Согтууруулах ундааны салбарыг “АПУ” дангаар атгах болов
Монгол Улс нэг хүнд ноогдох архи, согтууруулах ундааны хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Нөгөөтэйгүүр уул уурхайгаас бусад эдийн засгийн өндөр үр ашигтай үйлдвэрүүд манайд хөгждөггүй, хөрөнгө оруулалт татаж чаддаггүй ч архи, пивоны үйлдвэрүүд маань харин ч нэг гялалзсан амжилттай ажиллаж, жил бүр олон улсын бүтээгдэхүүний уралдаанаас тэргүүн шагнал, гран-при цомыг нь хуу хаман ирдэг.
Ингээд харахад, манайдаа л хамгийн амжилттай бизнесээр архины үйлдвэрүүд шалгарах байх. Гэхдээ эдгээр үйлдвэрийг яг сайхан зах зээлийн зарчмаар, шударга өрсөлдөөний дүнд, эрэлтэд суурилан хөгжөөд байна уу гэвэл үгүй л гэх байх. Тэр бүү хэл өнгөрсөн хугацаанд Монголдоо тэргүүлэгч архины үйлдвэрүүд, эдгээрийн цаадах эзэд хууль, журмыг өөрсдийн талд эргүүлэх ажлыг тун чадамгай гүйцэтгэсэн ба хамгийн саадгүй салбарыг бий болгож чадсан гэдэг.
Тэдний нэг нь АПУ-гаар овоглогсод. Энэ компани өдгөө MCS группийн архи, пивоны үйлдвэрийг өөртөө нэгтгэж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр энэ долоо хоногийн сүүлчээр худалдах, худалдан авах гэрээг үзэглэж, талууд бүрэн баталгаажуулахаар болжээ. Ингээд улс доторх улс гэгддэг АПУ ХК ямар ч өрсөлдөгчгүйгээр Монголын архи, согтууруулах ундааны салбарыг дангаар атгахаар болов.
Болж өнгөрсөн үйл явцыг нэхэн сануулахад, АПУ ХК-ийн наймдугаар сарын 18-нд болсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компани “Heineken” болон “MCS” групптэй архи, шар айргийн бизнесээ нэгтгэж, сүүний бизнесээ охин компани болгон тусад нь гаргах асуудлыг хэлэлцэж баталсан.
Ингэснээр “Heineken International” болон “MSC Group”-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай “М Би Си” компанийг “Эвэргрийн Инвэстмэнтс” компанитай нийлүүлж, “Эвэргрийн Инвэстмэнтс” ХХК-ийг АПУ-тай нэгтгэхээр болж байгаа аж. Хамгийн гол нь, “М Би Си” компанийн бүрэлдэхүүнд “М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” ХХК болон “Спирт бал бурам трейд” компани багтдаг байна. Үүнээс гадна АПУ ХК 742.87 сая ширхэг хувьцаатай байсан бол нэгдсэний дараа 1.06 тэрбум ширхэг болох юм. Тиймээс энэхүү амжилттай нэгдлийг бататгангуут тус компани олон улсаас хөрөнгө босгох ажлаа эхлүүлэхээр болжээ.
Өнгөц харахад, манай эдийн засагт тун ч ашигтай үйл явдал болжээ гэмээр. Гэхдээ нөгөө талдаа өдөр ирэх бүр архинд живж буй нийгэм арай өөрийг өгүүлэх аж. Өнөөдөр Монгол Улсад өдгөө хүчин төгөлдөр хэрэгжиж буй архидан согтуурахтай тэмцэх хуулийн утгыг нэг бүрчлэн харахад хэтэрхий их цоорхойтой, нийгмийн энэхүү бараан үзэгдэлтэй тэмцэх нь битгий хэл өөгшүүлэн дэмжих маягтай болоод хувирчихсан нь бодит үнэн. Уг нь анхнаасаа ийм салан назгай байгаагүй.
Харин АПУ-гаар овоглодог Г.Батхүү УИХ-д байх хугацаандаа архидан согтуурахтай тэмцэх хууль, журмуудыг өөрт ашигтай байлгахаар тохируулж, өөрчлүүлж дөнгөсөн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Харин одоо тэрбээр архины магнат болчихлоо.
Төрд суух хугацаандаа олигтой ганц хууль санаачлаагүй түүнийг хүмүүс төрийн түшээ гэхээс илүүтэй архи тараасан түүхээр нь мэддэг гэхэд буруудахгүй байх. Наад захын жишээ нь, тэрбээр 2004 оны сонгуулиар акцтай, акцгүй “Ерөөл” архийг ”ЗИЛ-130” машины тэвшийг дүүртэл ачиж, Өвөрхангай аймгийнханд ёстой баруун, солгойгүй тараасан гэдгийг хүмүүс одоо ч ярьдаг.
Үүнээс гадна Г.Батхүүг УИХ-д байхдаа буюу 2009 онд согтууруулах ундааны сурталчилгааг дахин сэргээх асуудлуудыг үндсэнд нь зохион байгуулаад, өөрөө хөшигний ард үлдсэн ч гэцгээдэг. Тодруулбал, 2009 оны дундуур УИХ-ын нэр бүхий гишүүд Архидан согтуурахтай тэмцэх хуульд нэгэн онцгой өөрчлөлтийг хийж, архи пивийг ямар нэг аргаар сурталчилж л байхгүй бол залуус улам бүр архинд автана гэж хэн хүний толгойд багтамгүй “мэргэн” санал гаргаж, тэрийгээ батлуулсан.
Үүний гороор өнөөдөр үйлдвэрүүд архи, согтууруулах төрлийн ундаагаа зах зээлд нийлүүлж борлуулахын тулд хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр реклам, сурталчилгаагаа гаргах болсон. Утга агуулга нь ч бүр найгаа алдсаны дээр садар самуун, мансуурах байдалд илэн далангүй уриалсан маягтай болжээ.
Үргэлжлэлийг
URL: