Тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдүүлснийг эсэргүүцэж МҮЭ-ийн холбоо байр сууриа илэрхийллээ

01-04_tatvar_tetgeveriin_asuudlaarМҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилт, тэтгэвэрийн нас, татвар нэмэгдүүлсэн асуудлаар МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн  2.4, 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана”, “Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж тохиролцсон билээ.

Нэмэлт хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж хувь хүний орлогын албан татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт үнэлгээ хийж үр дүнг УИХ-д танилцуулж улмаар хууль тогтоомжид холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшлийн талууд яаралтай хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар тус холбооны санал байр суурийг Засгийн газарт хандан удаа дараа хүргүүлсэн.

Гэвч Засгийн газрын зүгээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авахгүй байгаа тул ҮЭ-ийн гишүүд, иргэдийн зүгээс татвар, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж эхлээд байгаагийн зэрэгцээ энэ байдал даамжирвал нийгэм, иргэдийн дунд бухимдал нэмэгдэж тогтворгүй байдал үүсч болзошгүй байна.  Иймд МҮЭ-ийн холбооны зүгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандаж мэдэгдэл, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа аж.

УИХ-ын дарга М.Энхболдод хандсан мэдэгдэлд Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нөхцөлийг бүрдүүлж хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах шаардлагатай байгаа талаар дурдсан байна. Мэдэгдлийн хариуг 2018 оны 01 сарын 10-ны дотор ирүүлэхийг хүссэн байна.

Харин Засгийн газарт хандаж Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр, Нэмэлт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж хувь хүний орлогын албан татварын хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн асуудлаар нийгмийн зөвшлийн талууд хамтран судалгаа хийж санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээг 2018 оны 1 дүгээр сарын 08-ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардсан байна.

Эх сурвалж: МҮЭХ

 


URL:

Сэтгэгдэл бичих