З.Нарантуяа: Татвараа нуудаг далд эдийн засаг руу эрчимтэй гулгана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж, оны эхнээс нэмэгдэж байгаа татваруудын талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн байр суурийг хүргэе.

-УИХ өнгөрсөн жил хэр ажилласан гэж АН-ын бүлэг дүгнэж байна вэ16584?

-2017 онд 200 гаруй хууль тогтоомж баталсан ч  Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөж өгөх хуулийн төсөл бага байсан. Эрх баригчдын яриад байгаа эдийн засгийн өсөлт эгэл ард түмний амьдралд хүрч чадсангүй.

2017 онд татвар нэмсэн, улсын өр нэмэгдсэн, инфляц өссөн, халамж нэмэгдсэн, хүүхдийн мөнгө хасагдсан, цалин царцаасан, ажлын байр хумигдсан, импортын хэмжээ өссөн гээд маш олон сөрөг зүйл гарлаа. Үүнийг ард түмэн биеэрээ амсаж, мэдэрч байна. Ямар ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Эрх баригчдын хамгийн том, хамгийн дуулиантай ажил нь Засгийн газраа огцруулсан асуудал байлаа. Тиймээс энэ онд энэ байдлыг давтаж болохгүй.

Энэ байдлаараа байвал Монголын эдийн засаг,  ард түмний амьдрал илүү муудах болно.Тиймээс сөрөг хүчний хувьд 2018 он 65-ын үнэмлэхүй олонхын үйл ажиллагааг хянах хариуцлагатай жил байх болно. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих эсэхийг тодорхойлох он байх болно. 2017 оны намрын чуулган хууль тогтоомжийг өргөн барих үйл ажиллагаанд дэгийн хуулийг маш олон удаа зөрчсөн. Цаашид ийнхүү дэгийн хууль зөрчих асуудалтай Ардчилсан намын бүлэг эвлэрч чадахгүй.

-Оны эхнээс хэрэгжиж буй долоон төрлийн татварын талаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Сөрөг хүчний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд нэмэгдээд байгаа татварууд нийгмийн хамгийн эмзэг асуудал боллоо. Долоон төрлийн татвар нэмэгдсэн гэж үздэг. Гэвч мөн чанартаа есөн төрлийн татвар нэмэгдсэн.

Тодруулбал, газар худалдаалах, ашигт малтмалын лицензийн, хадгаламжийн хүүгийн орлогын, суудлын автомашины, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхины, импортын, шатахууны онцгой албан татвар гэсэн есөн татвар нэмэгдэж байна. Үүнээс үүдэн гарах эерэг сөрөг дагаврыг тооцох ёстой. Тиймээс бүлгийн хурлаар хэлэлцээд, эдгээр татварыг нэмсэн асуудлыг эргэж харах талаар Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Эдийн засаг өсөж байгаа бол иргэдийн халааснаас татвар авах шаардлагатай эсэхийг эргэж хараад, татваруудыг цуцлах хуулийн төсөл санаачлахыг шаардах болно. Эдийн засаг өсөж байхад иргэдийн цалинг царцааж байгаа нь буруу, дундаж цалинтай иргэдийн цалингаас 15 хувийн татвар авч байгаа нь эргээд, нийгмийг ядуурал руу түлхэж буй хэрэг.

-Татвар нэмэгдсэнээс гарч болох сөрөг үр дагавруудын тухайд?

-Аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн байлгахгүйн тулд татвараа нуудаг, давхар баланс гаргадаг далд эдийн засаг руу эрчимтэй гулгах нөхцөл байдлыг үүсгэж буй. Татвар нэрээр ажил хөдөлмөр эрхэлж буй баялаг бүтээж байгаа хүмүүсийн халааснаас аваад, нийгмийн халамж руу шилжүүлж байгаатай ижил харагдаж байгаа. 2016 онд Засгийн газрын халамжид 278 тэрбум төгрөгийг зарцуулж байсан.

Гэтэл 2018 оны төлөвлөж буйгаар 776.9 тэрбум төгрөг зарцуулахаар буюу 2016 оноос гурав дахин өссөн. Бид Засгийн газарт шаардлага хүргүүлэхдээ халамжид 776.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол 100 тэрбумыг нь хүүхдүүдэд ялгаварлахгүйгээр өгөхийг шаардана. Мөн шатахууны онцгой албан татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор шатахууны үнэ аажмаар өсөж байна. Энэ нь иргэдийн өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс энэ асуудалд болгоомжтой хандахыг бид Засгийн газарт анхааруулж, шаардах болно.

-Төв банкны хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. Өөрчлөлтийг хэрхэн харж байна вэ?

-Эрх барьж байгаа Засгийн газрын бодлогод улсаа хуримтлалтай, иргэдээ орлоготой болгох, одоо олж байгаа орлогыг нь нэмж чадахгүй юм гэхэд бууруулахгүй байх ямар ч алхам, шийдэл алга. Тухайлбал, Төв банкны тухай хуулийн тухайд бие даасан байдал нэрийн дор эрх мэдэл нь нэмэгдсэн, арилжааны банкууд руу оролцох оролцоогоо нэмэгдүүлсэн хууль оруулж ирсэн. Монгол банкны үндсэн зорилт бол үндэсний валют төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдэж байдаг.

Гэтэл өнөөдөр төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадахгүй болохоор үндсэн зорилтоосоо ухраад үнийн тогтвортой байдлыг хангах гээд оруулаад ирсэн. Төв банкны Ерөнхийлөгч үндсэн зорилтын ажлаа хийж чадахгүй болохоор хуулиа өөртөө зориулан өөрчилж байгаа арга хэлбэр юм. Төв банк улс төрөөс ангид байх гэдэг нь улс төрийн аль нэг намын шийдвэрийг хэрэгжүүлэхээс ангид байхыг хэлнэ. Түүнээс хууль тогтоох УИХ-аас ангид байхыг хэлэхгүй.

Гэтэл Төв банкны мөнгөний бодлогыг жил бүр УИХ баталж өгдгийг болиулах гээд сууж байна.Төв банкны Ерөнхийлөгчийг УИХ томилоод, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүл гэж явуулдаг. Гэтэл төрийн мөнгөний бодлого гэдгийг “төрийн” гэдэг үгийг авч хаяад, Төв банкны мөнгөний бодлого болгох гээд сууж байна. Тиймээс Төв банкны хуулиар Төв банк бие даасан УИХ-аас ангид, арилжааны банкнуудын үйл ажиллагаа руу хэт орсон эрх мэдлийг төвлөрүүлсэн байгууллага болох гээд байна.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон гэлээ. Хуульд ямар асуудал тусгах вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сайжруулах, хянаж үзэх, иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Энэ сарын 11-нд хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан.

Үүнээс гадна 120 гаруй хуулиар нийслэлийн эрх зүйн байдал зохицуулагдаж байгаа. Хуулийг өөрчлөх шаардлагатай. Гэхдээ хуульд тусгах ёстой хэд хэдэн зүйл байна. Тухайлбал, Дэд хот болон дагуул хотын эрх зүйн байдлыг илүү тодорхой болгох, төвлөрүүлэн удирдах одоогийн тогтолцоог үндсээр нь халах ёстой.

-УИХ болоод Засгийн газар татварын нэмэгдлийг гаргахын оронд дэд сайдуудаа танах зэргээр хэмнэлт гаргах ёстой гэдэг санал гарсан. Энэ талаар   ямар байр суурьтай байна вэ?

-Зөвхөн дэд сайд биш, ер нь төрийн данхар бүтцийг цомхон болгох нь зөв гэдэг асуудал дээр Ардчилсан намын бүлэг байр сууриа илэрхийлж байгаа. Эдийн засаг сайжруул, төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр бид төсвийн зардлаа нэмдэг байдлыг зогсоох хэрэгтэй. Өмнө нь Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж байхад дэд сайдгүй ажиллах ёстой гэдгийг хэлж байсан.

Одоо Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөөд 2019 оноос төрийн нарийн бичгийн даргын үүрэг төрийн буюу улс төрийн бус албан тушаал болж баталгаажиж байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн нарийн бичгийн дарга 16 жил ажилласан туршлагатай төрийн албаны хүн тухайн яамыг авч явах болно. Тиймээс энэ хүнийг давсан сайдын буюу дэд сайдын албан тушаал байх шаардлагагүй болж байгаа.

-Дэд сайд хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Дэд сайдын цалин гэхээсээ асуудал нь хүнд суртлыг нэг шатаар нэмж байгаа нь буруу юм.Тиймээс ч дэд сайд бол илүү орон тоо гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих