Улсын гадаад харилцаа улстөржилтийн золиос болсоор байх уу

219647-25122017-1514171664-1304021524-gadaadМанай улсын гадаад бодлого туйлын ойлгомжгүй, тодорхойгүй болсныг илтгэсэн үйл явдлуудаар дүүрэн нэгэн он улирч байна. Сайн, муу хэлдэг ч эцсийн эцэст аргадаж, эв зүйг нь олохоос аргагүйд хүрдэг урд хөрштэйгөө ойлголцож чадахгүй байгаагаас эдийн засгаа сэргээх ганц найдлага болсон нүүрсний экспортоо зогсооход хүрлээ. Өнөөгийн байдлаар Тавантолгойн нүүрсний олборлолт бүрэн зогсоод буй бөгөөд цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр. Шинэ Засгийн газар бүрдсэнээс хойш Гадаад харилцааны сайд, Шадар сайд ээлжлэн БНХАУ-д айлчилж, уулзсан хүн бүртээ шахам Гашуунсухайт, Ганцмодны боомтоор нүүрс тээвэрлэж буй машины дараалал 100 км гаруй үргэлжилж буй тухай учирлаж, үүнд анхаарлаа хандуулахыг гуйсан нь дорвитой үр дүнд хүрсэнгүй.

Ийнхүү өмнөд хөрштэйгөө хэл амаа ололцож чадахгүй мунгинаж байх хооронд Европын холбоо Монгол Улсыг татвараас зугтах, ашиг зувчуулах өндөр боломжтой орон хэмээгээд хар жагсаалтад бүртгэснээ зарлачихав. Уг нь Европын холбоо жил гаруйн өмнөөс манайхтай энэ талаар ярилцахыг хүссэн ч манайхан ус балгасан мэт дуугүй сууж байгаад Сангийн дэд сайд нь “Бид танай шаардлагыг биелүүлж чадахгүй” гэсэн албан бичиг илгээснээр хар жагсаалтад бичигдэх болзол хангасан гэж энэ талаар мэдээлэлтэй хүмүүс хэлж буй.

Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр, улсын нэр хүнд гадаад ертөнцөд иймэрхүү байдлаар дуудагдаж байхад харилцагч орнуудад Монгол Улсыг төлөөлөн сууж, улсын эрх ашгийг хамгаалах, хоёр болон олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, улс хоорондын өдөр тутмын ажил үүргийг эрхлэн удирдах үүрэгтэй Элчин сайд нараа томилж, ажиллуулж чадахаа болиод багагүй хугацаа өнгөрлөө.

Хамгийн ойрын жишээ нь, БНСУ-д суух Элчин сайдын асуудал. Өнгөрсөн сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаар БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эргүүлэн татаж, түүний оронд Б.Хурцыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргаснаас хойш хоёр сар шахам (55 хоног) хугацаа өнгөрсөн ч асуудал шийдэгдээгүй байна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд, Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлэх гэх мэтээр хуульд заасны дагуу явсан уг асуудал парламент дээр багагүй хугацаанд гацсан. Эцэст нь, УИХ Элчин сайд томилох асуудлыг энэ сарын 15-нд түүхэнд анх удаа хаалттай хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргав.

Гэтэл Б.Хурцыг томилуулах саналыг өөрөө УИХ-тай зөвшилцөхөөр хүргүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гаригт “ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах, эсэх асуудалд хүлээзнэх шаардлага үүслээ. Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол түүнийг томилж явуулах боломжгүй” гэсэн албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглав.

Өнгөрсөн тавдугаар сард өмнөх Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ-аар хэлэлцэн дэмжиж, хүлээн авах орноос нь агреман (зөвшөөрөл) нь ирсэн таван Элчин сайдыг шинэ Ерөнхийлөгч явуулахгүй, итгэмжлэх жуух бичиг, зарлигийг нь гаргаж өгөхгүй байгаа талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны тайлбар, байр суурь илэрхийлээгүй байсан бөгөөд Ерөнхий сайдад хандсан албан бичигтээ гурван Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг өгөхгүй гэдгээ хэлжээ.

Тодруулбал, “Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр, Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн. Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигч нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг, итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй” хэмээжээ. Элчин сайдыг томилох, эргүүлэн татах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр тэд томилогдсон орондоо очиж амжилгүй солигдохоос өөр аргагүй нь бололтой.

Дашрамд дурдахад, суух орноос нь зөвшөөрөл ирчихээд байхад Элчин сайдаа явуулахгүй гэх нь туйлын найрсаг бус, дипломат ёсонд зохимжгүй үйлдэл, өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй гэдгийг ахмад, туршлагатай дипломатчид хэлсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Элчин сайдтай холбоотой асуудал ингээд дуусахгүй. Ерөнхийлөгч дээр дурдсан албан бичигтээ “Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хандсан. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газар энэ сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг эргүүлэн татах асуудлыг өнөөг хүртэл УИХ хэлэлцээгүй байгаа билээ” гээд эл асуудалд анхаарахыг сануулсан.

Манай улс одоогийн байдлаар Япон, Канад, АНУ, ИБУИНВУ, Швед, БНСУ зэрэг улсад Элчин сайдгүй, Элчин сайдынх нь асуудал тодорхойгүй байна. Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил “Олон улсын дипломат харилцааны практикт Элчин сайдаа томилж явуулахгүй байна гэдэг туйлын найрсаг биш үйлдэл. Элчин сайдаа дуудах, ЭСЯ-ныхаа түвшинг бууруулах зэрэг нь найрсаг харилцаатай орнуудын хооронд хийгддэг алхам биш” хэмээн мэдэгдэж байсан. Гуравдагч хөрш хэмээн тодорхойлдог улсууддаа, дэлхийн болон Монголын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг орнуудад Элчин сайдгүй өчнөөн сар болж байгаа нь манай улсад лав ашигтайтусахгүй.

Х.Уянга

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих