Нэг бацааныг Төр соёрхоод…
Өчигдөр нэг поп бацаан Төрийн соёрхол хэмээх эрхэм хүндтэй шагнал авахад олон зүйл бодогдлоо. Авьяас билэгт найрагч Д.Пүрэвдоржийн зургаан удаа буцаж байж авсан шагнал шүү дээ гэж бодохоор хоолой тороод болох биш. Дэлхий нийтэд Монгол нэрийг дуурсгаж яваа Чинагийн Галсанд тоож өгөөгүй шагнал шүү дээ гэж бодохоор уйлмаар ч болох шиг. Халхын алдарт дууч П.Адарсүрэн, өөрөө эс оршсон ч хоолой нь мөнх оршсоор байгаа Д.Түмэндэмбэрэлийг тойрчихсон шагнал шүү дээ гэж бодохоор хэн рүү ч хамаагүй чулуу нүүлгэмээр санагдах юм. Түмэн олондоо олон алдарт дүрийг хэзээ ч арилахааргүй үлдээж одсон аугаа их Д.Сэдэд, Шороотын Цэвээн, Х.Цэвэлсүрэн нарын Монголын кино урлагт оруулсан хувь нэмрийг хэн хаана яаж үнэлэв ээ гээд их л зүйл бодогдлоо.
Д.Болдыг Төр соёрхсон үндэслэл нь “Монгол үндэстний уламжлалт язгуур урлагийн дахин давтагдашгүй шинж чанарыг орчин үеийн хөгжмийн урлагийн өвөрмөц хэв маягтай хослуулан хөгжмийн шинэ хандлага, урсгалыг бий болгосон “Монгол поп” гарамгай бүтээл туурвиж эх орон, ард түмэндээ оюуны өндөр өглөг өргөсөн юм” хэмээжээ.
“Монгол поп” гэж юугаа яриад байгааг ойлгох ч юм алга. Японы уртын дуу Замба тивийн наран гэвэл ямар сонсогдох бол. Канад ардын хөөмий гэвэл юу байх вэ гээд олон л зүйл бодогдлоо. Дэлхий нийтийн хөгжим болон бусад урлагийн салбарт өдөртөө хэдэн зуугаараа нэг урсгал төрж байдаг. Нэг муу урсгалыг бол хэн ч гаргаад ирнэ. Зургаан утастай гитарыг таван утастай болгож тоглоод явахад нэг шинэ урсгал болж байгаа юм. Урсгал гэж ердөө л энэ шүү дээ. Яруу найрагт гэхэд л ямар нэг яруу агуулагдаагүй ч төгсгөлгүй гурван цэг хатгаад л нэг шинэ урсгал юм. Урсгал гэж ердөө л энэ, би энэ гэж зүтгээд байгаа юм биш, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл.
Дэлхийн хөгжмийн ертөнц гэх ай сав нь өөрөө их том далай. Эндээс салаалж урссан Монгол гэх мөрөн бий гэдэгтэй хэн маргах билээ. Харин их далайгаас тасарч урссан Монгол хэмээх мөрөнгөөс тасарч урссан хөгжмийн маш олон ай сав бий. Ардын гэх горхи урсч байхад зэрэгцээд поп хэмээх горхи урсч л байна. Поп хэмээх горхи урсч байхад жааз хэмээх горхи урсч л байна. Харин Д.Болдын оруулж ирж байгаа урсгалыг альхан ай савд багтаах нь хөгжмийн ертөнцийн асуудал байх. Өөр өөрийн горхитой, ай савтай ертөнцөд “Монгол поп” хэмээх буурийг засуулаач билүү, үгүй ч билүү. “Харанга”, “Хурд”, “Чингис хаан” гээд попын ертөнцийг монголжуулсан акулууд байхад шинэ урсгал оруулж ирсэн гэх бол шал дэмий зүйл бөгөөд бууриа засах зай ч олдохгүй нь үнэн. Үүн шиг үнэн зүйл байхгүй. Уг нь Д.Болд “Цэнхэр залаа”-гийн хөгжмийг хусч, “Чка өдөр” гэж дуулсан шигээ Б.Шаравын, Т.Соронзонболдын аянд дуу хийж дуулсан бол буян нь тэр байсан байх шүү.
“Монгол поп” гэдгийг хөгжмийн мэргэжилтнүүдээс асуумаар санагдаж байна. Монголын байтугай дэлхийн хөгжмийн өв санд хүндтэй байр суурь эзэлсэн Б.Шараваас, Т.Соронзонболдоос, Монголын нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос асуумаар санагдах.
Төр соёрхоогүй ч дэлхийн хөгжмийн шилдэг 10 бүтээлд шалгарч, Германд байх дэлхийн хөгжмийн их өв санд өөрийн бүтээлээ албан ёсоор бүртгүүлсэн Х.Баатарсүхээс асууя. Энэ эрхмийг “Цэнхэр залаа” хэмээх цаг агаарын мэдээний ард явдаг хөгжмийг бичсэн гэхээр ёстой найман настнаас эхлээд 80 настай нь ч мэдэх байх. Харин ч энэ хөгжмийнх нь аянд Төрийн соёрхолт Д.Болд “Чка өдөр” гэх шүлэгэрхүү юм тааруулж дуулсан санагдана. “Маамуу нааш ир”-ийг бичиж, дуутайгаа хамт өтөл болсон Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншараваас асуухаа болъё. Дэлхийн болон хөгжмийн өв соёлын санд бүтээлээ албан ёсоор бүртгүүлж хүлээн зөвшөөрүүлснийхээ дараа Төрийн шагнал авсан залуу хөгжмийн зохиолч Б.Мөнхболдоос асууя. Асуухдаа, та бүгдийн бүтээлийг үнэлэн авдаг дэлхийн хөгжмийн өв санд “Монгол поп”-ыг аваачиж болох уу гэж асууя. Дээр дурьдсан эрхмүүд нийтийн дууны ертөнцөд мөртэй бөгөөд дан хөгжмийн бүтээлүүдээрээ дэлхийд үнэлэгдсэн хүмүүс. Нэгэнтээ дэлхий хүлээн зөвшөөрчихсөн учраас Монгол Улс шагналаа өгөөд бүтээлийг нь улсын сан хөмрөгт худалдан авдаг юм. Түүнээс биш тэднийг таван жил 50 дуу хийж хэдэн бацаанаар дуулуулсных нь төлөө төр шагнаж, бүтээлийг нь аваагүй юм шүү. Одоо тэгээд Б.Шаравын дэлхийн хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг Д.Болдын хийсэн “Монгол поп”-той зэрэгцүүлэн төрийн сан хөмрөгт худалдаж авах уу. Мэдээж төр соёрхсон юм чинь “Монгол поп”-оо хэдэн зуун саяар худалдаж авах байх л даа. Тэр чинь горхиноос тасарсан горхины зүгээр л нэг зурвас хэсэг шүү дээ. Эх ундарга байхгүй. Бороо татарвал алга болох тийм л зүйл. Ямар ч нүүдэлчин горхиноос тасарсан шалбааг дагаж нутагладаггүй юм. Гол усны эх ундарга дээр биш юм гэхэд ангаад үхчихгүй найдвартай хэсэг дээр мал сүргээ адуулдаг юм шүү дээ.
С.Ууганбаяр
mminfo
URL: