Нөөц хувилбар буюу улстөрчдийн “тоглоом”

219788-27122017-1514366696-1080350537-1Ерөнхийлөгч “халаас”-ны намтай байх тохиолдол бий. Яагаад гэвэл Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр цагаас эхлэн намаасаа түдгэлздэг. Энэ нь намын улаан шугамын дор гарч байгаа нэг хэлбэр.

Наанадаж Ерөнхийлөгчийн сонгуульд дахин намаасаа нэр дэвших, дэвшээд уналаа гэхэд улс төрийн идэвхтэй хэсэгт буюу нэгдүгээр эгнээнд эргэж орох дамжлага нь нам болдог. Анх нэр дэвшүүлж байсан нам нь дахин дэвшүүлэхгүй гэж нүүр буруулж байсан тохиолдол манай шинэ үеийн түүхэнд байсны нотолгоо нь Ерөнхийлөгч асан П.Очирбат.

П.Очирбатыг 1990 онд Ардын Их Хурлын чуулганд нэр дэвшүүлэн оруулж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгуулж байсан МАХН (одоогийн МАН) 1993 онд нүүр буруулсан. Түүнээс хойш Төрийн тэргүүн болсон хувь улстөрчид байнгын ийм болгоомжлол тээх болсон гэж хэлж болно. Ийм дохио санамж дор Н.Багабандийг 1998 онд одоогийн “Эх орон” нам буюу Монголын ардчилсан шинэ социалист намыг байгуулж байсан гэдэг.

Эл үйлдэл зөвхөн нэгдүгээр хүний түвшинд байдаггүй

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд унасан тохиолдолд яах вэ. Тэр тусмаа нам дахь нөлөөгөө нэгэнт алдсан бол шинэ улс төрийн хүчин байгуулдгийн жишээ нь Н.Энхбаяр, М.Энхсайхан нар юм. Аль аль нь Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нам дахь өмнөх байр сууриа хадгалах гэж зүтгээд амжилт олоогүй тул өнөөгийн МАХН болон МҮАН-ыг байгуулж байлаа.

Тэр цагаас хойш аль аль нь парламентын “босго” давж гишгээгүй ч байгуулсан намынх нь авсан суудлын тоо албан тушаалын “бялуу”-наас хүртэх боломжийг тэдэнд өгсөн. Тухайлбал, МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Засгийн газрыг байгуулагч нэг субьект болж М.Энхсайхан Засгийн газрын сул сайд, Н.Энхбаяр хүүгээ Монголбанкны дэд Ерөнхийлөгч болгож байсан цаг саяхан.

Эндээс л Ерөнхийлөгчийн “халаас”-ны нам гэх ойлголт гарч ирж байлаа. Тэгвэл энэ буухиаг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн таслахгүй гэх шум улс төрийн хүрээнд цацагдаад удаж буй. Тэрбээр Ардчилсан нам дахь МоАН фракцтай хамтран шинэ нам байгуулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн зунаас дэгдсэн. Ардчилсан намын одоогийн удирдлагууд үүнийг батлаагүй ч бас үгүйсгэлгүй өдий хүрлээ.

Харин МоАН фракцад Л.Болд, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг… гээд Ардчилсан намын үе үеийнхэн дундаа нөлөө бүхий гишүүд бий хэмээж буй.

Гэхдээ улс төрийн тоглоомд явдаг эл үйлдэл зөвхөн нэгдүгээр хүний түвшинд байдаг гэж ойлгож болохгүй.

Иргэний зориг намыг байгуулах анхны санаа өдгөө Их Британи дахь Монголын Элчин сайдаар ажиллаж буй С.Баярын гэрт “мэндэлсэн” гэдэг. Нэрийг нь хүртэл С.Баяр өгсөн гэж ярьдаг. С.Баяр С.Зориг агсантай багын, байрны найз, хожим парламентын танхимд мөр зэрэгцэн ажиллаж байсны хувьд дүү С.Оюунд нь дотночлон ханддаг байсан нь түүний тэргүүлсэн Засгийн газраас харж болно. Тэрбээр тухайн үед парламентад таван суудал “Эрэл” (одоогийн “Эх орон”) намд ганц суудал өгөөгүй атлаа, хоёрхон суудалтай ИЗНН- д сайдын суудал харамлалгүй ханатал нь өгч, тухайн үедээ “халаасны нам”-аа тэтгэлээ хэмээн баалуулж байв.

Намын нөлөөгөө алдсан бол шинэ хүчин байгуулдгийн жишээ нь Н.Энхбаяр, М.Энхсайхан

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй шинэ намууд ч гэсэн аль нэг улстөрчийнх гэж харах үндэс бий. Тухайлбал, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам Ерөнхийлөгч Х.Баттулгынх бол, Үнэн ба Зөв нам нь “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуугийнх. Тусгаар тогтнол Эв нэгдлийн намыг байгуулахдаа Ерөнхийлөгч Х.Баттулга улсын нэгдүгээр хүн болно гэж зүүдлээ ч үгүй явсан цаг. Харин ч УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхээ алдах эсэх дээрээ тулсан, намаас гарч явахдаа тулчихсан байсан цаг. Тиймдээ ч хэрэг нь гарч юуны магад хэмээн Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намыг байгуулж, даргаар нь өдгөө Ерөнхийлөгчид хүний эрхийн чиглэлээр зөвлүүлж буй Г.Уянгыг тавьсан.

Түүнчлэн саяхан намынх нь нэрийг бүртгэхгүй байгаа Улсын дээд шүүхийг олон улсын хүний эрхийн байгууллагад өгөхөө мэдэгдсэн “Гэр хорооллын хөгжлийн нам”-ын цаана Э.Бат-Үүл бий. Тус намынхан дээрх асуудлаар хэвлэлийнхэнд хандсаны дараахан ноён Э.Бат- Үүл “Гэр хорооллыг дорд үзэх байдлын уг сурвалж”, “Хүлцэнгүй нь дэндсэн гэр хороолол” сэдэвтэй хоёр ч нийтлэл бичиж, түүндээ “Гэр хорооллын хөгжлийн нам” байгуулах нь зөв хэмээн бичиж байлаа. Угаас тус намыг байгуулж буй хүмүүс нь Э.Бат-Үүлийг хотын мэр байхад нь түүний багт зүтгэж байсан шадар хүмүүс нь.

Ийнхүү улстөрчдийн байгуулсан “халаасны нам”-ууд цаашид хэд хүрэхийг хэлэхэд эрт байна.

Б.Сэлэнгэ

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих