МАН-ын хаалттай хуралдааны хөшгийг сөхөхөд…

Шинээр барьж сүндэрлүүлсэн Тусгаар тогтнолынхоо ордонд МАН-ынхан  өчигдөр Бага хурлаа   хийлээ. Хуралдааныг нээж , Ерөнхий сайдыг  илтгэлээ тавьж дуусны дараа  сэтгүүлчдийг танхимаас гаргаж хаалгаа хаагаад хаалттай хуралдаж ирэх сонгуулийнхаа тактикийн талаар зөвлөлдөж, томилогоо хийлээ.
2008 оны  сонгуулийн өмнөхөн ч мөн л ийм томилгоо хийж зөвлөлдөж байсан юм даг. Бага хуралд ирсэн  гишүүдийг харахад аргагүй л шинэ цагийн  баячууд,  компанийн боссууд, урлагийн ододоор дүүрэн нам юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлж байв.

Баруун, солгойгүй мөнгө  цацаж байгаа МАК-ийн дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр, “Бөмбөгөр” төв нь шатаж хохирогчдын хэл аманд ээрэгдэж байсан “Алтжин”-гийн эзэн Г.Алтан хатагтай, дуучин  Т.Ариунаагийн нөхөр “Ноёд” группын захирал Г.Буяндорж, “Оюуны Ундраа” группын захирал С.Амарсайхан,  “Эрдэнэт”-ийн захирал  Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, Ц.Балдорж агсны хүү  Улаанбаатар зочид буудлын захирал Б.Мөнхтүшиг гээд олон бизнесмэнүүд ирсэн байв.

Зөөлөн, дипломат зантай гэгддэг намын дарга, Ерөнхий сайд С.Батболд ч энэ өдөр намынхандаа  дориухан сануулга өгчээ. Атгасан гар шиг зангидах гээд байхад салж бутрах, ганцаарчилсан тоглолт хийх гэж элдэвлээд байвал намдаа ч, өөрсөддөө ч гал татаж өрсөлдөгчиддөө бэлэн өгөөш  болно  шүү хэмээн сануулсан гэсэн. Намын бодлогоос зөрж, хувийн тоглолт хийсэн нөхдүүдэд нам итгэл үзүүлэх боломжгүй хэмээжээ.

Энэ нь засгийг огцруулна, Оюу толгойн гэрээг сайжруулна   энэ тэр гэж элдэвлээд байгаа нөхдүүдэд  тойроггүй  болно шүү гэж битүүхэн анхааруулж байгаа хэрэг биз.

Ёс зүйн шинэчилсэн дүрмээ энэ өдөр баталсан байна. Энэ дүрэм, журмаа  сүрхий чангатгажээ. Алдаа гаргасан гишүүдэд хариуцлага тооцох нэрээр амыг нь үдэх боловсон арга нь. Ингэж дуугүй болгохгүй бол чаг чаг хийгээд амар заяа үзүүлэхгүй байсан биз.
Нам маань л  ялж байвал буруу зүйлийн  хажуугаар ч  хараагүй юм шиг өнгөрч, булхайтай явдлыг мэдсэн ч амаа хамхиад ус балгасан мэт таг чиг ёстой юм байна л даа, ардын намынхан. Ер нь энэ намынхан даргын үгийг хууль мэт дагаж, мундаг эв нэгдэлтэй юм шиг харагдаж чаддаг байсаан. Харин сүүлийн үед л   задраад байгаа болохоос.
Уг нь ил тод шүүмжилж, байр сууриа хамгаалж  зөрчилдөх нь муу  зүйл биш.
Ингэж байж л нам дотроо дотоод арчилалтай байж идээ бээрэндээ баригдахгүй шинэчлэгдэж байдаг жамтай.
Харин дарга шүтдэг, шүүмжилсэн нэгнээ гоочилдог, намын бодлогоор далайлгадаг, цөөнх болсноо ад үздэг арга барил бол  явуургүй. Нэг л өдөр тэсэрнэ.
Энэ өдрийн хурлын уур амьсгал аядуу болж нэг айхтар шүүмжлэл хэлэх  гишүүн ч бараг байгаагүй гэсэн.  Удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан хүмүүсийг танилцуулж томилох эсэхээр санал хураахад яралзтал гараа өргөж дэмжжээ.
TV-5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарыг орон тооны нарийн бичгийн даргаар, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарыг орон тооны бус нарийн бичгийн даргаар тус тус томилсон. МАН сонгууль дөхөхөөр нарийн бичгийн дарга нарынхаа тоог  нэмэгдүүлж хүч хаядаг тактиктэй. Тэр жишгээ ч энэ удаад давтав.  Удирдах зөвлөлийн нэг гишүүн Төрийн албан хаагч болсон учир оронд нь  Нийслэлийн засаг даргын орлогч  Ц.Цогзолмааг сонголоо.
Мөн Бага хурлын гишүүн болох гэж оочерлож байгаа нөхдүүдийг батламжилж санааг нь амраав. МАН-д шинээр элсч орсон Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав Бага хурлын гишүүн болж чадахгүй бол ирэх сонгуулиар нэр дэвших эрхийг авах   боломж багатай. Тиймээс Төрийн ордноор сүүлийн өдрүүдэд эргэлдэж, гишүүдэд тал засч яваа сураг сонтсон. Ингэж лобби хийснийхээ  хүчинд өчигдөр төвөггүйхэн Бага хурлын гишүүн болж дөнгөлөө.
УИХ-ын гишүүн Р.Будын охин Б.Анужин ч хүсснээ биелүүлээ. Мөн баян хатагтай нарыг турааж, зөв хооллолтын төв ажиллуулж, телевизийн урлагт ч хүч сорьж, карьер хөөж яваа бүсгүй П.Анужин ч МАН-ын Бага хурлын гишүүн болов. Саяхан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн болоод байсан. Шургуухан давшиж яваа бүсгүй юм даа.
Түүний нөхөр нь НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсныхоо дараахан  дуулиан тариад байсан бэлтэй бизнесмэн Амалхааны Эрдэнэбат юм билээ. Ерөнхий сайдын гадаад айлчлалын багт багтчихсан явахыг бодоход намын даргатайгаа ойр биз ээ. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа л улс төрд хүчээ сорих нь.
Сэтгүүлчид ч сүүлийн жилүүдэд МАН-д “хайртай” болчихоод байгаа. МҮОНТ-ээс ажлын гараагаа эхэлж, олонд танил болсон ТV-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэлээс эхлээд “Өглөөний сонин”-ы эрхлэгч Л.Нинжжамц, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Ц.Бүдээхүү, Ногоон суваг гэсэн нэвтрүүлэг бэлтгэдэг байсан  Бат-Зул, ММ агентлагын  тоймч байсан М. Оюунчимэг гээд олон сэтгүүлч МАН-д элссэн. Өчигдөр “Өглөөний сонин”-ы эрхлэгч Л.Нинжжамц, “Үнэн” сонины орлогч эрхлэгч Ц.Бүдээхүү нар Бага хурлын шинэхэн гишүүд боллоо.
Мөн  “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Т.Болормаа,  Ж.Оюунбилэг, Ж.Жамьянтив, Ч.Пунцаг, Б.Жаргалмаа, Л.Энх-Амгалан, О.Алтансүх, Л.Доржхорлоо, Б.Галсандэндэв гэсэн 14 хүн  Бага хурлын гишүүнээр  сонгогдсон байна.
МСS группын дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан өнгөрсөн зун л гэхэд Хөвсгөл аймгийн төвийн айл болгонд сэтгүүлээ тараагаад,  нутгийн бөхдөө үнэтэй машин бэлэглээд л нэг жигтэйхэн байсан юм.  Учир нь Бага хурлын гишүүн болж ирэх сонгуульд нутагтаа нэр дэвших гээд бэлтгэлээ базааж байжээ дээ.
Ц.Баярмаа www.times.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих