АТГ-ыг татан буулгавал яасан юм бэ

Өнөөдөр бид алхам тутамдаа авлига гээч айхтар “мангас”-тай нүүр тулж буй. Хаа нэгэн газарт ажилд орох, үр хүүхдээ сургуульд суралцуулах, бичиг цаас хөөцөлдөх бүрт их бага хэмжээний авлигад өртчихсөн байдаг. Нэг үгээр хэлбэл, өөрсдөө ч мэдэхгүй авлигын хэрэг үйлддэг.

Энэ бүхэн өнөөгийн нийгмийн өнгө төрх гэлтэй. Авлигатай тэмцэх газар нь төрд бугшсан авлига хээл хахуулийг ангуучлах үүрэгтэй. Гэтэл ангуучлах нэрийдлээр авлигачдад үйлчилдэг болсон нь нууц биш. АТГ-т авлига авсан, өгсөн нь тогтоогдсон эрхмүүдийн хэрэг шалгагдаж буй ч цаг хугацаа өнгөрөх тусам хэрэг нь замхарч гэмгүй гэмтнүүд олширдог.

Өөрсдийнхөө хийсэн ажлыг тод томруунаар харуулах гэсэн тэд авлигын хэргийг акул, жараахайнууд хэмээн ангилсан нь үр ачдаа үлгэр ярьж буй юм шиг. Акулуудад яам тамгын газрын удирдлагаас эхлээд төрийн түшээд багтана. Харин жараахайд нь мэргэжлийн хяналт, гааль, татварын байцаагчид багтдаг юм байх.

Авлигатай тэмцэх газ­рын үйл ажиллагааг маг­тахаасаа илүү муулах нь их. Үнэ­нийг өчихөд, тус газар бай­гуул­лагд­сан цагаасаа хойш юу хийв гэсэн асуулт ард түмний дунд бий. Эл асуултад хариулах эрх мэдэлтэн тус газарт байхгүй гэхэд хилсдэхгүй.

Дарга нартаа халгаатай энэ газарт чөтгөрийн гүйдэл шингэж хийсэн ажил нь бүтэмж муутай бичиг цаастай зууралдахаас хэтрэхгүй төрийн албан хаагчдаар дүүрсэн ч гэх. Авдаг цалин, ахуй хангамж нь бусдаас дээгүүр атлаа ажлын бүтээмж гэж “нойл” заасан энэ газрыг ажиллуулах хэрэг байна уу.

Тус газрыг байгууллагдсан цагаас нь хойш иргэдийн дунд хүлээлт бий болсон. Гэтэл авлигыг устгаж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг хэзээ гэсгээх бол гэсэн хүлээлт талаар өнгөрч энэ байгууллага нь авлигачдыг өөгшүүлдэг газар болсон. Иргэдийн итгэлийг даах нь байтугай ихэс дээдэс нь албан тушаалын хэрэгт холбогдож ажилтнууд нь ор хөнжлийн асуудалд ороо­цолдсон.

АТГ-ын нэрнээс нь харвал нэлээд том байгууллага. Харин хийсэн ажлыг нь дүгнэвэл иргэдийн өгсөн мэдээллийн дагуу  хэний хөрөнгө дутуу байна, хэн авлига авсан байх магадлалтай вэ гэх зэрэг захын  мөрдөн байцаагчийн хийдэг ажлыг гүйцэтгэх төдий.

Хар ухаанаар бодвол энэ газрын үйл ажиллагаа тэр чигтээ мөрдөн шалгах, бүүр өнөөх эрүү, тагнуулынхнаас давж ажиллах ёстой баймаар. Гэтэл эмгэн, өвгөний яриагаар өнөө маргаашийн ажлаа үлгэн салган гүйцэтгэсээр. Авлигатай тэмцэх газар шинэ удирлагуудтай болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийж гүйцэтгэв гэвэл өнөөх л сурсан зангаараа “Ажлаа хүлээн аваад танилцаж дуусаагүй байна” гэх биз.

Цагдаагийн байгууллагад Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэж бий. Энэ тасагт албан тушаалтнаас авахуулаад энгийн иргэдтэй ч холбоотой авлигын хэрэг шалгагдсан байдаг.

Гэтэл монголдоо л номер нэгт тооцогдох авлигын байгууллага нь ажил үүргийнхээ хуваарийг үл мартан үлгэн салган дэнжигнэж байна. Дээрээ удирдлагатай болсон ч дороо хөл суурьгүй энэ байгууллагыг татан буулгаж үйл ажиллагааны эрх мэдлийг өнөөх хэдэн цагдаа нартаа шилжүүлвэл яасан юм бэ.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих