Төрийн тонуул
Саяхны нэг өдөр машинаа туслах зам руу оруулж тавьчихаад дэлгүүр орж идэх уух юмаа цуглуулж аваад гараад ирсэн чинь машин байдаггүй, хэн нь бүү мэд ачиж аваад талийжээ. Ойр хавийнхнаас нь сурлаа, ийшээ тийшээ утасдлаа, цагдаад хандлаа байдаггүй. Оройхон тийшээ сургийг нь гаргавал хотын хойд захад байдаг нэгэн журмын хашаанд оччихжээ. Яваад очтол дотор нь байсан цүнхтэй компьтер алга болсон байв. Машинаа түгжилгүй орхисон миний буруу л даа. Цагдаа дуудлаа, үзлэг шалгалт хийлгэлээ, лац ломбо нь алга. Түгжээгүй орхисноо баталгаажууллаа, хэсэгт нь дуудагдаж очиж байцаалт өглөө. 60 мянган төгрөгөө тушаагаад машинаа авья гэсэн чинь журмын хашааны эзэн хувийнхаа дансыг өгсөн. Нөгөө цагдаа нар эргээд дуудна гэсэн ч одоо хоёр сар өнгөрч байна, дуудсангүй. Ийм явдал өнөөдөр өдөрт хэдэн зуугаараа гарч байна. Бүр нялх хүүхэдтэй машин хүртэл ачаад явсан тохиолдол гарсныг бид мэднэ. Ачиж яваад тэрэг техникийг эвдсэн тохиолдол ч цөөнгүй гарсан.
Шүүхийн шийдвэргүйгээр хувь хүний өмчид халдах нь үндсэн хуулиар хориотойг та бид бүгд мэднэ. Гэтэл бид төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр гэх энэхүү хулгайтай эвлэрсээр машин тэргээ гэгээн цагаан өдрөөр алдсаар тэр өдрийнхээ хамаг ажлыг алдсаар хэн нэгний түрийвчийг түнтийлгэсээр суугаад байх уу ? Төрийн шийдвэрээр далайлгасан цаанаа том эзэдтэй хувийн компаниудын нэрийг ашиглан таны үнэтэй техник хулгайд алдагдахгүйн баталгаа хаа ч байхгүй. Монголчууд бид үнэхээр ноомой тэнэг нь дэндсэн арчаагүй улс юм даа.
Замын хөдөлгөөнд саад учруулсан гэх шалтгаанаар хувийн өмчид халдаж дураараа авирлах нь ямар ч нийгмийн өмчийн харилцааны эрх зүйд нийцэх үү? Тэгж яривал машин тавих зай талбай бүү хэл явган хүн зөрөхийн аргагүй болтол хотыг чигжих шийдвэрийг хэн хаанаас гаргасан билээ? Эхлээд газрыг нь хуу хаман тонон дээрэмдчихээд эцэст нь хувийн өмчид халдах эрхийг нь олгоод жишим ч үгүй олгоод байгаа эрхэм М.Энхболд та ичихгүй гэмгүй царайлаад л сууж л бай. Цагаа болохоор цаст уулын барс өлөн хулганы идэш болдог жамтай юм шүү.
Оросоор ийм маягийн хулгайг “Воры в законе” гэж их гоё хэлдэг, монголоор бол төрийн хуулиар зөвшөөрөгдсөн хувийн өмчийн дээрэм юм даа.
Бид хамтдаа хөтөлбөл энэ дээрмийг өнөөдөр ч зогсоож чадна. Машинаа хураалгасан хүн бүхэн журмын хашаануудын үүдэн дээр шамбааралдуулж тавьчихаад хотын захиргааны үүдэн дээр цуглаж ирээд хоёрхон цаг л эсэргүүцлийн жагсаал хийчих. Хэвлэл мэдээллийнхэн аяндаа бидний талд байж таараа. Маргаашаас нь эхлэн энэ дээрмээ хүчингүй болгох шийдвэр гаргахгүй хаачдаг юм, муусайн дээрэмчид.
Ш.Пүрэвсүрэн
Эх сурвалж:www.polit.mn
URL: