Халаа сэлгээний “өвчин” Ц.Цогзолмаад халдварлалаа
У.Хүрэлсүх болон түүний багийг УИХ-аас эхлээд МАН-ын шат шатны хуралд дэмжсэн нөхдүүд оочёр дугаараа хүлээгээд шинэ оны ч нүүрийг үзэхгүй улайрч сууна. Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлаг газрын дарга нарыг хөндөөд эхэлсэн бол одоо салбарын сайд нарт энэ “өвчин” халдварлаж эхэлжээ. Өөр ч аргагүй, шат шатны хуралд дэмжүүлсэн нөхдийг яах аргагүй албан тушаалд тавих нь зүйн хэрэг. Хоёрдугаар ээлжинд хоолонд орох нөхөд яаран дайрч байгааг ч хэвлэл мэдээллээр явж байгаа үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлгээс харж болно. Саяхан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн хөгжлийн газрын дарга Б.Нарантуяаг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ. Тэрээр “Ёс зүйн алдаа гаргасан сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр шүүхийн байгууллага ажлаас нь хууль бусаар халсан гэх шийдвэр гаргаж, ажилд нь буцаан томилж байгаа нь шүүх тогтолцооны утгагүй асуудал. Тиймээс би ирэх сарын 1-нээс 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Түүгээр зогсохгүй тусгай статустай сургуульд багшлах эрхийг нь хязгаарлана” гэлээ. Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн захирал асан Х.Батсайханыг өнгөрсөн дөрөвдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Улмаар ажлаасаа хууль бусаар халагдсан гэх үндэслэлээр гомдол гаргаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралд ялалт байгуулснаар албан тушаалд нь буцаан томилоод байсан юм.
Ийнхүү ирэх онд хоёрдугаар ээлжнийхэн бүрэн хоолондоо орж дуусах төлөв ажиглагдаж байна.
А.Дорж
Шуурхай.мн
URL: