Цэргийн госпитал, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ханиадтай хүүхдүүдийг эмчлэх боломжтой гэв
С.САРУУЛ
Хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж тус эмнэлгүүдээр үйлчлүүлж байгаа томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүүхдүүдийн эцэг эх болон, ням гаригт ажиллаж байгаа жижүүрийн эмч нартай уулзжээ.
Дүүргүүдийн хүүхдийн эмнэлэгт өдөрт дунджаар 200-300 орчим хүүхэд хандаж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзсэн 10-20 хүүхдийг л хүлээн авч, бусдыг нь гэрээр эмчлүүлэхээр буцааж байгаа гэнэ. Мөн Баянгол, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт үүдний коридорт 1-2 хоног хэвтүүлэн, эмчилж байгаад ор гарахаар тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байгаа талаар эмч мэргэжилтнүүд танилцуулжээ. Амралтын өдрөөр дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг, мэргэшсэн хүүхдийн эмчийн хүрэлцээ хангалтгүй зэргээс шалтгаалан эмчид үзүүлэх дараалал хүлээсээр 3 цаг болж байна хэмээн эцэг эхчүүд ярьж байна. Хүүхдүүдийг нэг өрөөнд олноор сахиурын хамт хэвтүүлсэн буюу өрөөндөө 10-14 хүн байгаа хэдий ч зориулалтын агааржуулагчгүй, эмнэлгийн үүдний хонгилд хаалганы салхинд суун хүүхдээ үзүүлэхээр удаан хугацаагаар хүлээх зэрэг нь халдвар дамжих, халуунтай хүүхдийн өвчин хүндрэхэд нөлөөлж байгааг эмч нар хэлжээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхэд хүлээн авдаг эмнэлгүүдийн орны тоо 870 орчим, ачаалал ихэссэн үед 200 орчим эвхдэг ор нэмж тавин өвчтөн хүлээн авдаг ч ханиад томуу ихэссэн оргил ачааллын үед үүнээс хоёр дахин илүү тооны хүүхдийг хэвтүүлэн эмчлэх шаардлага тулгардаг байна. Тэгэхээр энэхүү оргил ачааллын үед буюу цаг агаар хүйтэрч ханиад томуу ихэссэн үед 1600-1700 хүүхэд хүлээн авч хэвтүүлэн эмчлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2017.12.24/ хүүхдийн эмнэлгүүдэд ажиллах явцдаа Цэргийн госпитал буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр орж тус эмнэлгүүдэд өвлийн улиралд томуу, томуу төст өвчний тархалтын үед хүүхэд хүлээн авах боломж байгаа эсэхийг ярилцлаа. Цэргийн госпиталын хувьд 70 орчим сул ор байгаа, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд 240 өвчтөнийг нэгэн зэрэг хэвтүүлэн эмчлэх боломжтой юм байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: