”Толгой хагаравч малгай дотроо гэдэг дээ”

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ц.Цогзолмаатай уулзаж ярилцлаа.

- Таныг сүүлийн үед намдаа нэлээд өндөр авах болсон гэлцэж байна. Удирдах зөвлөлийн гишүүн болсон, бас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн даргаар сонгогдсон гээд МАН-ын бага хуралд та нэлээд одтой байсан бололтой?

-Монгол ардын намын II бага хурлын хуралдаан бол намын эмэгтэй гишүүдэд ээлтэй хурал болсон гэж бодож байна. Ганц би ч биш манай намын олон эмэгтэй гишүүнд боломж олгосон, тэднийгээ дэмжсэн, намын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцох оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа нь манай намын ололт юм. Учир нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэж амаар ярих бус ажил хэрэг болгосонд намын олон эмэгтэйчүүдийн талархалтай хандаж байгаа.  МАН намайг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож мөн намын орон тооны бус нарийн бичгээр сонгосон явдал бол “хүчээ авсан” асуудал биш юм.  Нам аль суудалд хэнийгээ тавих нь намын бодлого, намын гишүүдийн шийдвэр. Ганц хүний үг, үзэгний үзүүрээр намын албан тушаалыг шийдчихдэг юм биш. Туршлага, мэдлэг, нийгмийн оролцоо гээд олон шалгуураар Удирдах зөвлөлийн гишүүн болсон, бас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн даргын сонгуульт ажилд томилсон боловуу гэж бодож байна. Миний хувьд бол нэгдүгээрт хотын төлөөлөл,хоёрдугаарт эмэгтэйчүүдийн төлөөлөл, гуравдугаарт төрийн бус байгууллагуудаа хариуцаж ажиллана гэсэн зорилт тавьсан. Миний хувьд Нийслэлийн ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Залуучуудын холбоонд ажиллаж байсан. Одоо намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байна. Надад  сэтгэл дутахгүй шүү гэдгээ би бага хурлын танхимд хэлсэн.  Шинэ улс төрийн сонгуульд шинэ арга барилаар намаа яаж ялуулах вэ гэдэгн бүхий л хүчээ дайчлан ажиллана даа.

- Бага хурлын гишүүнээр шинээр 14 хүнийг сонгосон байсан. Тэдний найм нь эмэгтэйчүүд байна лээ?

-Энэ удаагийн бага хурал их ардчилсан болсон. Үүний тод илрэл нь эмэгтэйчүүдийнхээ оролцоог тэгш хангах, эмэгтэйчүүдийн төлөөллөө намын бүх шатанд сонгосон явдал болов уу. Хоёр эмэгтэй гишүүн намын орон тооны болоод орон тооны бус нарийн бичгийн даргаар сонгогдсон бол намын бага хурлын гишүүнээр 14 хүн сонгогдсоны найм нь эмэгтэй гишүүн байлаа. Эмэгтэй гишүүдээр намынхаа бага хурлыг бэхжүүлж байгаа нь эргээд эмэгтэй сонгогчдын эрх ашгийг хүндэтгэсэн шийдвэр байлаа гэж дүгнэж байна. Улс төрийн намуудын тухай хуулинд, манай намын дүрэмд намын бүх шатны байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувьд хүргэнэ гэсэн байдаг. Энэ хууль, дүрмээ хүндэтгэсэн шийдвэр гаргасанд нийт эмэгтэйчүүдийнхээ  өмнөөс намынхаа удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлэх нь зөв байх.

-Танай намын бага хурал харин санасныг бодоход аядуу, намдуухан уур амьсгал дунд болоод өнгөрлөө. МАН-ын бага хурал халуухан болох байх гэсэн яриа байсан?

-Манай намын хурал аядуухан болоогүй шүү дээ. Харин ч халуун, ширүүн шүүмжлэл дунд болсон. Сонгуулийн өмнө төрийн өндөр албан тушаалд намаас тавьсан хүмүүс биеэ зөв авч явах, хариуцлагатай байх тэр ч бүү хэл хаана яаж хувцаслах вэ гэдэг шүүмжлэл өрнөсөн.  Ёс зүйн асуудлын талаар ч ярьсан.  Манай намын бусад намуудаас ялгарах нэг онцлог байдаг. Олон талын шүүмжлэл, маргаан, хэлэлцүүлэг өрнөдөг ч эцсийн шийдвэр нь нэгдмэл байдагт л бусад улс төрийн намуудаас өөр гэж боддог шүү.

- Бага хурлаар “эсэргүү дөрөв” гэгдэх болсон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Бат­баяр нартай хариуцлага тооцох асуудал хөндөгдсөн гэсэн байх аа?

-Сонгуулийн чимээ хаяанд сонсогдох болсон энэ үед аливаа санал гомдол байвал нам дотроо ярьж шийдвэрлэх тухай асуудал хөндөгдсөн нь үнэн.  Нам бодлого олны санаа бодол шийдвэрийн дагуу явагддаг. Цөөнх нь олонхынхоо шийдвэрийг дагна гэсэн ардчилалын зарчим байдаг шүү дээ. Намын удирдлагуудад алдаа оноо байлаа гэхэд түүнийгээ нам дотроо ярьж шийдвэрлэх ёстой гэсэн санал гарсан.  Толгой хагаравч малгайн дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэдэг шүү дээ. Намын алдаа дутагдлыг дотроо ярьж, засч залруулаад явахын оронд бусад улс төрийн хүчнүүдтэй нийлж улс төрийн тоглолт хийгээд яваа зарим гишүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг олон хүн гаргасан. Гэхдээ тэдгээр гишүүдтэй намын бага хурлын үеэр хариуцлага тооцсон юм байхгүй.

-Тусгаар тогтнолынхоо ордонд МАН анхныхаа бага хурлыг хийлээ. Намынхаа байрны тохижилт, шинэчлэлд бага хурлын гишүүдийн олонх нь сэтгэл хангалуун байсан гэсэн биз дээ?

-Өнгөрсөн сонгуулийн дараа манай намын байрыг шатаасан. Олон гишүүд, дэмжигчид үүнд нэлээд харамссан юм билээ. Тиймээс тэд дахиад намын байраа барихын тулд сэтгэлээрээ дэмжсэн. Түүний ачаар үнэхээр гайхаолтай шийдэлтэй, гайхалтай дизайнтай, сайхан ордон босгосон байна лээ. Манай барилгачид маш богинохон хугацаан орчин үеийн шийдэлтэй гоё байр барьж өгсөн олон гишүүд сэтгэлдүүрэн байсан. Үүнийгээ  ч тэд бага хурлын үеэр илэрхийлж байна лээ. Энэ бол МАН-ын олон мянган гишүүд дэмжигчдийн сэтгэл зүрх, дэмжлэгээр боссон тусгаар тогтнолын ордон шүү дээ.

- Танай намын бодлого эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг улс төрд багагүй оруулж ирэхэд чиглэгдэж байгаа юм байна гэж ойлгогдсон?

-Тэгсэн. МАН-ын бодлого эмэгтэйчүүд, залуучуудаа дэмжихэд чиглэгдэж байгаа гэдгийг энэ хурлаас харсан байх гэж бодож байна. Үнэхээр ч эмэгтэйчүүд, залуучуудад тулгамдаж байгаа асуудлыг тэдний дунд байгаа хүмүүс л шийдвэрлэнэ шүү дээ. Өнөөдөр 50 настай УИХ-ын гишүүн 18-30 насны залуучуудад тулгарч буй асуудлыг  өөрийнхөө мах ясандаа мэдэртэл ойлгоод шийдвэр гаргахад хэцүү шүү дээ. Тиймээс намаас баримталж байгаа энэ бодлого  бусад улс төрийн намуудын дууриалал болох болно гэж бодож байна. Монголын олон мянган эмэгтэйчүүдэд шийдвэрлэх асуудал, бэрхшээл олон байгаа. Тэдний асуудлыг эрчүүдээс илүү эмэгтэйчүүдийн төлөөлөл л сайн мэдэрч, ойлгож, шийдвэр гаргана шүү дээ.

