Гаднаа гяланцаг, дотроо паланцаг зочид буудлын үнэн
Саяхан зочид буудлын үйлчлэгчдийн үйлдлийг үнэн бодитоор харуулсан бичлэг сошиалд олны анхаарлыг ихэд татав. Учир юу гэвээс дэлхийд нэртэй, тансаг зэрэглэл бүхий зарим зочид буудлуудын цэвэрлэгээ үнэн хэрэгтээ нүглийн нүдийг гурилаар хуурдаг нь илчлэгдэв.
Тухайлбал, буудлын ажилчид цайны гүц болон кофе чанагчийг зориулалтын дагуу угаадаггүй нь илэрчээ. АНУ-ын Охайо мужийн нэгэн зочид буудлын цайны шилэн гүцийг шил арчдаг шингэнээр цэвэрлэсэн байжээ. Мөн буудлын цагаан хэрэглэл ч гэсэн ариун цэврийн хувьд тийм ч таатай биш байдаг. Учир нь үйлчлэгчид нүдэнд ил харагдах толбо тогтсон тохиолдолд л угааж цэвэрлэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Үүнтэй холбоотойгооор Англид ажиллаж, амьдардаг нэгэн танил маань ярихдаа “Дээрх асуудал vнэхээр vнэн байдаг. Би 5 одтой буудалд ажилладаг байсан. Надад анх ажил зааж байсан хvн ингээд л цэвэрлэчихдэг гээд банны алчуураар нь банн, угаалтуур, жорлонг нь арчаад хамгийн cvvлдшалыг нь арчаад л дуусгаж байсан. Намайг ингэж цэвэрлэж болохгvй шдээ гэхэд чи яс цэвэрлэнэ гэвэл энд ажиллаж чадахгvй. Энд хэн хурдан хийж чадсан нь цалин авдаг юм гэж билээ. Би 7 хонолгvй ажлаасаа гарсан. Ер нь том жижиг гэлтгvй буудалд буухдаа хувийнхаа алчуур болон аягаа байнга авч явж байгаарай” гэж захиж байв.
Үнэхээр бидний мэдэхгүй, нүд хуурсан олон зүйл байдаг аж. Гэлээ гээд өнөөгийн соёлт нийгэмд явсан газар бүртээ аяга, тагшаа өвөртлөөд явахад “хэцүү”.
Манай улсын хувьд шинэ баригдаж буй барилгын орц хонгил бүрт зочид буудал, саун болон эрээлжилж, уул ус, гол горхины ай сав бvрийд жуулчны бааз гэгч тав арван гэрүүд байрласаар хэдэн он улирав.
Зарим зочид буудал, жуулчны бааз зэргээс ямар нэг өвчин авахаар бохир байдаг нь нууц биш. Хөдөө, орон нутгийн бааз, буудлуудад хоноглохын эцэсгүй, цагаан хэрэглэл нэртэй үрчийж бөөсөрсөн эрээн алаг, өнгө муутай даавуу шидчихдэг.Энэ байдлаа ер тоосон шинжгүй байдаг. За хөдөөнийх нь дүүрч гэхэд манайдаа өндөр зэрэглэлийнд тооцогдох зочид буудлууд дээрх шиг цэвэрлэгээ хийдгийг үгүйсгэхгүй. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг болсон цаг шүү дээ.
Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагаас зэрэглэл хамаарч бус нийслэл хотод байрлах бүхий л зочид буудалд үйлчилгээ, эрүүл ахуй, чанарын стандартын өндөр хяналт тавьж ажилламаар байна. Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг гэлцдэг ард түмэн. Ядаж тансаг аа байг гэхэд эрүүл мэндэд хоргүй, цэвэрхэн зочид буудалтай байя даа.
Г.Хулан
bataar.mn
URL: