АПУ-д архины монополь хангалтгүй тул сүүний зах зээлийг эзэлнэ гэв үү

5a4ed06b92dfb2.35429153Монгол Улсын шиг жижиг зах зээлд зүй бус монополь үүсэх боломж, нөхцөл элбэг тул үүнийг зайлшгүй хуулиар зохицуулах шаардлагатай болдог. Тиймдээ ч Өрсөлдөөний тухай хуулийг 2010 онд баталсан. Гэвч энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж, бизнесийн хүрээнд заалт бүрийг нь гүйцэлдүүлдэг үү гэвэл үгүй.

Нэгэнт батлагдсан зохицуулах хуультай атал бизнесийн талбарт шударга бус өрсөлдөөн өрнөж, үйлдвэрлэл нэг гарын дор төвлөрч, энэ хэрээр нийгэмд хор хөнөөлтэй монополийн хэлбэрүүд бэхжиж байгааг олон жишээгээр тайлбарлаж болно. Үүний нэг нь архи, согтууруулах ундааны салбар.

Өнгөрсөн түүхийг сөхвөөс, зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хаана ч, эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвараас үл шалтгаалан архины борлуулалт бүх цаг үед хэвийн түвшинд явсаар иржээ. Тэр ч бүү хэл, архидан согтуурах, архи үйлдвэрлэж, түүгээр үйлчлэх, борлуулах зах зээлийг хуулиар тас зогсоон хориглосон байхад ч эрэлт буурсан түүх үгүй бөгөөд нийлүүлэлтийг ч ямар нэгэн аргаар үл тасалсан байх юм.

Манайд ч 1990-ээд оны эхэн үеийн цаг төрийн өөрчлөлтөөр идэх хоол, цөөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг талоноор түгээж байхад хүмүүс талханд дугаарлахаас илүү архины мухлагийн үүдэнд бөөгнөрч, тэвчээртэйгээр ээлжээ хүлээдэг байсан нь үнэн. Гэвч тэр цаг үе ард хоцорсон.

Архи гэдэг далай шиг л урсаж, архичдын нас улам залуужиж, эр эм, хүүхэд, хөгшидгүй хөлчүү согтуугаасаа ичиж эмээхээ больсон. Хүн амын 40 хувь нь архинаас хамааралтай болсон гэх эмгэнэлтэй судалгаа гарсан байх юм. Өөрөөр хэлбэл, монголчуудын бараг тал нь сэтгэл хөдлөхөөрөө сархад хүртэхийг боддог, түүнийгээ хэрэгжүүлчихдэг гэсэн үг. Хамгийн харамсалтай нь, энэ 40 хувийн ихэнх нь ид хийж бүтээх насандаа гялалзаж явах ёстой залуус.

Тэгвэл ийм байдалд хэн хүргэв. Үүнд нэн түрүүнд хэн дуртай, халаасандаа багахан ч болов мөнгөтэй нь хүссэн архиа авч уух боломжийг бүрдүүлсэн төр засаг, зах зээлийн тогтолцоог буруутгах ёстой болно. Харин үүний араас монголчуудыг архинд живэх шалтгааны томоохон хүчин зүйл болж буй архины үйлдвэрүүд, тэр дундаа монополь эрхийг гартаа авах нь тодорхой болсон АПУ компанийг буруутнаар нэрлэхэд хилсдэхгүй байх.

АПУ компанийнхан өөрсдийгөө шилдэг татвар төлөгч хэмээн бахархалтайгаар зарладаг. Гэхдээ Монголд архи хямд байгаагийн үндсэн хүчин зүйлийн нэг болох албан татварын хувь хэмжээнээс шалтгаалаад архи согтууруулах ундааны үйлдвэрүүд бусад орнуудынхтай харьцуулахад бараг л татвар төлдөггүй адил гэдгийг олон нийт мэдэх болов уу.

Олон улсын татварын жагсаалтыг сонирхоход, аз жаргалын индекс, хүн амын эрүүл мэнд, тайван амгалан байдлаараа тэргүүлдэг улс орнуудад архи, согтууруулах ундаанд ногддог албан татвар хамгийн өндөр байгаа нь нэгийг өгүүлэх аж. Тодруулбал, Ирланд, Их Британи, Дань, Норвеги, Финланд, Франц, Нидерланд зэрэг улсын дотоодын виски үйлдвэрлэгчдэд ногддог татварыг харахад, нэг шот буюу 40 мл виски тутамд 12-54 фунт буюу 39600-112000 төгрөгийн албан татвар ногдуулдаг бол мөн 21-23 хувийн НӨАТ төлдөг. Харин манайхтай илүү ойр Азийн орнуудын харьцуулалтыг сонирхуулахад, Японд 335 мл шар айрганд 77 центийн татвар ногдуулдаг ба уг бүтээгдэхүүний чанарт асар өндөр хяналт тавьдаг. Өмнөд Солонгост л гэхэд спирт агуулсан согтууруулах ундаанаас 72 хувь хүртэлх татвар авдгаараа дэлхийд ихээхэн дээгүүрт бичигддэг байх юм.

Харин манайд эсрэгээрээ архины татвар маш бага. Эх оронд үйлдвэрлэсэн хүнсний зориулалттай спиртэнд ногдуулах татвар литр тутамд 1450 төгрөг байхаар тогтоосон. Хамгийн өндрөөр тогтсон нь спиртийн агууламж 40 хувиас дээш виски, конъяк, цагаан архи зэргийн литр тутамд 17500 төгрөгийн татвар авна гэж заасан явдал. Дээр дурдсан аз жаргалын индексээрээ тэргүүлдэг, амар амгалан орнуудыг яг эсрэг талынх нь үзүүлэлт. Архидалтаас үүдэлтэй айдас, хүчирхийлэл, ядуурлаараа бид дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Энэ талаас “тэргүүлээд” байгаа ч мөнөөх Финланд, Норвегийн зүгээс жагсаалын адгуудын нэг нь Монгол Улс байж таарна. Ингээд бодоход, архи үйлдвэрлэгч нар өөрсдийгөө үнэнхүү чадвар шаардсан бизнесийн талбарт хүч үзэн тулалдаад, олсон өчүүхэн ашгаасаа өндөр татвар төлж байгаа мэтээр олон нийтэд ойлгуулж буй нь иргэдийн санаа бодлыг зориуд төөрөгдүүлж, тархи угааж байгаа явуургүй арга гэхээс өөр юу гэх вэ.

Гол нь АПУ компани өмнө нь түүхий эдээ худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол MCS группийн архи пивоны үйлдвэрийг тэр чигээр нь худалдан авснаар өөрсдөө спирт нэрэх тусгай газартай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Спирт бал бурам одоо АПУ-гийнх болсон учраас Монгол Улсад архи үйлдвэрлэлээр эдэнтэй өрсөлдөх газар үгүй болсон гэхэд болно.

Гэтэл АПУ-гийнхны шунал бас барагдахгүй нь бололтой. Юу гэвээс, тэд одоо үйл ажиллагаагаа нэгэнт өргөжүүлсэн тул сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, шүүсний бизнесээс өрсөлдөгч нараа шахаад эхэлсэн гэнэ. Хамгийн гол нь, АПУ-гийн энэ бодлогоос болоод үйлдвэрлэгчдэд шингэн сүү нийлүүлдэг малчид, багахан фермүүдийн орлого илэрхий татарч эхэлсэн байна. Учир нь “Сүү” ХХК-иас бусад нь ихэнхдээ импортын хуурай сүүг үндсэн түүхий эдээ болгодог. Тэгвэл АПУ-д сүүний үйлдвэрлэл төвлөрснөөр бусад жижиг үйлдвэрлэгчид үндсэндээ дампуурч, монополийн хөлд үрэгдэх нь тодорхой болсон тул ойрын үед хямд төсөр хуурай сүүг илүү ашиглах сонирхолтой болжээ. Ингээд Улаанбаатарын эргэн тойронд байгаа шингэн сүү нийлүүлдэг 40 гаруй мянган айл өрх, жижиг фермүүд арга буюу литр сүүг 500-550 төгрөгөөр борлуулж, ашиг гээд байхаар юмгүй хоцрох болсон гэнэ.

Тэгэхээр төр засаг монополийн эсрэг хууль, онцгой албан татварын ногдуулалтын нэр төрлийг дахин харахгүй бол улс доторх улс болсон аваргуудын хөлд жирийн иргэд, жижиг бизнесмэнүүд чирэгдэж үрэгдэх нь ойлгомжтой боллоо.

“НИЙГМИЙН ШУУДАН” сонин


URL:

Нэр: зочин Огноо: 7 January 2018

Нийгмийн шуудан сонин мэдээлэл гаргахдаа нягтлах хэрэгтэй Худал мэдээлэл гаргасан сэтгүүлчийнхээ нэрийг ядахдаа бичээч Яагаад худал гэж 1. Сүү нийлүүлдэг фермерүүдийн тоо 40000 хэзээд ч байгаагүй байхгүй ” СҮҮ ” ХК захирал Гантулгын 2500 гэж хэвлэлд өгсөн тоо нь үнэнд нийцнэ 2. “Сүү” ХХК-иас бусад нь ихэнхдээ импортын хуурай сүүг үндсэн түүхий эдээ болгодог Бас худал мэдээлэл ” СҮҮ” ХК жил бүр импортын хуурай сүүний 25% багагүйг хэрэглэдэг 2018 онд 1300 тн хуурай сүү импортлох хүсэлтээ гаргаад байгаа 3. Түүхий сүүний үнэ 500 -550 төг Бас худал мэдээлэл Яг одооний сүү худалдан авч байгаа үнэ 1300 -1400 т байна Харин ч “СҮҮ ” ХК 20 жил туршийн монополь үнэ 2 дахин нэмэгдсэн нь өрсөлдөөний үр дүн 4. Ганц үнэн зүйл нь” АПУ ” ХК архины зах зээлд монополь эрх олж авсан нь СЗХ өрсөлдөөний хуульд байгаа” цоорхой ” ашиглаж зөвшөөрөл олгосон тул АТГ шалгах хэрэгтэй байх Нөгөө мундан ШӨХТГ хаана ч байгаа юм

Сэтгэгдэл бичих