Эмийн хөнгөлөлт нэртэй үнийн дарамт

219984-03012018-1514949007-1412347820-emЭрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж үйлчилгээ, хөнгөлөлт эдэлж чаддаггүй, улсын эмнэлэгт тэр бүр хэвтдэггүй иргэд олон. Улс оронд болон бусад хэн нэгэнд гэм хор учруулахгүй, мөрөөрөө явж байгаа ийм хүмүүсийг татаж унагах гох дэгээ харамсалтай нь мундахгүй. Үүний тод жишээ нь эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нь 40-80 хувь хөнгөлж, иргэдэд олгодог гэх эмийн жагсаалт.

Өндөр настан, хүүхдүүдийг эс тооцвол энэхүү хөнгөлөлтийг эдэлдэг хүн Монголд тун ховор доо. Учир нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан 183 нэр төрлийн 860 гаруй эмийг эмийн сангуудаар сард хоёр удаа л худалддаг тул тэр өдрүүдэд “амжиж” өвдвөл зол, үгүй бол хохь болоод өнгөрдөг. Хамгийн гол нь энэ жагсаалтад орсон эмүүдийн үнэ тэр даруйдаа “тэнгэрт хадаж” олон хүнийг хөлдөө чирдэг болов.

Гадуур яригдаад буй айхтар ханиадыг саяхан тусаж, антибиотик уух шаардлагатай болсон юм. Өрхийн эмчийн бичиж өгсөн жор дээрх “Амоксиклав” эмийн санд 28 700 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа бөгөөд хөнгөлөлт үйлчилдэггүй үед өвдсөн “азгүй” надад ганц эмийг тийм үнээр худалдаж авахаас өөр арга байсангүй. Уг нь даатгалаар хөнгөлүүлсэн бол 11 900 төгрөг болж хямдрах юм байх. Хоёр жилийн өмнө яг энэ эмийг 20 хүрэхгүй мянган төгрөгөөр (мөн л хөнгөлөлтөд хамрагдаагүй болно) яг энэ эмийн сангаас авч байснаа маш сайн санаж байна. Яагаад үнэ нь ингэж огцом өссөнийг асуухад эмийн санч “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байдаг тул үнийн дээд хязгаарыг нь цаанаасаа ингэж тогтоосон” гэв. Жигтэй урвуу хамаарал байгаа биз.

Төр, засаг нь (угтаа бол бидний өөрсдийн төлсөн татвар, шимтгэл, хураамж л даа) ард иргэдийнхээ нуруун дээрх ачаанаас үүрэлцэж, зайлшгүй шаардлагатай эмийнх нь үнийг 80 хувь хүртэл хөнгөлөөд өгье гэсэндээ өнөөх сүрхий жагсаалтдаа оруулдаг.

Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтэд зориулан улсын хэмжээнд жилд 28 тэрбум төгрөг зарцуулдаг гэж байгаа. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л 321 эмийн санд сар болгон нэг тэрбум 31 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөнгөлөлттэй эмээр үйлчлэх эрх олгодог байна. Гэтэл дагаад үнэ нь огцом нэмэгдэнгүүт өндөр настнууд шиг тогтмол эм хэрэглэдэггүй жирийн хүмүүс дунд нь хохирдог. Хэзээ өвдөнө, ханиад хүрнэ гэж баахан эмч авч нөөцлөх вэ дээ. Тэгэхээр ерөөсөө л ахмадуудын даралтны эмнээс бусдыг даатгалаар хөнгөлдгөө больё. Манайх шиг эрүүл мэндийн салбарын нэгдсэн удирдлага менежмент, тогтолцооны зохицуулалт, зохион байгуулалт муутай улсад хөнгөлөлттэй эмийг ард иргэддээ жигд, хүртээмжтэй олгоно гэж үлгэр бололтой.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон удаа худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэг болгосон. Энэ сараас эхлүүлнэ хэмээж байсан уг ажлыг “Хэрэгжих боломжгүй, бүтэхгүй зүйл. Манай сайд “тэнгэрийн юм” ярьж байна лээ” хэмээн хоёр ч эмийн сангийн эрхлэгч хэлэв. Сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу өрхийн эмч нар жороо бөөнөөр нь бичихээ больж, өдөрт 10-15 хүнд хөнгөлөлттэй эм бичиж өгдөг юм гэхэд эмийн сангуудад угаасаа хангалт нь хүрэлцдэггүй, мөн жагсаалтад хэт олон эм байдаг тул санхүүжилтийн хүртээмж тааруу гээд өчнөөн шалтгаан бий гэнэ. Уг нь хэрэгждэг бол үүн шиг хэрэгтэй шийдвэр ховор. Хэд хэдэн эмийн сангаар ороход “Энэ сарын 6-7-ны аль нэгэнд хөнгөлөлттэй эмээ худалдана” хэмээн таавар таалгах аж. Энэ мэт байдлаас болоод хөнгөлөлттэй эмийн жагсаалтын ач тусыг хамгийн ихээр хүртэх учиртай ахмадуудад ч дарамтад орсоор буй.

Жаргал эмээгийн уудаг даралтны эмийн үнэ сүүлийн нэг жил найман сарын дотор 2.5 дахин нэмэгдсэнийг мэдээд хөгшний даралт ихсэх нь тэр. Эмээ тун няхуур, нямбай хүн тул нэг эмчилгээ эхлэх, шинээр эм уух бүртээ тэмдэглэл хөтөлдөг зантай юм. 2-3 сар тутамд даралтны эмийнх нь үнэ тогтмол өсөж буйг анзаардаг байсан ч ердөө жил найман сарын дотор 4500 төгрөгний эм нь 11 000 төгрөгт хүрсэн чинээ санахгүй явсаар сая тэмдэглэлээсээ олж үзсэн хэрэг. Даатгалаар хямдраад 4500 төгрөг буюу өмнө нь ууж байсан “Нормодипин”-ээс дөрөв дахин хямд хэрнээ даралтыг нь тогтмол байлгаад байсан тул эмээ эхэндээ ихэд баяртай байж. Гэтэл одоо байнга үйлчлүүлдэг эмийн санд нь “Тенокс” 11 000 төгрөгөөр зарагддаг болсон бол тэднийхээс 300 метрийн зайд орших өөр нэг эмийн сан өнөөхийг нь 9500-гаар борлуулдаг тул эмээ тийш явах шаардлагатай болжээ. 1500 төгрөг гэдэг тэтгэврийн хөгшинд бага мөнгө биш учраас аргагүй.

Хамгийн хоржоонтой нь “Санхүүжилт дууссан, дараа сарыг хүлээхээс аргагүй” гэх эмийн санчийн ширэв татсан үг өндөр настнуудыг бухимдуулах том шалтгаан болдог юм билээ. Энэ бол зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 20 гаруй жилийн хугацаанд Монголд эмийн үнийг хянах тогтолцоо байхгүй явж ирсний бэлэн жишээ. 2004 оныг 2009 онтой харьцуулахад эмийн үнэ 63.74 хувиар өссөн судалгаа байна. Харин 2009 оныг 2017 онтой харьцуулах юм бол дээрх тоо хэд дахин өсөхийг Жаргал эмээгийн жишээ харуулна. Иймд УИХ-аас 2014 онд баталсан Төрөөс эмийн талаар баримтлах бодлого (ТЭТББ)-д “Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газраас тогтооно” гэсэн заалт оруулж өгсөнд талархах шалтгаан их ч чухам яаж үнийн дээд хязгаарыг тогтоох нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Үнэ тогтоогч “үл үзэгдэх гар”-ыг ухаалгаар удирдах нэг хэлбэр нь “Зайлшгүй шаардлагатай энэ эмийг төдөн төгрөгөөр олгох ёстой. Даатгалын сангаас хөнгөлөх хэмжээ нь төдөн төгрөг шүү” гээд Засгийн газраас тогтоол гаргасан ч амьдралд нэвтрүүлэхдээ буруу “орчуулсныг” энэ салбарынхан өөрсдөө хүлээн зөвшөөрч байна.

Наад зах нь манайхан “Зайлшгүй шаардлагатай эмийн дээд үнэ” гэдгийг хамгийн үнэтэй эмийг л хөнгөлнө гэж “орчуулж” ойлгодог гэнэ. Жишээ нь, хөнгөлөлтийн жагсаалтад эмийн үнийн дээд хязгаар 750-19 400, хөнгөлөлтийн хувь хэмжээ нь 600-13 500 төгрөг гэх мэтээр хэт нарийвчлан заахын оронд “Улсын бүртгэлтэй энэ эмэн дээр даатгалын сангаас хэдэн төгрөг хөнгөлөх боломжтой” гээд эрх тэгш, нээлттэй байдлаар заагаад өгөх нь зүйтэйг Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбооны тэргүүн З.Зузаан хэлсэн. Өөрөөр хэлбэл, эмийн үнийн дээд хязгаарыг тогтооно гэнгүүт хамгийн өндөр үнэ тавьчихаад, түүнээсээ хөнгөлүүлнэ гэж зүтгэдэг болж таарах нь.

Жирэмсэн эхчүүдийн уудаг витаминуудыг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулаагүй байхад эмэгтэйчүүд 35-50 мянган төгрөгөөр авч уугаад болоод байв. Гэтэл өнгөрсөн жил тэдгээрийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулангуут 78 мянган төгрөг болтлоо үнэ нь суга дээшилчихэж байгаа юм. Үүнээс болоод хөнгөлөлттэй эм худалддаг хоёр өдөр нь авч амжаагүй жирэмсэн эхчүүд үндсэн үнээр нь авахаас өөр аргагүйд хүрсэн тохиолдол бишгүй.

Манайхан хөнгөлөлттэй үнээр олгох эмийн тоог нэмснээ сайрхан ярьдаг ч угтаа тэр нь үнэ хөөрөгдөх том шалтгаан болж буйг эндээс бэлхнээ харж болно. Түүгээр ч зогсохгүй, энэ нь Монголын зах зээлд худалдаж байгаа “брэнд” буюу өндөр үнэтэй эмүүдийг иргэд олдсон дээр нь гээд их хэмжээгээр нөөцлөх зэргээр манайхны эмийн замбараагүй хэрэглээг хөхиүлэн дэмжсэн, эмнэх бус хор уршиг дагуулах болсныг саяхан ЭМЯ, ЭМНДЕГ-ынхны хамтарсан хэвлэлийн хурлын мэдэгдлээс харж болно. Тийм ч учраас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн нэр, төрлийг цөөлөх тухай асуудал саяхан хөндөгдсөн билээ. Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт гэж тэрбум тэрбумаар нь зарцуулчихаад, үүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй, эгэл жирийн иргэдээ хөлдөө давхар чирж байхаар энэ холион бантанг нэгмөсөн болиулбал дээргүй юү.


URL:

Сэтгэгдэл бичих