- УИХ-ын эрэгтэй гишүүдээс эмэгтэйчүүдийн квотыг тогтоох хэрэггүй гэдэг байр суурь илэрхийлэх хүмүүс цөөнгүй байна. Тухайлбал, З.Алтай гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа албан тушаалын донд автсан амбицтай хүүхнүүд л эмэгтэйчүүдийн квот гэж хашгираад байгаа юм гэсэн байна лээ?

-Энд би зарчмын хоёр зүйлийг яримаар байна. Хэдийгээр өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүдтэй адил боловсрол, мэргэжил эзэмшиж байгаа. Бүх шатны байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо их байгаа ч зөвхөн шийдвэр гаргах, хууль батлах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш хангалтгүй байна. Өнөөдрийн парламентэд 76 гишүүний 73 нь эрэгтэй, гуравхан гишүүн эмэгтэй  байгаа шүү дээ. Тэгэхээр эрчүүдийн 99 хувийн оролцоотойгоор гарсан шийдвэрүүдийг эмэгтэй хүнийхээ өмнөөс харж, дүгнэж суухад заримдаа учир дутагдалтай  байдаг л даа.  Тэдний гаргасан шийдвэр голдуу макро төвшний бодлогын шийдвэрүүд байдаг.  Гэтэл өнөөдөр нийгмийн бухимдал, гэр бүлийн дотор байгаа асуудал, ажилгүй эмэгтэйчүүд болон өрх толгойлсон бүсгүйчүүдийн асуудал орхигдоод байна уу гэж бодогддог. Нийгмийн “гал тогоо”-ны асуудлыг хэн гүнзгий мэдэрч, хэн ойлгож  шийдвэр гаргадаг вэ гэвэл эмэгтэйчүүд л байдаг. Дэлхийн маш олон орны түүхийг харж байхад эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах төвшинд эрчүүдтэй ижил байж нийгмийн олон асуудлыг шийдвэрлэсэн байдаг юм. Өнөөдөр хэрэгцээтэй, хэрэгцээгүй бүх хүнд 21 мянган төгрөг өгөх үү эсвэл хэрэгцээтэй хүнд 200 мянган төгрөгийг өгөх үү , хүүхдээ тэжээж чадахгүй байгаа, хүйтэнд даарч суугаа хүнд халамж үзүүлэх үү эсвэл халамжийг хавтгайруулах уу гэдгийг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал байна. Үүнийг бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Өндөр хөгжилтэй орнууд ч эмэгтэйчүүдийнхээ шийдвэр гаргах төвшний оролцоог квотоор дэмжиж ирсэн байдаг. Энэ хэсэг хугацааны дараа тухайн улс орныг ядуурлаас гаргасан түүхэн жишээ олон бий. Камбож, Бангладеш зэрэг буурай орнуудад эмэгтэйчүүдийн банк байгуулж амжилтанд хүрсэня вдал байдаг. Эмэгтэйчүүд эрчүүдийг  бодвол үр хүүхэд, хань ижилдээ үнэнч хандаг тэр сэтгэлгээгээрээ  эмэгтэйчүүдийн банкнаас ямарч хэмжээний зээл олгосон түүнийгээ яаж ийгээд л төлдөг юм байна л даа. Тиймээс эмэгтэйчүүдийн банк арилжааны том банк болтлоо хөгжсөн түүх байдаг юм билээ.  Ер нь айл гэр аз жаргалтай байх, албан газар өнгөлөг байх, нам эвсэг байхад эмэгтэйчүүдийн оролцоо маш өндөр учраас л бүсгүй хүн заяасан тэр төрөлхийн чанарыг чанарыг төрийн бодлогод ашиглах гээд байгаа юм. Түүнээс бус амбиц хөөцөлдсөндөө, албан тушаалын төлөө эрчүүдтэй барьцалдсандаа  квот гэж хашгираагүй юм шүү. Энэ бол эмэгтэйчүүдээ дорд үзсэн аягүй буруу бөгөөд өрөөсгөл ойлголт юм.

-Эмэгтэйчүүдэд заавал квот тогтоох хэрэггүй, ардчилсан, тэгш эрхтэй нийгэмд адилхан л эрчүүдтэйгээ үзэлцэх хэрэгтэй гэх эрчүүд бас олон байна лээ?

-Квот бий болголоо гэхэд квотоор орж ирсэн эмэгтэйчүүд сонгуульд тусгай шалгуураар, тусгай нөхцөлөөр, тусгай хангамжаар сонгуульд өрсөлдөх юм биш. Эрчүүдтэй адилхан л шалгуураар, эрчүүдтэй адилхан мөнгөөр, эрчүүдтэй адилхан л ана мана өрсөлдөх болно. Хэн нэгнээр дуу захиалж бичүүлээд, түүнийгээ хямдхан “рекламдах” гээд байгаа юм биш шүү дээ. Ялгаагүй л эрчүүд юу ярьж сонгуульд өрсөлддөг билээ, түүнийг нь ярьж, хичнээн хэмжээний мөнгө сонгуульд хаядаг билээ түүнийг нь хаяна шүү дээ. Өө, энэ эмэгтэй юм зайлуул  Их хуралд сонгогдох гэж эрчүүдтэй хүч тэнцвэргүй тулалдаж байна гэж сонгогч өрөвдөхгүй нь тодорхой. Харин ч эмэгтэйчүүд хүч тэнцвэргүй тулаанд оролцох гэж байгаа юм шүү дээ. Эрчүүд шиг хураасан мөнгө алга, эрх мэдэл алга, УИХ-долон удаа сонгогдож, төсвийн мөнгөөр баахан ажил хийсэн гэх “реклам” байхгүй, бор зүрхээрээ, нүцгэн гараараа л тулалдана.  Тэгэхээр “масс”-т буруу ойлголт өгөх  юм шийдвэр гаргах төвшний хүмүүс яриад явж байгаа нь даанч харамсалтай санагддаг. Дан ганц эрчүүд гэр бүлээ аваад явдаггүй шүү дээ. Олон эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэр бүлээ тэжээж байна. Тэр бүхэнд эмэгтэйчүүд хэрэггүй, зүгээр сууж  бай гэж эрчүүд маань хэлж чадах уу.

-Судалгааны байгууллагын мэдээгээр МАН-ын рейнтинг Ардчилсан намынхаас доогуур үзүүлэлттэй гарсан байсан. Энэ талаар бага хурлын үеэр ярилцсан уу?

-Манай намд алдаа оноо байсан уу гэвэл байсан. Хэлмэгдүүлэлт байсан уу гэвэл байсан ч байх. Гэхдээ тухайн цаг үед ганцхан нам байсан. Ганцхан намын нуруун дээр алдаа оноо зэрэг оногдсон гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрөх биз. Өнгөрсөн хугацаанд МАН-ын үйл ажиллагаанд оноо нь алдаанаасаа илүү их байсан.  Өчигдөр ч, өнөөдөр ч, маргааш ч манай нам Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө зүтгэж ирсэн, зүтгэх болно.  Ардчилсан нэрийг зүүж яваа нам нь ардчилалын эрх ашгийг хангасан үйл ажиллагаа явуулж чадаж байгаа эсэхэд ард түмэн хэдийнээ дүгнэлтээ хийчихсэн байгаа байх.

-МАН-д хотын фракц нэлээд хүчтэй байгаа гэл үү. Та хотын фракц байх аа?

-Фракц гэж юу байхав дээ. Улс төрийн үйл явц аль нэгэн лобби, фракц гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлдэг л дээ. Тэр тэрний фракц, энэ тэрний лобби гэх я юм уу. Энэ бол өрөөсгөл ойголт гэж би хувьдаа боддог.  Үзэл бодол, санаа нэг гар нийлж ажиллахад амар хүмүүсийг  олон нийт фракц гэж хүлээж авдаг. Эсвэл хотын засаг захиргаанд ажиллаж байгаад орж ирсэн нөхдүүдийг нэг фракц гэж ангилах нь бий. Намайг хотод ажилладаг болохоор нь хотын фракц гэж хүмүүс ойлгодог юм шиг байна лээ. Манай намын бас нэг нь онцлог нь намаас илүү фракц хэзээ тодорч байгаагүй. Өөрөөр хэлбэл, намын үзэл бодол, шийдвэрт фракцын үзэл бодол хүчтэй нөлөөлж чаддаггүй. Харин Ардчилсан намд бол тэрний ч, энэний ч гээд л олон фракц байдаг шүү дээ.

-Та Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа улс төрийн багагүй эсэргүүцэлтэй тулгарсан. Түүнээсээ болоод ажлаа өгсөн байх аа?

-Улс төр ч ялгаагүй, төрийн ажил ч ялгаагүй арын хаалгагүйгээр үйл ажиллагааг нь хэмждэг, хэн нь хэн бэ гэдгийг харуулдаг зүйл бол цаг хугацаа байдаг. Мэдээж улс төрийн халуун тогоонд чанагдаж байгаа хүний хувьд унаж босох олон асуудал гарна. Тэр бүхнийг хэрхэн давах, хэдийд ямар шийдвэр гаргах, хэнтэй нөхөрлөх, хэдийд үгээ хэлэх гээд л олон  зүйлд өөрийгөө бэлтгэх  хэрэгтэй. Хэрвээ улстөрч болъё, улс төрд хүчээ үзье гэж бодож байгаа бол эр эм ялгаагүй үүнд маш сайн бэлтгэгдсэн байх ёстой. Янз бүрийн хардалт сэрдэлт, гуйвуулга, явуулгатай нүүр тулна. Тэр бүхнийг улстөрч хүн туулж гарахаас тойрч гарч чадахгүй байх.  Надад ч ийм явдал тохиолдсон. Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхад  улс төрийн явуулга, дайралт над руу маш их орж ирсэн. Өгч болдоггүй алба биш шүү дээ. Тиймээс тэр суудалтай зууралдаад, хэн нэгэнтэй хэрүүл тэмцэл болоод байх шаардлагагүй гэж үзсэн учраас би өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн.Ямар үед ясар шийдвэр гаргах вэ гэдэг улс төрийн хүнд байх ёстой нэг мэдрэмж байдаг. Тэр л мэдрэмжээрээ би шийдвэр гаргасан. Өнөөдөр эргээд харахад хэрвээ би буруу зүйл хийсэн бол өнөөдөр өдий зэрэгтэй явахгүй байсан болов уу гэж бодогддог. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа намайг хэн бэ гэдгийг, намайг юу хийсэн, юу хийж чадах вэ гэдгийг олон түмэнд таниулсан байх л гэж бодож байна. Удирдах зөвлөлд намайг оруулсан маань нэгдүгээр намын гишүүдийн дэмжлэг байсан. Хоёрдугаарт миний ажлын туршлага, улс төрийн мэдрэмжийг үнэлсэн үнэлэлт байсан болов уу гэж бодогддог юм.

-Танай нам эмэгтэйчүүддээ квот тогтоохдоо тэднийг ямар шалгуураар гаргаж ирэх вэ?

-Ганцхан шалгуур байгаа. Үнэхээр сонгуульд ялах магадлалтай  хүнийг нэр дэвшинэ. Түүнээс сонгуульд нэр дэвших сонирхолтой, хүсэлтэй хүмүүс цаагуур чинь дүүрэн байгаа. Хэчнээн мөнгөтэй байлаа ч хэн ч танихгүй, хэн ч мэдэхгүй хүнийг нэр дэвшүүлэхгүй. Намаас олгосон квот дотор эмэгтэйчүүдээ ч эрэмбэлнэ. Ялангуяа, холимог системээр сонгууль явагдана гэж байгаа тохиолдолд рисктэй, эрсдэлтэй хүнийг нам дэвшүүлэхгүй ээ.

-Ирэх сонгуульд та намаасаа “ногоон гэрэл”-ээр дэвших нь тодорхой болчихлоо шүү дээ?

-Хүсэл байна. Сүхбаатар дүүргээсээ нэр дэвших сонирхол байна. Гэхдээ хэнийг хаана дэвшүүлэх вэ гэдэг намын бодлогоор шийдэгдэх болохоос хувь хүний хүслээр шийдэгдчихдэг зүйл биш шүү дээ.

Ж.Нямсүрэн

Эх сурвалж: “Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих