Хүчирхийлэл үү, цаазын ялыг уу?
Ц.МЯГМАРБАЯР
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх тухай саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэнээс хойш сар гаруй хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд хүчирхийлэлд хамаарах дуудлага намжсан байдалтай байтал Хэнтий аймагт 21 настай нэг эмэгтэйг гурван залуу амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа. Мөн хоёр жилийн өмнө хүчиндүүлж шаналж зовж явсан Г.Номуундарь охин цахим орчинд өөрийгөө илэрхийллээ. Түүнчлэн оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй хамааралтай 2415 хүнийг 7-30 хоног баривчилжээ. Үүний 61 нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. Тухайлбал, арав нь хүчирхийлж зодсон бол гурав нь хүчингийн хэрэг. Өсвөр насны хоёр охиныг хойд эцэг нь хүчиндсэн. Үлдсэн бэртгэж гэмтэж сэтгэл санаагаар хохирчээ. 844 хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөн байна. Хүчирхийллийн хэрэг 15.7 хувиар буурсан ч нийт хэргийн 2.4 хувийг хүчингийн гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам аюулгүй байдлын алба мэдээлж байна. Өмнө нь хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, хүчирхийлэхээр завдсан, агсам согтуу тавьсан тухай дуудлага хоногтоо арав гаруйгаар ирдэг байж. Харин цаазын ял сэргээх тухай мэдээлэл гарснаас хойш багассан байсан бол эргээд өссөн байна.Тэгэхээр цаазын ялыг сэргээх мэдээлэл гарсан даруйдаа хүчирхийлэгч нарын ухамсарт нөлөөлсөн гэж хэлж болохоор байгаа юм. Нөгөө талаар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хууль мөрдөгдсөн нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, иргэдийн мэдээлэл өгөх байдал нэмэгдсэнтэй холбоотой гэж Үндсэнийн аюулгүй байдал стартеги судлаач Цагдаагийн хурандаа Ж.Амгалан ярьлаа. “Айхад аргал хөдлөнө” гэгчээр замбараагүй монголчуудад дэг журам үгүйлэгдэж байгаа ч юм шиг.
СУДАЛГААГААР 46 ХУВЬ НЬ ЦААЗЫН ЯЛТАЙ БАЙХ НЬ ЗӨВ ГЭЖЭЭ
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цаазын ялыг буцаан сэргээх талаар ярилцаж байна.Ямар дэглэмтэй, ямар шашинтайгаас хамааран дэлхийн улс орнууд энэ тал дээр янз бүр байдаг. Орчин үеийн хүмүүнлэг нийгэмд ийм ял байж болохгүй гэсэн нэг хэсэг байхад “Гэмийг гэмээр, хариуг бариугаар” гэх хүн ч бий. Ерөнхийлөгчид хандаж байгаа иргэдийн санал болон хэд хэдэн түүвэр санал асуулгаар энэ төрлийн ялыг сэргээж хэрэглэхийг дэмжиж байгаа нь олонх нь байна. Хуульч судлаачдын мэргэжлийн хүрээний дунд судалгаа явуулахад тэдний 83 хувь нь цаазын ял байх шаардлагатай гэж, 13 хувь нь шаардлагагүй гэж үзсэн байна. Мөн өөр нэг судалгаанд “Цаашид Монгол Улсад цаазаар авах ялыг халах шаардлагатай юу?” гэсэн асуултад мэргэжлийн хүмүүсийн 22 хувь нь шууд халах, 24 хувь нь аажмаар, 50 хувь нь халах шаардлагагүй, дөрвөн хувь нь хариулахад хүндрэлтэй хэмээн хариулжээ. Иргэдийн дунд явуулсан олон санал асуулгаар цаазын ялыг сэргээх санал үүнээс хамаагүй өндөр хувиар гарч ирж байна. Гэвч энэ бол нэг л үзүүлэлт. Ийм шийдвэрийг зөвхөн олон нийтийн саналд хөтлөгдөж гаргадаггүй гэдгийг дээр хэллээ. Эсрэг байр сууриудыг ч нухацтай авч үзэж, судалсан тухай Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга ярьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг эрүүгийн хуульд бүхэлд нь сэргээх тухай хөндөөгүй, зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг хэрэглэх тухайд Эрүүгийн хуульд бүлэг заалт оруулж сэргээх тухай хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 1.7 сартай охиныг хойд эцэг нь хүчиндсэн, дөрөвхөн настай охиныг эцэг нь хүчирхийлж сэтгэцийн өвчтэй болгосон. 13 настай охиныг гурван залуу буудалд оруулж хүчээр архи уулган хүчиндэж алсан гэх мэт нийгмийг цочроосон гэмт хэргүүд цаашдаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлхүйц хэмжээнд байгаа нь дохио юм хэмээн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, зүгээр ч нэг хэлээгүй. Тиймээс энэ заалтыг ул суурьтай авч үзэх ёстой гэж Иргэнийн нийгмийн байгууллагын төлөөлөл Ж.Занаа болон соён гэгээрүүлэгчид хэлж байна.
ҮНДЭСНИЙ ДАРХЛААГАА ХАТУУ БОДЛОГООР АВЧ ҮЛДЭНЭ
Цаазын ялыг сэргээчихвэл Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөөд өнөө маргаашгүй хоёр их гүрэн хавчаад Европын орнуудаас гадуурхагдах юм шигээр томоор хараад байна. Гэтэл манай улс дотооддоо, нийгэм тэр чигтээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд очсон гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хоолойгоо чичрүүлэн УИХ-ын хүний эрхийн дэд хорооны хуралдаан дээр хэлсэн. Сүүлийн нэг жилд 1.4-17 нас хүртэл 288 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Мөн эрэгтэй хүүхдийг хүртэл хүчирхийлсэн хэрэг гарчээ. Социалист нийгмийн үед гардаг байсан хонины бэлчээрт нь охид, эмэгтэйчүүдийг хүчинддэг байдал хэвээр байна. Сүүлийн үед туслах малчины хүүхэд ялангуяа эрэгтэй хүүхдийг хүчиндэх, олон цагаар малд явуулж боолийн хөдөлмөр эрхлүүлэх зэргээр хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдол гарсанг Хүний эрхийн тайланд дурьдсан. Гэтэл манай улсын Эрүүгийн хуульд эмэгтэй хүн, хүүхдийг хүчирхийлсэн бол хүчингийн хэрэг гэж тооцно. Харин эрэгтэй хүүхэд хүнийг хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэх тухай хуулиар зохицуулаагүй байна. Хүчирхийллийн хэргүүд гэр бүл, ах дүү хамаатан садан, жалга довонд амьдарч байгаа хүмүүс дунд болж буй нь хүн амын удмын сан, ген, сэтгэцэд өөрчлөлт орж, цус ойртолт болон үндсэний дархлаа алдагдаж буйг гэрчилж буй. Нөгөө талаас хүний ухамсар, ёс зүй, мал адгуусаас ялгаагүй болсон нь ядуурал, ажилгүйдэл, архидалт мансууралт газар авч байгаатай холбоотой аж. Энэ нь нийгэм өөрөө үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд байгааг төрийн тэргүүний цаазын ялыг сэргээх саналд нөлөөлсөн гэж хэлж болохоор байна. Оросын Хатан хаан Екатерина “Цаазын ял бол сул дорой улсад байдаг зүйл. Учир нь ард түмнээ амар жимэр, аз жаргалтай амьдруулж чадахгүй байгаа оронд л гэмт хэрэг гардаг юм” гэжээ. Манай улс бусад дайн тулаантай орны дэргэд өлсгөлөн гуйлгачлал ядуурал, завхайрал, мансууралгүй улс гэж ярьдаг. Гэвч энэ байдал эсэргээрээ болсныг эх сурвалж онцолж байна. Монгол Улс ардчилсан нийгэмтэй хэдий ч үндэсний хатуу бодлоготой байх учиртай. Өөрөөр хэлбэл, хоёр том гүрний дунд оршиж буй манай орны хувьд үндэсний хатуу бодлого байх ёстой. Хүн ам, удмын сан, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлаас нь харсан ч тэр. Ингэснээр хоёр том гүрний завсар уусахгүй, эрх чөлөөгөө алдах аюулаас хамгаалагдах юм.Эрүүгийн хууль гэдэг тухайн улс орны язгуур эрх ашиг. Үндсэний эрх ашгийг хамгаалдаг маш том эрх зүйн зохицуулалт. Нөгөөтэйгүүр хүн амын удмын сан, монгол хүний ген, монголоороо байх бодлогоо хэрхэн авч явах ёстой вэ гэсэн бодлого хэрэгтэйг судлаачид сануулав. Мөн хүн ам, удмын сан, нийгэм эдийн засгийн аюулгүй байдлын тухай хуулиудыг гаргах хэрэгтэйг онцолж байна.
НҮБ-Д БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ БУЙ НЬ ЧУХАЛ БАЙХ
Олон улсын судалгаагаар цаазын ялаас татгалзахгүй гэсэн орнуудын бүртгэлд БНХАУ, Арабын орнууд байдаг ажээ. Эдгээр орон үндэсний хатуу бодлогоос гадна шашины зан үйлийн онцлогоос шалтгаалан цаазын ялаас хэзээ ч татгалзахгүй гэдэг байна. Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудаас одоогоор 58 орон цаазын ялтай орны бүртгэлд жагсчээ. Үндэснийхээ эрх ашиг, дархлаагаа дээдэлсэн орнууд л цаазын ялыг сонгодог. Хүн ам олон гэдгээс шалтгаалдаггүй гэдгийг судлаач Ж.Амгалан хэлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн саналд байр сууриа илэрхийлэхдээ “НҮБ-ын хүний эрхийн конвецид манай улс 2012 онд цаазын ялгүй байна гээд нэгдсэн. Тэр үед би цаг нь болоогүй байна гэж дуугарч байсан. Шинэ Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халсан нь буруу байна гээд ажлын хэсэг байгуулчихлаа. 2002 оны Эрүүгийн хуулийг хэдий би бичсэн ч Монголын төр баталсан хууль юм. Аливаа улсын Эрүүгийн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтносон байдлыг хамгаалдаг сүүлчийн галт тэрэг байдаг. Тиймдээ ч өнгөрсөн болоод одоо, ирээдүйг тооцсон байх ёстой. Гурван цагийн хэлхээг холбож хууль бичдэг юм. Хүчингийн хэрэг гэхэд л энэ хуулиар хатуу ялтай байлаа. Гэтэл одоо болохоо байлаа гээд л шуугиад эхэлж байгаа биздээ. Гэхдээ нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлээд үзье. Болохгүй бол засъя гэсэн байр суурьтай байна” гэжээ. Мөн олон улсын эрх зүйч Б.Гүнбилэг “ 2012 онд Монгол Улс Иргэний болон Улс төрийн пактын II протоколд нэгдэж орсноор цаазын ялыг халсан. Энэ пакт нь хүний үндсэн эрхийг хамгаалах конвенц учир гарах заалт байхгүй. Тухайн улс нэгдэн орсон л бол бандан тас гэсэн үг. Орохоосоо өмнө сайн судал гэсэн утгатай хатуу гэрээ” гэжээ. Хүний эрхийн асуудлыг дээдэлдэг НҮБ-д бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан асуудал илүү чухлаар тавигдах болов уу гэж хүүхдийн эрхийн төлөөх иргэний нийгмийнхэн хөндөж байна.
ЦААЗЫН ЯЛААР БУРУУ НОМТНЫГ НОМХТГОНО
Өнөөдөр ядуурал 29.6 хувиар өссөн хэмээн Дэлхийн банк мэдээлж байна. Гэтэл шорон ачааллаа даахгүй болсон. Жилд 20 орчим тэрбум төгрөг урсгал зардалд нь зориулах жишээтэй. Энэ мөнгөөр хүний амь хөнөөсөн алуурчин, адгууснаас дор аашилсан хүчирхийлэгч, хулгайч нараа тэжээж байгааг юу гэж ойлгох вэ. Дээр үед ялтнуудаа химийн хортой үйлдвэр, хүнд хүчир уурхайд ажилуулж залхаан, биеийг нь хордуулах хэлбэрээр хойдох руу нь явуулдаг байж. Гэтэл одоо бол үгүй. Ажилгүйдэл ядууралтай энэ нийгэмд банк дээрэмдэж шоронд орж хэдэн жилийн ял эдлэж гарч ирээд нуусан мөнгөөрөө сайхан амьдарна гэсэн бодолтой нэгэн байгаа тухай ч яриа ч чих дэлсэж байна. Шоронд сууж улсаар тэжээлгэнэ гэсэн бодолтой хүн, хүн алж, хүүхэд хүчирхийлэхдээ эмээхгүй болсон бололтой. Ахуйн чанартай гэмт хэрэг их гарч байна гэдэг нийгмийн сэтгэл зүй дээд зэргээр бохирдсон байгааг илтгэнэ. Жишээлбэл, Сэржмядаг охин олдохгүй байна. Энэ ахуйн гаралтай хэрэг ч байж болох талтай. Мөн “ 2005 онд хоёр охин ор сураггүй алга болсон. Гэтэл жилийн дараа “ далан давхар”-т айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар очиход нэгэн сэжиг бүхий эрийн гэрт гал гарсан байсан. Хэргийг мөрдөөд үзэхэд өмнө жил ор сураггүй алга болсон хоёр охиныг хүчиндэж алаад хашаан дотроо булсан байсан. Бас гурван хүний цогцос гарч ирсэн” гэж Үндэсний аюулгүй байдал стратегийн судлаач Ж.Амгалан ярив. Цаазын ялыг, хүчингийн хэрэгт тусгайлсан заалтаар оруулах нь нийгмийг цэвэрлэхэд нөлөөлнө гэж үзэж буй.Тиймээс үндэсний аюулгүй байдал гэж томоор харах биш нийгмийн аюулгүй байдлын үзэл баримтлалтай болох зайлшгүй шаардлагатай болжээ. Шоронд улаан махны хэрэгтэнг нэг нүдээрээ үздэггүйтэй адил иргэд хүчингийн хэрэг хийсэн хүчирхийлэгчид цаазын ял тулгахад өмөөрөхгүй биз ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХӨНГӨЛДӨГ БАЙХ НЬ ЗӨВ, ЭРГЭЭД СЭРГЭЭЖ БОЛНО, ЦААЗЛАХААС ЭНЭРЭНГҮЙ