Оффшор бүс дэх данс, компаниа хаахгүй бол дараах хариуцлагыг хүлээнэ
УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу төрийн алба хашдаг албан тушаалтнуудын хувьд оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татах хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Ангиль, Бахамын арлууд, Бахрейны Хаант улс, Белиз улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол өнөөдөр үйл ажиллагааг нь зогсооно. Энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт ирэх хоёрдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх ёстой.
Харин Арабын нэгдсэн Эмират, Ботсвана, Бруней, Бүгд Найрамдах Мальта, Ирланд, Куракао, Лексембург, Макао, Малайз, Монако, Монтсеррат, Самоагийн Тусгаар улс, Сингапур, Хонконг, Швейцар зэрэг 15 улс орны оффшор бүс дэх банкны дансаа хаах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэхээ ирэх гуравдугаар сарын зургааны өдөр дуусгавар болгох ёстой. Энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн дотор мэдүүлнэ.
Хэрэв хуулиар заасан хугацаанд багтааж асуудлаа цэгцлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Тодруулбал сонгогддог албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах үндэслэл болох бол томилогддог албан тушаалтнуудыг ажлаас шууд чөлөөлөх эрх зүйн харилцаа үүснэ.
Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39742 албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд гэр бүлийнхэн нь оффшор бүсэд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон гэсэн үг юм. Хэрэв хамаарал бүхий иргэн нь оффшор бүсэд бүртгэлтэй улсад эмчлүүлэх, сургалтын төлбөрөө төлөх, аялах, томилолтоор явах үед банкинд данс нээлгэх болбол Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй.
Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
URL: