Хэвлэлийнхнийг намнах хуулийн төслөө дэмжлээ

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороогоор Сонгуулийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх тухай ярилцсан юм. Сонгуулиар хүний нэр төрд халдсан, гүтгэсэн, доромжилсон мэдээ материал нийтлэвэл тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-70 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгуулиар торгоно гэж хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийнхнийг намнах бодлогыг энэ хуулийн төсөлд түлхүү оруулсан байгаа нь ажиглагдсан.

УИХ-ын гишүүн Д.Одхүү, С.Ламбаа нар хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн сонгуулийн үеэр сурталчилгааны материал нийтлэхээр болбол өөрсдөө хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурьтай байсан. Өөрөөр хэлбэл, сонин, телевизийнхэн төлбөртэй материал хэвлэн нийтлэх эсэхээ өөрсдөө шийдэх ёстой. Нийтэлсэн тохиолдолд хариуцлагаа хүлээх үүрэгтэй гэж үзсэн. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “Худал мэдээлэл цацдаг, хүнийг гүтгэн доромжилдог хэвлэлийнхнийг торгоод өнгөрөөх нь буруу юм. Би л гэхэд 1992 оноос хойш гүтгүүлж байна. Ер нь хэвлэлийнхэн гүтгэж доромжилж, тухайн хүний амьдралаар тоглож байна. Бүр үхэлд хүргэдэг. Ийм байтал торгоод өнгөрөөнө гэдэг бол толгойг нь илж байгаа хэрэг. Нэг хүнтэй 20 саяын гэрээ хийчихээд нөгөө хүнээ гүтгэлээ гэхэд 7 сая төгрөгөөр торгуулаад л 13 сая төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг. Тиймээс торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлэн торгож, тухайн байгууллагыг хаах хүртэл арга хэмжээ авах ёстой” гэв.

Мөн С.Ламбаа гишүүн “Торгуулийн хэмжээг 50-70 дахин гэж тоймлох шаардлагагүй. Шууд л тэд байна гээд тулгах нь зөв. Тэгэхгүй бол үзэмжээр нь торгодог байдал гарна” гэв. Үүнийг Д.Лүндээжанцан гишүүн эсэргүүцэж “Зөрчлийн хэмжээ адилгүй байна шүү дээ. Тиймээс тухайн байдлыг нь харгалзаж байж шийдэх учиртай. Түүнээс нэг нь мэдээ бичиж, нөгөө нь бүтэн нүүр хүн муулсан материал тавьсан байхад адилхан торгож яавч болохгүй. Буруутай гэдгийг шүүх тогтоодог учраас үүнийг тулгаж болохгүй” гэв.

Харин УИХ-ын гишүүн З.Алтай хэвлэл мэдээллийнхнийг төлөөлөх бүрэн эрх нь надад байхгүй ч зовлонг нь мэднэ гэсэн юм. Тэрбээр “Ардчилал хөгжөөд 20 жил болж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах хүртэл арга хэмжээ авна гэдэг бол байж болохгүй зүйл. Ёс зүйгүй парламентын байгаа байдал. Энэ 20 жилд олон сонгууль болсон. Сонгуулийн буруу, булхайтай зүйлийг улс төрчид өөрсдөө хийдэг. Хэвлэлийнхэн зүгээр сууж байгаад нэг хүнийг муулаад байдаггүй юм. Муулуулах юмыг нь улс төрчид хийдэг. Муулсан материалыг нь та нар авчирч өгдөг. Үнэнийг хэлэхэд манай хэвлэлийнхэн наад торгуулиас чинь айхгүй байна. Яагаад гэвэл өөрсдөө тийм юм хийдэггүй учраас. Харин та нар л тийм бохир юм хийдэг гэдгээ санаарай. Үнэхээр буруутанг нь олж тогтоож хариуцлага тооцох гээд байгаа бол та нар бүгдээрээ л шоронд орно шүү” гэж Байнгын хороон дээр сууж байгаа гишүүдэд хатуухан анхааруулаад авна билээ. Түүнчлэн Э.Мөнх-Очир гишүүнийг “Буруу зүйл хийснийхээ төлөө хэвлэлээр зодуулж байсан бол хохь нь” гэв.

Ийн маргалдсаны эцэст зарчмын зөрүүтэй хоёр саналыг ажлын хэсэгт буцааж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын гаргасан Мансууруулах, согтууруулах болон архи спиртийн бизнес эрхэлдэг, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хувь эзэмшдэг хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхийг хязгаарлах тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэж үзлээ. Учир нь, ажлын хэсгийн шатанд унасан болохоор дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.
А.Дохио (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих