Оюутолгойд хятадын хэчнээн хоригдол ажиллаж байна вэ, дарга нараа

Энэ сарын дундуур Английн Express.co.uk хэмээх мэдээллийн сайт ирэх жил Лондонд болох зуны олимпийн бэлтгэл ажлын талаархи нэгэн шүүмж мэдээлэл нийтлэгдсэн нь ихээхэн сонирхол татлаа. Чухамдаа олимпийн бэлтгэл ажлын явц бус үүнтэй холбогдсон Оюутолгойд хятад хоригдлууд ажиллуулдаг гэх ноцтой мэдээлэл энд дурдагдсан байна.

Монголд болж өрнөж буй нууц бүхнийг бид гадны хэвлэл мэдээллээс мэдэж гайхширдаг цаг ирсэн нь үнэн бололтой. Энэхүү Express.co.uk сайтад нийтлэгдсэн  материалын агуулгыг дор сийрүүлье.

… Лондонгийн олимпийг зохион байгуулах хороо Их Британийн өндөр чанар, стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олимпод зориулна гэсэн амлалтдаа хүрэхгүй байна. Олимпийн ажилтнуудын хувцас хэрэглэлийг Лондоны олимпийн албан ёсны түнш германы Adidas фирмээс нийлүүлэхийн хажуугаар Хятад, Индонезид хямд зардлаар ихээхэн хэмжээний хувцас хэрэглэл захиалгаар хийлгэж байгаа нь тодорхой болсон. Богино ханцуйтай цамц, богино өмд, өмд, гутал, бэлэг дурсгалын зүйлс, тоглоом, алчуур зэрэг эд зүйлсийг Индонез, Хятадаас гадна Пакистан, Турк улсуудад захиалгаар хийлгэж байна.

Үүгээр ч зогсохгүй Лондоны олимпийн алтан медальтай холбоотой шуугиан дэгдээд байна. Монгол Улсын өмнийн говь Оюутолгойн уурхайгаас олборлосон алтаар олимпийн аваргуудын цээжинд гялалзах медалийг бүрэхээр болсон билээ. Гэтэл Оюутолгой уурхайд үйл ажиллагаа явуулагч Рио Тинто хятад улсын шоронгийн хоригдлуудыг тус уурхайд үнэгүй ажиллуулж байна. Хятадын хөлсгүй ажилчид болох хоригдлуудын гараар олборлосон алтаар Лондоны олимпийг зохион байгуулах хороо медалиа бүрэх гэж байна гэх мэтчилэн энэ мэдээлэлд дурджээ.

Мөн усаар дутмаг өргөн уудам говь нутагт Рио Тинто олборлолт хийхдээ мал сүргийн ундны усыг их хэмжээгээр ашиглаж байна хэмээн тус мэдээлэлд дурджээ.

Энэхүү мэдээллээс харахад Оюутолгойд хятад ажилчид бус үнэ хөлсгүй хятадын хоригдлууд ажилладаг болох нь тодорхой. Албан бус тоогоор 6000 гаруй хятад ажилчид тэнд бий гэх ч чухам хэд болохыг манай төр засаг ч мэдэхгүй. Хятад байтугай монгол ажилчдын тоо ч зөрүүтэй мэдээлэгддэг.

130 гаруй жилийн үйл ажиллаагааны түүхтэй Рио Тинтогийн залийг монголчууд бид барж дийлэхгүй бололтой. Монголын улстөрчид бүү шуналт гэж ирээд л гадаадын хэвлэлд ярилцлага өгч бидний боловсрол мэдлэгээр даажигнадаг, цаагуураа ард түмнийг минь бүү шуналт хэмээн тохуурхдаг Рио Тинтогийн эзэд хятадуудтай гэрээ байгуулж хоригдлууд авчирч ажиллуулж байгаа болж таарлаа.

Цэрэгжсэн харуул хамгаалалттай, уурхай гэхээс илүү наашлуулж хэлвэл хятад ажилчдын хуаран, цаашлуулвал шорон гэмээр тэр газарт чухам юу болж буй нь нууц. Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны амыг мөнгөөр барьж, элдэв янзын нийгмийн чанартай рекламуудаар монголчуудын тархийг угааж, улстөрчдийнх нь халаасыг дүүргэчихээд хашааныхаа дотор дураараа дургиж байгаа бололтой.

Урд хөршөөс манай улс руу визтэй зорчдог. Оюутолгойн хувьд визгүй зорчих газар болж хувирсан бололтой.

Үнэхээр л Рио Тинто манай улсын газар нутагт хятадын хэдэн мянган хоригдлуудаар үнэгүй ажлаа хийлгэж байгаа юм бол эрхбиш төрт улс байна энэ талаар мэдэж л байх учиртай.

Эцэст нь гадны хэвлэлээс олж уншвал уншиг гээд бас л ард түмнээсээ нууж явсан юмуу.

Хүн төрөлхтний түүхэнд колоничлолыг дотор хаанчлалын, шашны, газар нутгийн хэмээн ангилан үзэж байсан бол өнөөдөр тив дамнасан үйл ажиллагаа явуулдаг компаниуд жижиг, буурай улсуудыг “колончилон” түрэмгийлэх шинэ хэлбэр бий болсон нь нууц биш болжээ. Үүний нэг жишээ бол РиоТинто хэмээх “баялгийн төлөөх” үндэстэн дамнасан компанийн хийж буй үйлдэл мөн юм. Латин Америк, Африкийн орнуудыг хэрхэн баялгаар нь тоглож эрх мэдэлдээ оруулсан арвин туршлагыг тэд 130 жил хуримтлуулсаны эцэст манай улсад орж иржээ.

ShuuD.mn


URL:

Сэтгэгдэл бичих