Хотын дарга утаагаа яая гэж байж шилдгүүдээ шагначихжээ
Утаатай ч гэсэн Улаанбаатар минь сайхан гэж явсаар арай дэндлээ. Гэртээ цонхоо онгойлгож, гэрээсээ өглөө гарах тоолонд хоолой бачуурч утаанд хордсоор байна. Эмч нар хүртэл 11-2 сарын хооронд бүсгүйчүүдийг битгий жирэмслээч хүүхэд тань эндэж байга хэмээн анхааруулж байна. Ийм үе монголд байгаагүй. Үр хүүхэд, хөгшин настнууддаа анхаарал тавьж залуучууд өөрсдийгөө хаяж байна. Харин томчууд энэний төлөө тэмцэх ёстой гишүүд эхнээсээ гадагшаа явж байна. Ард иргэдийг 30 жилийн лизин, виз гаргаж өгдөггүй гадны элчингийнхэн л Монгол хүмүүсийг энд үлдээж байна гэх энэ үг үнэн. Өрөндөө баригдсан, утаандаа хордсон энэ улс оронд хэн байхыг хүсэх вэ дээ. Утааг нь багасгаж чаддаггүй юмаа гэхэд гэр хорооллын айл өрхийг салхины дор нүүлгэж өгөөч гэх ядарч цөхөрсөн ард иргэдийн хоолой. Үүнийг үл анзаарах дээдсүүд. Ай яасан хэцүү хорвоов дээ. Ямартай ч энэ утаа өмнөх жилүүдийнхээс илүү нэмэгдэж байна хотын дарга. Тархи тань юм ойлгож, нүд чинь үүнийг харж, хамар тань юм үнэрлэж, хоолой тань хариу үйлдэл үзүүлж чаддаг бол энэ утааг шийдэж бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг минь зөрчихгүйхэн шиг амьдруулаач. Ард иргэд тань утааг бүр алга болгооч гэх гуйхгүй ээ зүгээр л гамшгийн хэмжээнээс л салгаад өг. Улаанбаатарт энэнээс олон асуудлууд бий энийгээ шийдэж чадахгүй байж бас шилдгүүдээ тодруулчихжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн Нийслэл Улаанбаатар хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан хөдөлмөрийг үнэлэн “Алтан Хангарди”-аар шагнасан байна.
Харин Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Мөнгөн Хангарди”, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан “Хүрэл Хангарди”-аар тус тус шагнуулжээ.
Түүнчлэн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга, Залуучуудын хөгжлийн газрын дарга, Хөрөнгө оруулалтын газрын дарга, Хот тохижилтын газрын дарга нар тусгай байранд шалгарсан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.
Иргэд нь “угаартаж”, зам талбай нь мөсөндөө баригдаж, орон сууцны нэгдүгээр давхарт цувдаа гэдэс арилган борлуулж, залуусын дунд хар тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж байхад нийслэлд шилдэг менежер байна гэдэг…
URL: