Орон оронд ямар эмэгтэйчүүдийг дур булаам гэж үздэг вэ?
Henna шивээс нь 5000 гаруй жилийн тэртээгээс аз хийморь, эрүүл мэнд, хүсэл тачаалыг бэлгэдсээр иржээ. Энэтхэгт Henna шивээс, хамрын персингээр гоёсон охид бүсгүйчүүд хамгийн дур булаам нь байдаг. Шивээсийг хуримын ёслол, уламжлалт баяр наадам болон талийгаачдыг эцсийн замд нь үдэх үеэр хийдэг. Шивээсийг хийлгэхэд багагүй хугацаа шаардагддаг ч үр дүн нь үнэхээр гайхалтай.
Кени: Уруулын цагариг
Өмнөд Африк, Амазонг мөрний сав газраар нутагладаг омог аймагт эртнээс уламжлагдсан заншил нь уруулын цагариг, чихний омгоо сунгаж томруулах явдал юм. Эдгээр нь эмэгтэй хүний өөртөө итгэлтэй, дур булаам байдлыг илэрхийлэхийн зэрэгцээ эрх мэдлийн үнэлэмж болдог. Уруулын цагаригийг 12 – 13 наснаас нь эхэлж зүүлгэдэг бөгөөд цагариг хэдий чинээ том байна төдий чинээ сэтгэл татам гэж үздэг. Масаи эмэгтэйчүүд чихнийхээ омгийг томруулахын тулд чулуу эсвэл зааны соёо ашигладаг гэнэ.
Мьянмар: Хунгийн хүзүү
Мьянмарт 130.000 гаруй Каян хүмүүс амьдардаг. Хунгийн хүзүү гэж нэрлэдэг энэ заншил эртнээс уламжлагдан иржээ. Охидын хүзүүг тав, зургаан настайгаас нь эхэлж сунгадаг бөгөөд хэдий чинээ урт хүзүүтэй болно тэр хэрээрээ гоо үзэсгэлэнтэй, хээнцэр чамин байдлыг илэрхийлнэ. Насанд хүрсэн эмэгтэйн хүзүүнд дунджаар 9 кг цагариг байдаг. Хүзүүний цагаригийг хуримынх нь шөнө л ганцхан авдаг гэнэ.
Намиби: Шавар төрх
Өмнөд Африкийн хамгийн царайлаг эмэгтэйчүүдтэй омгийн нэг нь Химба юм. Химба эмэгтэйчүүд эртнээс уламжлагдан ирсэн шидэт түрхлэгээр гоёдог. Тосыг түрхсэнээр арьс нь улаан туяатай болж харагддаг бөгөөд хэдий чинээ улаан туяатай байна төдий чинээ эрчүүдийн сонирхлыг татдаг гэж үздэг. Түрхлэгийг үнээний сүүнээс гаргаж авсан тос, ургамлын ханд, галт уулын чулуунаас гаргаж авдаг бөгөөд тэднийг нарны хэт ягаан туяа, шавжнаас хамгаалдаг ажээ. Химба эмэгтэйчүүдийн үс самналт, арьс нь үнэхээр гоёмсог юм.
Япон, Тайланд: Цайвар арьс
Азиудын хувьд өөгүй толигор, цэвэрхэн цагаан арьс нь гоо үзэсгэлэнгийнх нь онцлох үнэлэмжийн нэг юм. Ийм арьстай эмэгтэйчүүдийг дур булаам, элбэг дэлбэг амьдралын охь гэж үздэг ажээ. Тийм ч учраас Азиудын хэрэглэдэг олонх гоо сайхны бүтээгдэхүүнд цайруулах үйлчилгээтэй бодис орсон байдаг.
Бразил: Өгзөг
Бразил орон зарим гадаад хүмүүсийн хувьд үхэхээсээ өмнө очиж үзэх ёстой газруудын нэг байдаг. Бразилчууд хөгжмийн зэмсгээр бол гитартай зүйрлэгдэхүйц галбиртай эмэгтэйг төгс гэж үздэг. Ялангуяа сайхан өгзөгтэй байвал тэр эмэгтэй хамгийн дур булаам ажээ.
Мавритан, Самоа: Мяраалаг эмэгтэй
Эдгээр оронд эмэгтэй хүн хэр мяраалаг байна, тэр хэрээрээ дур булаам, гоо үзэсгэлэнтэйд тооцогддог. Тиймээс охидыг зургаа, долоон настайгаас нь эхлээд өөх тостой тэжээллэг хоол хүнсээр хооллодогийн нэг нь кускус юм. Тэдэнд өдөрт хамгийн багадаа л гэхэд 15.000 – 16.000 калори илчлэгтэй хоол өгдөг. Ингээд мяраалаг байх тусмаа хамгийн хүсэмжит нь болж, мяраалаг эхнэртэй эрчүүдийн зиндаа ч дээгүүрт орно.
Индонез: Том хөл
АНУ, Бразил, Энэтхэг зэрэг оронд жижигхэн хөлтэй эмэгтэйчүүдийг дур булаам гэж үздэг бол Камбож, Папуа Шинэ Гвиней, Танзани зэрэг оронд том хөлтэй буюу том гутал өмсдөг эмэгтэйчүүдийг илүү таалдаг гэнэ. Тэгвэл антропологич Каро Батакийн хийсэн судалгаагаар Суматра арал дээр том хөлтэй эмэгтэй хамгийн сэтгэл татам байдгийг олж мэджээ.
URL: