Төгрөгийн ханшийн уналтыг төр мартсан уу?
2010 оноос хойш Монголчуудын бодит орлого энэ хэмжээтэй тэнцэхүйц өсч чадаагүй бол төгрөгийн ханш өнгөрсөн зургаан жилийн хугацаанд бараг 50 хувиар суларчээ. Манай эдийн засаг, Монгол хүний худалдан авах чадвар яаж доройтсоныг хамгийн энгийнээр, бүдүүн тойм аргаар харуулж байгаа нь энэ.
Мэдээж Төв банк хүчтэй савлагаатай үед зах зээлд оролцож, зохицуулалтын үүргийг гүйцэтгэх ёстой. Дэлхийн аль ч улсын Төв банкууд мөнгөн тэмдэгтээ тоолгүй хаядаггүй. Гэхдээ өнөөдөр Монголбанкны бодлогын орон зай хумигдмал. Төв банкны гол зорилго нь инфляци буюу үнийн тогтвортой байдал руу илүү чиглэдэг.
Харин төгрөгийн ханшид хамгийн сайн нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол Засгийн газраас хэрэгжүүлэх төсвийн сахилга баттай бодлого, эдийн засгийн төрөлжилтийг хангах юм.
Ам.долларын ханшид нөлөөлөгч үндсэн хүчин зүйл нь Монгол Улс руу орох ба улсаас гадагшлах ам.долларын урсгал баланс, мөн дотоодын хадгаламжийн долларжилт. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалт муудвал бид урсгал тэнцлийн алдагдалд орно. Харин улс төрчид “попроод” байвал иргэдийн хүлээлт муудаж, төгрөгт итгэх итгэл суларснаар төгрөгөө зарж, ам.доллар худалдаж авна гээд ойлгочих.
Төлбөрийн тэнцлийг ашигтай байлгахын тулд бид олон төрөлтэй, тогтвортой эдийн засагтай байх шаардлагатай байна. Тэгэхгүй бол нүүрс, зэсийн үнэ унахад л ард түмэнтэйгээ өвдөг шороодно
Нөгөө талаас засаглал өөрөө тогтвортой, гарсан шийдвэрүүд нь буух эзэнтэй, буцах хаягтай байх хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд төгрөгийн ханшийн уналтыг бид Төв банк руу чихэж ирсэн. Төв банк ойлгомжгүй энэ шаардлагыг биелүүлэхийн тулд хамаг л валютын нөөцөө шавхаж дуусдаг. Тэгвэл улс төрчид, Засгийн газрын гишүүд ханшийн уналтынхаа эсрэг ямар алхам хийсэн бэ?гэдгээ өөрсдөөсөө асуух цаг болж. Төгрөгийн ханшийн уналтыг сулруулна гэдэг хэн нэгнийг “загнаад” биелчихдэг зүйл биш. Энэ бол бидний эдийн засагт дэлхий нийтээс тавьж буй дүн юм.
Харамсалтай нь Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, томоохон төслүүдээ хэрэгжүүлэх бодитой алхмууд хийгээгүй л байна. Хийхгүй удаад л байвал зах зээлийн хүлээлт улам л доройтно. Тиймээс төгрөгийн ханшийн уналтад эрх баригчид туйлын анхаарах шаардлагатай байна.
Г.Хулан
bataar.mn
URL: