Тавь дахь агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийж дууслаа

8d7f9fd56a01e77bbcc3a9d383b2bbd1_x3“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон өнөөдөр 50 дахь агаарын хөлгийг техник үйлчилгээнээс гаргалаа. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон ИНЕГ, “МИАТ” ТӨХК-ийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд оролцож, манай улсад хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийлгэсэн БНСУ-ын “T way” агаарын тээвэрлэгчийн B737 агаарын хөлгийг эх оронд нь үдлээ.

Тус засварын газар нь 2014 онд анх удаа гадаадын агаарын тээвэрлэгчийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд гадаадын 8 агаарын тээвэрлэгчийн  B737 болон B767 маягийн агаарын хөлгүүдэд нийт 50 удаагийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээг эх орондоо хийгээд байна. Монгол Улсад тогтмол нислэг үйлддэг ОХУ-ын “Аэрофлот”, БНХАУ-ын “Эйр Чайна”, БНСУ-ын “Кореан Эйр”, БНТурк улсын “Туркиш Эйрлайнс” зэрэг агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлгүүдэд шугамын техник үйлчилгээг хийхээс гадна Тайландын вант улсын “Orient Thai”, “Jet Asia Airways”, “Asia Atlantic Airways”, БНСУ-ын “Easter Jet”, “Jeju Air”, “T Way”, ОХУ-ын “UT Air”, “Alrosa” зэрэг агаарын тэвэрлэгчдийн агаарын хөлөгт хүнд хэлбэрийн техник үйлчилгээг хийж байна.

“МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар нь өөрсдийн үйл ажиллагааг Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Европын холбооны  Иргэний агаарын тээврийн байгууллага, БНСУ, Тайландын вант улс, далайн чанад дахь Бермудын арал, БНТурк зэрэг улсуудын иргэний нисэхийн удирдах газруудаар гэрчилгээжүүлсэн ба агаарын хөлөг болон түүний эд ангийн засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын хэмжээнд анхны бөгөөд цорын ганц байгууллага юм. Мөн олон улсын чанарын удирдлагын MNS ISO 9001:2001 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн  газраар баталгаажуулсан гэрчилгээжсэн Иргэний нисэхийн салбарын анхны байгууллага билээ.

Эх сурвалж: ИНЕГ

 


URL:

Сэтгэгдэл бичих