МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ГАНЦААРАА ЯЛЗРААГҮЙ…

Нийгмийн тогтолцооны өөрчлөлт буюу шинэчлэлт Монгол Улсад буруу замаар хөгжиж, үндсэн зарчмаасаа хэд дахин хазайсаар байгааг Орлогын тэгш бус байдлын итгэлцүүр (Gini coefficient), Авлигын индекс зэрэг үзүүлэлтийг харан байж итгэж, үнэмших шаардлага монголчууд та бидэнд үгүй билээ. Угтаа бол нийгмийн хөгжил буруу тийшээ эргэн гажуудаж, доройтоход хүргэсэн шууд хүчин зүйл нь өөрсдөө гэдгийг монголчууд хөндлөнгийн эх сурвалжаар хэлүүлэлтгүй мэдэж байх учиртай. Үнэт зүйл, нийгмийн зорилгыг ардчилал, хүний эрх, шударга ёс хэмээн тунхагласнаас хойш 25 жил өнгөрөхөд Монголын нийгэм авлига, хээл хахуульд баригдаж, шилжилт буруу замаар явчихсан юм байна гэсэн дүгнэлтэд эрдэмтэн судлаачид санал нэгдээд буй. Гэхдээ бид ганцаараа биш аж. Чех Улсын ардчилалд шилжих үйл явц манайхаас дээрдэх нь бүү хэл харьцангуй хүнд нөхцөлд үргэлжилж байгааг тус улсын улс төр судлаач, профессор Михал Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” номондоо дэлгэрэнгүй тайлбарлажээ. Энэ сайн мэдээ юү, муу мэдээ юү. Сайтар эргэцүүлээд үз. Ганцаараа сүүл мушгихгүй, ханьтай гэхээр хамтын ухамсрын зарчмын дагуу зовлон бэрхшээл хугаслагдаж, тайвшрал авчрах нь гарцаагүй. Асуудлыг эерэгээр харвал ядаж л тэдний туршлагыг судалснаар ирээдүйд гаргах боломжит алдаануудын тоо багасна.2toa6h9ft2717o5ppsqd21cgvd_b

АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНЫ ХЯМРАЛ ГАНЦХАН ЭХ ҮҮСВЭРТЭЙ

Тэр нь улс төрийн нам. Прага хотын Метрополитан их сургуулийн улс төр, хүмүүнлэгийн ухааны Профессор Михал Климагийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу” ном Монголд орчуулагдаад одоо нэг сарын нүүр үзэх гэж байна. Уг номны бүтэн нэр “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу: Далд бизнес улс төрийн намуудыг хувьчлан, колоничилсон нь”. Нэрнээс нь дүгнэхэд л тэрбээр эх орондоо болж буй засаглалын хямрал, нийгмийн ухралтыг улс төрийн намаас эхлэлтэй гэж үзсэн нь тодорхой болно. Профессор Клима төдийгүй дэлхий даяар эрдэмтэд ардчилсан тогтолцооны ялзрал улс төрийн намаас эхлэлтэй гэсэн нэгдмэл байр суурьт хүрээд байгаа. Тийм ч учраас сүүлийн 20 жилийн хугацаанд нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаанд улс төрийн нам болон түүнтэй холбогдох судалгаа томоохон байр суурь эзлэх болсон юм.

Нэг чулуунд бүдрэгсэд

Бүгд найрамдах Чех Улс Монгол Улсын хувьд “гаднын” гэж төдийлөн тооцогдоод байдаггүй цөөхөн орны нэг. Туулсан замнал, тулгарсан зовлонгоороо ижилсдэг хүний зарчим улс орнуудын хувьд ч ялгаагүй учраас тэр. 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосноороо БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн долоо дахь улс болсон Чехословактай улс төр, эдийн засаг, худалдаа, соёлын өргөн харилцаатай явсаар ирсэн түүхтэй. НҮБ-д бүртгэлгүй, тусгаар тогтнолоо албан ёсоор баталгаажуулаагүй байхад тэд биднийг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. ЗХУ задарч, ардчиллын гурав дахь давалгаа дэлхийг нөмрөн авахад ч тэд бидний адилаар “пост коммунист” гэсэн овогтой болж, ямар ч ул суурьтай судалгаа, зорилго, чиглэлгүйгээр зах зээлийн эдийн засагт төр нийгмийн хамт татагдан орсон. Биднийг дөрөв дэх Үндсэн хуулиа баталснаас нэг жилийн дараа Чехословак хоёр хуваагдаж, Чех Улс тусгаар тогтнолоо зарласан байдаг. Социалист хөрсөн дээр ардчиллын үрийг арчилгаагүй булсныхаа горыг пост коммунист орнууд хаа сайгүй амсаж яваа ч тэр дундаа Монгол, Чех хоёр улсын зовлон бараг л ихэр гэмээр. Нийгмийн шилжилтийн үе гэсэн томъёоллоор бухимдал нь дээд цэгтээ хүрсэн нийгмийг тайвшруулах оролдлого, хоёр намын систем, өмч хувьчлалын шударга бус хуваарилалт, 1990-ээд оноос хойш хөлжсөн улстөрчид гээд маш олон элементээрээ пост коммунист орнууд ерөнхийдөө ижилсдэг.
Ардчилсан тогтолцоо пост коммунист хөрсөнд нэвтрэхдээ улс төрийн намуудыг клиенталист эмгэгтэй болгосныг профессор Клима онцолсон нь Монгол Улсын жишээн дээр яв цав таарч байна. Клиентализм гэдэг нь энгийнээр бол төр нийгэмтэй үйлчлэгч үйлчлүүлэгчийн харилцаа үүсгэхээ болиод эдийн засгийн гол тоглогчидтой харилцан үйлчлүүлэгчийн шинжтэй харилцаатай болохыг хэлдэг. Бүдүүлгээр хэлбэл намуудыг сонгуульд ялалт байгуулж, цар хүрээгээ тэлэхэд бизнесийнхэн далд маягаар бизнесийн дэмжлэг үзүүлж, хариуд нь өөрсөддөө ашигтай шийдвэр гаргах, хууль батлуулах зэргээр “харилцан ашигтай” наймаа хийдэг гэсэн үг. Логикийн дагуу үүсч буй эхний гаргалгаа бол нийгэмд үйлчлэх субьект үгүй болж, нийгмийн ашиг сонирхол орхигдож эхэлнэ. Хоёрдугаарт, улс төрийн нам бизнесийн бүлэглэлүүдтэй харилцан түншийн чиг үүрэгтэй харилцсанаар үндсэн чиг үүргээсээ хазайж, өвөрмөц бизнесийн байгууллага болон хувирч байна.
Клиентализм амжилт олсон шалтгаан бол социалист орнуудад том хэмжээтэй нэг намын тогтолцоо, соёл тухайн нийгэмд хүчтэй төлөвшсөн байдагтай холбоотой. Улс орон даяар нам хэмээх байгууллагыг олон гишүүнтэй байх ёстой, гишүүд нь төрийн алба хашдаг гэсэн хэвшмэл ойлголттой байдаг. Энэ нь улс төрийн намуудыг массын шинжтэй, төрийн албыг нүсэр хэмжээтэй байлгахад хөшүүрэг болно. Нам олон гишүүнтэй байх тусам сонгуульд ялах магадлал нь ихэсч, тэр хэрээрээ “хувьчлагдах аюул” нэртэй завшаанд өртөх нь түгээмэл аж. Санхүүгийн далд эх сурвалжууд намын удирдлагыг дээрээс нь хувьчилж, доороос нь гишүүдээ ажлын байраар хангах, цалинжуулах замаар колоничилно. Ийм үед иргэний нийгмийн байгууллагууд ажиллах боломж байтугай сонгууль шударга явагдах аргагүй. Тогтвортой орлогын эх үүсвэрээр “тэжээдэг” гишүүдийн тоогоороо саналын олонхийг авах хүчин чадал сайтай байгууллагууд л сонгуульд ялалт байгуулж, төрийн эрх мэдлийг авах, цаашлаад өөрсдийн бий болгосон нүсэр төрийн албыг орон тоогоор нь хангах чадамжтай байна. Чех Улсын тухайд социалист нийгмийн үед улс орон даяар салбартай байсан хоршоог хувьчлаад, гишүүнчлэлийг нь намын системээр зарчихсан юм билээ.
Гурван сая иргэнтэй Монголд л гэхэд тус бүр 150 мянга гаруй гишүүнтэй МАН, АН хоёроос өөр нам ялалт байгуулбал тоо нь 200 мянгад дөхдөг төрийн албыг дүүргэхэд хүндрэлтэй тулгарах магадлалтай юм. Эндээс сонгуулийн дараах нийтээр нь хоморголон халах явдал гэгч үзэгдлийн тайлбар харагдаж байгаа болов уу. Гэтэл төрийн албаны тогтворгүй байдал улс орны аюулгүй байдалд шууд байдлаар нөлөөлөх өндөр ач холбогдолтой. Дээр дурдсан бүхий л үйл явдал ёс суртахуун, улс төрийн зарчмаас ангид байгааг уншигч та анзаарсан биз. Нийгэм, ард түмэн улстөрчдийн, намын гишүүдийн боддогоос хавьгүй сийрэг ухаантай учраас төр, нийгмийн харилцааг ёс суртахуунтай явуулахыг шаардаж, бас тэмцдэг. Чехэд ч тэр, Монголд ч тэр тэмцээд эхэлчихснийг олзуурхах хэрэгтэй.
Өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдийг сонгохгүй гэж “Цагаан хуудас” хөдөлгөөн өрнөөд багагүй дэмжлэг авч, бүр дахин сонгууль явуулахад тун дөхсөн. Чех Улсад 2010, 2013 онуудад сонгуулиар ард иргэд нь маш сонирхолтой аргаар тэмцсэнийг товчхон сонирхуулъя. Чехэд сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорционал системээр явуулдаг. Дээр дурдсан хоёр сонгуулиар Чехийн иргэд намын жагсаалтуудаас хамгийн доогуур бичигдсэн гишүүдийг дугуйлсан аж. Арга ч үгүй биз, Чехэд сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан нам нь өмнөх эрх баригч, цөөнх болсон намтайгаа хамтарч “Эвслийн Засгийн газар” байгуулж сонгогчдоо доромжилсон удаатай. Монголд тэгтлээ цагаандаа гарах цаг нь арай болоогүй, гэхдээ тийм гамшиг тохиолдохыг үгүйсгэхгүй. Харин том намуудын дэмжлэг, иргэдийн итгэл агаарт хөөс шиг замхарсан энэ цаг үед улс төрийн тавцанд шинэ тоглогчид амжилт олох нь гарцаагүй. Дэлхий даяар шинэхэн улс төрийн хүчнүүд, залуу бөгөөд чадварлаг улстөрчид төрийн эрхийг авч байгаа тохиолдол нэмэгдсээр, нэг нэгэнгүй тоочиход хүндрэл учрахаар болчихсон байна шүү дээ.

ИРЭЭДҮЙ ХАРЬЦАНГУЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА, ГЭХДЭЭ

Харамсалтай нь, муу муухай зүйлсийн бодит жишээ болчихсон байгаагаа хүлээн зөвшөөрөхөд хүртэл хугацаа шаардлагатай. Европ тивд пост коммунист орнууд дунд Чех ардчиллын гажуудал, нийгмийн доройтлоороо толгой цохиж байхад Азид монголчууд та бид дэлхий дахинд уг асуудлаар эрдэмтдийн судалгааны сэдэв, бас жишээ болчихоод байна. Эндээс түгшүүрийн дохио улам чангарч, хаа нэгтээгээс дөтлөсөөр айсуй нь мэдрэгдэнэ. Гэтэл үүнийг шийдвэрлэх эрх, үүрэг хүлээсэн эрх баригчдаас гарц, шийдэл хүлээхээ байя гэхэд ачааны хүндийг үүрч яваа, анхаарлаа дээд зэргээр хандуулах ёстой дунд давхарга анир чимээгүй. Клиенталист намуудын цар хүрээ тэлж, нөлөөлөл нь улам хүчирхэгжсээр л.
Ямартай ч өнөөгийн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаа хүн олно гэдэг “өдрийн од” олж харахын дайтай үзэгдэл. Нийгэм дэх ядуурлын төвшин, Засгийн газрын өр зээл болон татварын хэмжээнээс өөр тогтвортой нэмэгдэж буй үзүүлэлт ховор агаад энэ бүхний угтвар нөхцөл болоод шууд үр дагавраар нэрлэгдэх авлигын хамгийн хүнд хэлбэр болох системийн авлигаар Монгол Улс өвчлөөд байгаа билээ. Төрийн эрх баригчид, томоохон бизнес эрхлэгчдийн хоорондын холбоо нягтрахын хэрээр Монголын нийгмийн бүхий л харилцаа бурангуй, ялзарсан зарчмаар явагдах нь ихэсч, нийгмийн дундаж давхарга хавчигдсаар, ядуусын эгнээ эрчимтэй тэлсээр. Үүн дээр нэмэгдээд улс төрд популизм, хэт үндсэрхэг үзэл зэрэг сөрөг үзэгдэл газар авч байгааг та бид нотолсоор байгаа биш гэж үү. Энэ бол нийгмийн хананд тулж ирээд, салж унах дөхсөн хаалгыг нь балбасаар байгаа мөхлийн аюул юм.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих