МАН гурав тасарч гүрвэлийн дайд үлдэх цаг айсуй
МАН-ын шинэ даргаар У.Хүрэлсүх сонгогдоод нэг сарын нүүр үзэж байна. Намын генсекээр Д.Амарбаясгалан ч улиран сонгодлоо. Төд удалгүй УИХ-ын гишүүн С.Батболдын оффшор дэлгэгдэв. Мөн Ерөнхий сайд асан С.Баярын хуумгай асуудлууд шил шилээ даран ил болох нь тэр. Гэнэтийн мэт үйл явдлууд МАН өнөөдөр эс ч гэлээ нэг биш нижгээд болж бутрахын дохио гэлтэй.
100 шахам жилийн түүхтэй энэ намд өмнө нь ийм үйл явдал өрнөж байсангүй. Тэр дундаа эрх барьж байх хугацаандаа Засгийн газраа өөрсдийн гараар боомилж байсан түүх ховор. Тийм атал энэ цаг үетэй давхцан намын лидерүүдийнх нь хүзүүнд олс зүүж, хэт чангалахын учиг юув. Цаазын ял байдагсан бол бараг л аваад залрах нь ээ.
МАН хүний нөөц сайтай ч лидер цөөтэй. Шулуухан хэлэхэд, АН-ынхан шиг ил гараагүй ч далд хэлбэрээр ноёрхлоо тогтоож байдаг хэдэн фракцийн нь эздийг нэрлэхэд хангалттай. Тухайлбал, Н.Багабанди, М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх. Мөн Сү.Батболд, цаашлаад Ц.Нямдоржийг нэрлэхээс хэтрэхгүй. Хотын фракцийн удирдагч М.Энхболдын хувьд чимээгүйхэн ар, өврөө цэвэрлэж байхаас өөр аргагүй нөхцөл байдал бий болчихоод байгаа. Хэдийгээр шоконд орж, согтолтын хэмжээгээ дарж дийлэхгүй байсан намаа бүдүүн бүлэг болтол гаргаж ирсэн ч түүнд гавьяат өгсөнгүй. Харин ч Ерөнхийлөгчийн сонгуулиар өвдөг шороодсон нь хотын газрыг ховх сорсны балаг гэх байдлаар хар бараан амьдралыг нь нээх шалтгаан болсон гэхэд болно.
Н.Багабандийн хувьд Төрийн тэргүүний сэнтийгээ өгч “Оюутолгой”-гоос чимээгүйхэн ховдоглож, харийн хүнд “хайр”-аа илчилсэн нь илэрчихээд байгаа. Тэр ил гарах тусмаа олон нийтийн төдийгүй намынхныхаа уур ундуйцлыг хүргэж, хараалыг иднэ. Тиймээс урьдын адил чимээгүй байх тусам өлзийтэй биз.
У.Хүрэлсүхийн тухайд “Зүүний хүчний холбоо” гэх фракцийнхаа буянаар айлгаж, сандарган байж, дээр нь хүний намаас сунгасан тусламжийн гараас зууран хүссэндээ хүрчихсэн. Хэрэв тэр өнөөгийн суудалдаа суугаагүй бол шинэ нам мэндлэх байсныг хэн хүнгүй хэлнэ. Ингэсээр эцэст нь эл намд үлдсэн хоёр лидер нь С.Батболд, С.Баяр нар гэж намынхан нь шивнэлдэж байв. Үг дуу цөөтэй тэр бүр олны нүдэнд өртөөд байдаггүй Сү.Батболд Ерөнхий сайд асан С.Баярын залгамж халаа болж үлдэж байснаар нь олон хүн андахгүй. Энхийн цагт тагтаа мэт харагдаж байгаагүй ч хэрээний дайтай үзэгддэггүй С.Батболдыг ойрын өдрүүдэд өрнөсөн үйл явдлын дараа намынхан нь хүлээн зөвшөөрнө гэдэг амаргүй алхам. Уг нь энэ удаагийн сонгуулиар намаа удирдан сонгуульд орж ялалт байгуулсан С.Баярын хувьд ч үүх түүх нь энэ хүрээд өндөрлөлөө гэлтэй.
Гэхдээ энэ бүхэн гэнэтийн үйл явдал уу, эсвэл… МАН-ыг мангар болгож, олон нийтийн өмнө удирдагчгүй, толгойгүй харагдуулах нь хэнд ашигтай вэ. Мэдээж АН-д. Гол нь АН-д байгаа толгойтой болгон үүнийг хүсэж байвч хийж, бүр ийм нарийн зохион байгуулалт, дэс дараалалтай зохиомжилж дөнгөхгүй. Тиймээс өнөөгийн өндөрлөгт суугаа эрхмийг хардах нь бий.
Үнэхээр “цензургүй”-гийн цаана Төрийн тэргүүн далдлагдаж, санаагаа хэрэгжүүлдэг гэх яриа түгээмэл. С.Баяр, Сү.Батболдын нарын “хэрэг”-ийг ч үүнтэй холбон тайлбарлах нь бий. Ухнаагийн хүүг дээш гаргаж ирэх сценарийг төвөггүйхэн бичсэн түүнд МАН-ыг самрах ажиллагааг сийрүүлэхэд тийм ч төвөгтэй байгаагүй биз.
МАН 2012 оны сонгуулийн өмнө МАН ба МАХН гэж хуваагдсан. Энэ хуваагдлын дараахь МАН үндэсний хэмжээний намын байр сууриа алдаагүй нь үнэн. С.Баяр үнэн хэлжээ. Харин МАН одоо дахиад хуваагдвал жинхэнэ гүрвэлийн дайтай л үлдэнэ.
Ах нар аавын хаалга татахтай зэрэгцэн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гэхчлэн цөстэй залуучууд хэнгэрэг дэлдэнэ.
Үргэлжлэлийг
Нийгмийн шуудан сониноос
URL: