Хакерууд Facebook Messenger ашиглан бусдын компьютерийг коин олборлоход ашиглаж байна
Онлайн сүлжээний гэмт этгээдүүд Фэйсбүүк Мессэнжэрээр дамжин бусдын компьютерийг ашиглаж, нэгэн төрлийн крипто валютыг олборлож байгааг судлаачид илрүүлжээ.
“Digimine” нэртэй вирус нь сүүлийн үед зах зээлд гарсан Монеро крипто валютын олборлолтыг бусдын компьютерийн хүчин чадлыг хулгайгаар ашиглан явуулж байгааг Trend Micro компанийн мэргэжилтнүүд тогтоосон байна.
Вирус нь видео файлын холбоос мэт харагддаг боловч цаана нь бот ажилладаг гэнэ. Гэхдээ “Digimine” зөвхөн Google Chrome броузертай, Фэйсбүүк Мессэнжэрийн дэсктоп хувилбар дээр ажилладаг байна.
Өөр төрлийн броузер, гар утсан дээр жишээ нь ажиллахгүй. Гэхдээ вирус нь нэлээд аюултайд тооцогдож байна. Хэн нэгний FB хаягт нэвтэрснийхээ дараа найзууд руу нь өөрийгөө тараах холбоосыг илгээдэг ажээ.
Халдварласан компьютеруудын хурд удааширдаг ба FB аккаунтаа бүр мөсөн бусдын гарт оруулах аюултай. Одоогоор Өмнөд Солонгос, Вьетнам, Азербайжан, Украин, Филиппин, Тайланд, Венесуэлийн компьютеруудад тархаад байгаа бөгөөд бусад улс орнууд руу дамжиж эхэлсэн гэнэ.
Trend Micro компани уг вирусын талаар Фэйсбүүк компанид мэдэгдээд байгаа ажээ.
Эх сурвалж: Independent
Р.ТҮВШИН, IKON.MN
URL: