МАН, АН-д дансгүй нохой ч алга

cf7781f2592649abc5e110b26381b698Нийгэм, эдийн засаг, улстөрийн бүүдгэр өдрүүд улам л гэгээгээ хумин цаашилж байна. Одоо яах вэ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаад ч нэмэргүй. Бүдүүн бүлгээс ахиад шинээр засаг бүрдүүлээд ч нэмэргүй. АН-аас УИХ-д суух арав орчим нөхдөөр Засгийн газрыг байгуулъя гэвэл бас л болохгүй. Бүр болъё.

О.Баасанхүү, С.Жавхлан нараар хачирлаад бүр ч тус болохгүй. Бараг гучаад жил МАН, АН хоёроор улс орноо тоглуулж, өөрсдийгөө ийм байдалд хүргэсэн хүмүүс энэ гунигаа мартан баяраас баяр дамжин хийсч явна. Одоо яах вэ. УИХ-аас гадна, бүр холуур МАН, АН-аас холуур нөхдөөс хайя гэхээр энэ хоёр бүлэглэлд данслуулаагүй нохой ч Монгол Улсад алга. Ямар нэгэн хэмжээгээр энэ хоёр бүлэглэлтэй холбогдсон байх нь хачирхалтай.

Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 20 орчим улстөрийн нам байдаг гэдэг ч энэ олон нам нь дандаа МАН, АН-аас салаа мөчрөө тасласан бүлэглэл. Тоймтойгоос нь дурдвал М.Энхсайханы тэргүүлж асан МҮАН гэхэд АН-аас тасарсан, тэдэнд гомдсон гологдсон бүлэглэл. МАХН гээд сүрхий өндөр аваад байсан бүлэглэл нь аанай л МАН-аас гал голомтоо хэрүүлтэй уруултай салгаж авсан нөхөд. ХҮН гээд сүрхий тэнгэрийн зүйл яриад байдаг ч хэнийг ч дагаад гүйхэд бэлэн болчихсон нөхөд яг л чоно шиг хараа хурц сууна. Тодотгож хэлбэл, хэн нэгэн бүлэглэл дуудаасай гээд сууж байгаа хэрэг. Одоогоор отгон гэж хэлж болох Тусгаар тогтнол, эв нэгдлийн хэмээх сүрхий нэртэй УИХ-ын гишүүн Г.Уянга нарын нам байдаг. Гэтэл Г.Уянга нар нь АН-аас өрх тусгаарласан М.Энхсайхан, МАН-аас гал тасласан Н.Энхбаяр нараас өрх тусгаарласан байх жишээтэй. Энэ мэтчилэн жижиг намууд бүгд л МАН, АН-тай ямар нэгэн сэжимээр холбоотой учраас яах вэ гээд байгаа хэрэг.

Бусдад үл анзаарагдам, үйл ажиллагаа явуулдаггүй шахам намууд байдаг. Тэд нар үе үехэн гарч ирэхээрээ МАН, АН-ын аль нэгийнх нь захиалгаар тэдний дуу хоолой болдог гэхээр улстөрийн гэх жижиг, том намуудаас юу ч хайх, бас горьдох хэрэггүй.

Нэлээд алсуур тойрсон сонголт хийх гээд үзэх үү. Бизнес хийдэг маш сайн эдийн засагч удирдагч Монгол Улсад чамгүй олон бий. Бизнесмэнүүд зовж зүдэрч мөнгө олдог, тэр хэрээр өндөр хариуцлагатай байдаг учраас энэ талбараас хэсэг бүлэг нөхдийг оруулж ирэх гээд үзье. Гэтэл манай улсын жижигхэн зах зээл, улстөрийн дарамтан дунд бизнес хийнэ гэдэг амаргүй учраас тэд ямар нэгэн байдлаар улстөрийн аль нэг бүлэглэлд хандив өгдөг, хамтран луйвар хийдэг хэмээв. Хэдэн мянган хүнийг ажлын байраар хангаж, олон олон үйлдвэр бүтээн байгуулалтад гар бие оролцсон “Эм Си Эс”-ийн тэрбумтан Ж.Оджаргалаар төлөөлүүлэн бодоход л нэмэр алга. Уул уурхайн салбарт оролцсон байдал гээд аваад үзэхээр нэг ч өөдтэй үйл явдал дурдагдахгүй. Наад захын жишээ дурдахад л МАН, АН-д хамаагүй бизнесмэн гэж ганц ч алга.

Арга барагдахдаа эмч нар тангараг өргөдөг, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг хэмээхийн зэрэгцээ эрх биш эмнэлэг удирдаж байсан, бас чиг дарга байсан нөхрийг сонгоё гэхэд л байхгүй. Бүгд л МАН, АН-ын аль нэгийг дагаж, тэднийг гуйж гувшиж энэ албанд очсон байх жишээтэй. Хамгийн наад зах нь Гавьяат эмч А.Жамбалдорж гэхэд л “Н.Энхбаярын эмч” гэсэн нэр зүүхэв дээ. Ийнхүү зүтгэж очоогүй нэг нь хэзээ ч улстөр сонирхохгүй бодь нэгэн байх жишээтэй. Шинжлэх ухаан, боловсрол гээд дорвитойхон салбараас сонголт хийх гэхээр түүхийн чиглэлд гэхэд МАН, АН-ын түүхийг угаагчид, ямар нэгэн хэмжээгээр тэдэнтэй холбогдсон байх нь харамсалтай.

Үнэнийг хэлэхэд МАН, АН-д данслагдаагүй нохой ч Монгол Улсад алга даа.

С.Баяр

Шуурхай.мн


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих