаа одоохон… Би мориноосоо буугаадахъя гэх дуулдаж удалгүй, амь биенийхээ эсрэг хуйвалдан тэрссэн урвагч эрхтэн гэмээр санагдаад байгаа арчаагүй сул хоёр хөлийн минь хооронд турьгүй бяцхан бие бүтнээрээ орж ирж мэдэгдлээ. Гэвч хүү үнэндээ жаахан ч өргөж дийлсэнгүй ээ.
- Ахаа би таныг өргөж дийлэхгүй байна ш дээ гэх нь “Би ингээд явлаа шүү, баяртай …” гэх шиг сонсогдож би сандарсандаа:
- Зүгээрээ миний дүү… Битгий яваарай, чи эр хүн дийлж л таараа гэж хоолойд зангирах нулимсаа нуусхийж давцуулан хашгирлаа. Хүүгийн бие хөлөнд хүрэн алдан мэдрэгдсээр… Болдогсон бол хөлөөрөө атгаад авмаар л байлаа.
- Яах уу ахаа… Та өөрөө гарчихаж чадахгүй байна уу? гэх нь бас л би туслаж чадахгүй нь ингээд явъя даа, та өөрөө л гарахыг бод гэх шиг сонсогдож:
-Хүлээгээрэй миний дүү…! За байз…!!? Хүлээж байгаарай. Битгий яваарай… Аа тийм, танай гэр чинь хол уу, аав нь…? Том хүн байгаа юу?
-Та яах гэж байгаа юм бэ?
- Яахав дээ миний дүү ээ. Ах нь энд үхэх гээд байна. Ахыгаа…
- Аав тууварт явсан, ээж сумын төв явсаан… Дүү эмээ хоёр л байгаа.
- За байз… Миний дүү ээ?
-Айн…?
- Юу юу…? Наад морь чинь номхон уу?
-Янзын номхоон. Буруу зөвгүй номхон…
- Тэгвэл ахыгаа наад мориороо тат
- Яаж…?
-Яахав дээ ахын дүү. Уяа муяагаар хөлнөөс оосорлоод мориороо татуулаад үз л дээ, тэгэх үү миний дүү өө, ах нь яг… Үхэх гээд…
- Чөдөр болох уу ахаа
- Эй-ээ! Яг болно… Ерөөсөө хоёр хөлийг маань чөдөрлөөд нөгөө талаас нь мориороо чирүүлээрэй. Байз, наад морь чинь номхон биз.
- Янзын номхон.
- За хурдалж л үзээрэй ахын дүү. Ямар сайн хүүхэд вэ чи…
Хөлийг минь шагайны дээхнүүр (одоо бол доохнуур) удаан чөдөрлөж байгааг нь тэсч ядан мэдрэнэ. Хүнийг, тэр тусмаа танихгүй том хүний бие нь зузаан гуянаасаа доош эзгүй, зөвхөн улаараа тэнгэр тийчилж харагдах дээшээ гозойсон хоёр сул хөлийг гадас чөдөрлөх мэт шилбээр чөдөрлөж байгаа нь жаал хүүд эвгүй санагдаж байгаа биз.
-Болж байна уу миний дүү…
-Болж байна аа
-За сайн байна хурдлаарай. Морио зөөлөн хөдөлгөөрэй. Давхиулчихав аа
- Миний морь янзын муухай хашин морь оо. Давхихгүй…
- За… Сайн байна. Ийш нь чигтэй татаарай гэж өлмийгөөрөө чиг заалаа
Тэртээ дээр, нарт дэлхий дээрээ бяцхаан авралын бурхан маань морио уцаартайхнаар “-Чү… чүү…!” гэх нь дуулдаж байснаа төдхөн хоёр хөлийн шилбэ хатуу суранд нухагдан татагдаж, янгинан өвдөх нь бахдалтай сайхан санагдаж юу юугүй л ямх ямх дээшилж эхэллээ. Гарсан хойно морь нь үргээд чирээд туйлаад давхичих вий гэхээсээ илүү, хүү морь хоёр гэнэт татахаа больчих вий гэдэг л хамгийн их айдас байлаа. Татах үед нь биеэ суллан дэмнэж зогсоход нь чангалж тэвхэдсээр, нарт дэлхий дээрээ гараад ирлээ дээ…

-Ай алтан дэлхий минь, ачлалт наран минь… Юутай сайхан юм бэ. Амьдрал минь чи ямар сайхан юм бэ. Дошин дээгүүр хөлөөсөө чирэгдэн гулсаж байхдаа би:
-Миний дүү морио зогсоогоорой, хайрт дүү минь гэж хамгийн энхрий дотно дуугаар намууханаар гуйлаа. Ачтай аврагч маань мориныхоо сүүдэрт сууж харагдсан мөнөөх хонины жаалхүү байлаа. Тарвага үргээх вий гэж би дотроо унтууцан хажиглаж байсан сан.
Хүү гэнэт цочин мэгдсэн хулчгар харцаар том хараад сэм ухарлаа.
Би салганасан цуцанги гараар чөдрөө тайлж байхдаа:
- За… Миний дүү нааш ир. Ямар сайн хүүхэд вэ, ёстой их баярлалаа. Ах нь… Чамд…! Чамдаа…!! Баярлалаа. Чи бол…! Миний дүү бол ёстой л…гэж хэлэх сайн үгээ олж ядан элий балай амьтан шиг давхцуулан үглэсээр байв. Тэгээд бадайрч хөшсөн ядранги салга гартаа чөдрийг нь бариад, амь аврагдсаны хязгааргүй их баярласан сэтгэлээр инээх өмөлзөх зэрэгцэн өндийн босч дөхөхөд буянтай аврагч маань гэнэт нэг их дуугаар орилон уйлаад мориныхоо цулбуураас дугтчин хөтлөн зугтааснаа аргагүйтэх мэт өөрийнхөө тодорхойлсноор “янзын муухай хашин” хээрийнхээ цулбуурыг хөсөр шидээд чөдрөө ч авалгүй зээрэн шилбэ сайран хөлөө гялалзуулан цахилж одов оо.
- Хүүе миний дүү…! Хүүе ээ, хүлээж байгаач ээ. Ах нь…!!! Чамайг шагная аа гэж хашгирсан ч хүү бараагүй алга болжээ.
Ухаж гаргасан сул шороон дээр саравчтай малгай тайрмал буу хоёр минь. Хажууханд сул хашин хээр морь ялаархан тургилна. Чихэн дотор жингэнүүр хэдгэнэ орчихсон юм шиг этгээд сонин дуун жингэнэсээр…
Хэл уруул минь аргал болтлоо хатаж тагнай хуурайших тул хөлс шороотой цамцаа тайлж хөсөр шидчихээд ойролцоох гол руу гуйван дайван алхаж ирээд тонгойн ус залгилах гэтэл…?!!

Цочин мэгдэн зогтусав!
Хөлсөндөө наалдаж шавартай зууралдан арзайж боссон үстэй, шороо шавхайд хутгалдаж хамар шанаа хацар духанд нь тарваганы цус чацга, өөрийн шүлс хөлс наалдсан, тэгээд шахагдаж мэнэрсэндээ ус гүйлгэнэж бэлцийсэн махан улаан нүдтэй, үзэшгүй муухай чинэрсэн хүрэн харлаг царайтай амилсан ороолон зомби шиг айдсын муухай амьтан усны толион дээрээс над руу арчаагүй цөхрөнгүй төрхөөр өнгийн ширтэж харагдлаа.
Аврагч баатар маань айн цочиж амь зулбан зугтаах нь аргагүй юмсанж хөөрхий…
Хонин сүрэг нь тэртээ ногоон хөтлөөр цайран давж харагдана.


URL:

Сэтгэгдэл бичих