“Сод Монгол”-ын “дархан эрх”-ийг хэн баталгаажуулдаг вэ

5a4ed133aa0543.48135323МИАТ-ын онгоцны түлшний жилийн хэрэгцээ 30-35 мянган тонн болдог аж. Гэхдээ шинэ нисэх буудал ашиглалтад орсны дараа энэ тоо хэд дахин үржигдэж болно. Хамгийн гол нь, онгоцонд хамгийн сайн чанарын шатахуун хэрэглэдэг тул үнийн хувьд ч нэлээд өндөр. Иймд МИАТ-руу шатахуун нийлүүлэх тендерийн төлөөх өрсөлдөөн төрийн албаны элдэв шахааны нэгэн адил хатуу ширүүн болдог ч 2010 оноос хойш “Сод Монгол” ХХК нь л ногоон гэрлээр тодрон гарсаар өнөөг хүрсэн.

Сонирхолтой нь гэвэл, тус компани бусад өрсөлдөгчөөсөө ямар нэгэн байдлаар давуу талтай гэхэд хэцүүгийн зэрэгцээ онгоцны түлшийг тонн тутмыг нь дэлхийн зах зээлийн ханшаас хамаагүй илүү үнээр санал болгодог. Гэсэн ч ялалт байгуулаад л байдаг нь яах аргагүй хөндөж, тодруулах ёстой асуудал болсон.

Учир нь бүр 2015 онд МИАТ-ын үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний салбарыг эрхэлсэн дарга нар, бусад холбогдох албаныхантай уулзах үеэрээ “МИАТ алдагдалтай ажиллаж, санхүүгийн хүндрэлд ороод байдгийн үндсэн шалтгаан нь шатахууны үнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд л гэхэд /2014 оны 9-р сараас 2015 оны 3-р сар/ 763 сая төгрөгийн алдагдал хүлээлээ” гэж мэдэгдсэн нь нийтийн дунд шуугиан тарьж байлаа.

Улмаар тухайн үеийн статистик судалгааны тайлангаар МИАТ үнэхээр л байж боломгүй өндөр үнэтэй түлш авдаг нь илэрсэн. Гэхдээ залруулаагүй. Байдал яг хэвэндээ үлдсэн. Тодруулбал, 2011-2013 онд МИАТ нэг тонн түлшийг дотоодын цор ганц нийлүүлэгч “Сод Монгол”-оос 1174-1462 ам.доллараар авчээ. Харин гадаадад түлш цэнэглүүлэхдээ 1072-1139 ам.доллараар худалдан авдаг байсан гэхээр 100 гаруй ам.долларын зөрүү гараад байгаа юм.

Гэтэл яагаад заавал ингэж өндөр үнэтэй түлш авч, алдагдалд орох ёстой вэ гэдгийг сурвалжлагч нар тухайн үед Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс “Манайд хамааралгүй гэх үү дээ. МИАТ өөрсдөө тэндерээ зарлаад, шалгаруулалтаа явуулдаг. Энэ тал дээр төрөөс оролцох ямар нэгэн эрх, үүрэг байхгүй” гэх ойлгомжгүй хариулт өгсөн. Тэгэхээр МИАТ төрд хамаарахгүй юм бол өөр хэнд харъяалагдаж явдаг болж таарав.

Энэ бол таван жилийн өмнөх явдал. Гэхдээ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүйгээр үл барам зарим нэг дэвшилтэт яриа хэлэлцээр бүрэн цуцлагдсанаар үл барам “Сод Монгол” гэх дийлдэшгүй хүчтэй газар МИАТ төдийгүй орон даяарх түлш шатахууны нийлүүлэлтээрээ дамжуулж монголчуудыг гартаа атгачихаад байгаа нь худлаа биш.

Үндэсний статистикийн хорооны тайлангаас 2016 онд 12.6 сая ам.доллараар онгоцны түлш оруулж ирснийг харж болно. Харин 2017 оны үзүүлэлт одоогоор алга.

Тэгвэл өмнөх парламентийн үед түлш шатахууны хоёр дахь эх үүсвэрийг бий болгоно гэсэн яриа хаана хүрээд төгсчихөв. Хэсэг зуур эрчимтэй яригдаад таг болсон энэ сэдвийг бөхөөхөд ямар хүчин зүйл нөлөөлөв.

Болсон явдлыг нэхэн сануулбаас, 2015 оны гуравдугаар сард Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү? Адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ? Талхчин, таксичин, эрүүл хүн ойлгохгүй, үнэмшихгүй үнэ. Тэгвэл ийм явдал МИАТ-д тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байна. Хувийн компанид илүү их ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна. Энэ үнийг эцсийн эцэст МИАТ биш  ард иргэд төлж байгаа. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. МИАТ-ын алдагдлыг бууруулах эхний ажил бол ганц эх үүсвэртэй түлш нийлүүлдэг хараат байдлаас ангижрах. Монополийг халж байж Монголын МИАТ-ын алдагдал бууна” гэж овоо дориун хэлээд авсан. Өөрөөр хэлбэл, тэрбээр монополь гэж “Сод Монгол”-ыг хэлсэн нь хэнд ч ойлгомжтой байсан юм.

Улмаар энэ асуудлыг Газрын тосны газар, Улаанбаатар төмөр зам, МИАТ-ийн хамтарсан баг судалж үзээд БНХАУ-аас шатахуун авбал үнэ, чанар, тээвэр ложистикийн хувьд ч манайд ашигтай гэж үзсэн. Ингээд хамтарсан хуралдаан, талуудын ирүүлсэн материалтай танилсаны дүнд Хятадын “Sinopec” компанийг сонгосон. Энэ нь ч ихээхэн учиртай.

Тус компанийн гарган авдаг түлш Европ, Зүүн өмнөд Ази, Өмнөд Америкийн зах зээлд ноёрхож байгаа нь хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн хийгээд чанарын хувьд дэлхийд тэргүүлдэгтэй нь холбоотой. Нөгөөтэйгүүр манай улсаас экспортолж буй түүхий нефт “Петрочайна”-гаар дамжин “Sinopec”-т хүрдэг аж. Тэгээд ч тэр үед манайд хамгийн ашигтай санал тавьсан нь тус компани байжээ. Гэвч эцсийн дүндээ хэлэлцээрийн сураг чимээ алдарч, бид аанай л хойд хөршөөсөө өөр сонголтгүй болсон.

Чухам яг энэ асуудлаас болоод “Сод Монгол”-ыг онгоцны шатахуун нийлүүлэлтийг гартаа дахин атгахын тулд төр засгийн шийдвэрийг лоббидох замаар эргүүлсэн гэх хардлага гарсан билээ. Хамгийн гол нь, үүнийг батлах гэсэн мэт монголчууд ч биш оросууд хүртэл Ц.Анандбазарыг Оросын мафитай холбоотой, “Роснефть”-иэр дамжуулан Монголын Засгийн газрыг шантаажилж, монополь эрхээ хадгалж үлдсэн хэмээн хардаж байгаа аж.

Бүр хэвлэлүүдээр нь энэ талаар бичээд эхэлчихсэнийг харахад дээрх яриа оргүй хоосон цуурхал биш гэдэг нь ойлгомжтой болж байх шиг.

“НИЙГМИЙН ШУУДАН” сонин


 


URL:

Сэтгэгдэл бичих